НИЙГЭМЯрилцлага

С.Сарантуяа: Хүүхдүүд зургаар айдас түгшүүрээ илэрхийлдэг ч ээж, аав нь хориглож, мэдрэмжийг нь түгждэг

Жил гаран хугацаанд хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэг хаасны үр дүнд юу болсон бэ? Магадгүй ковид-19 халдварын хүчтэй тархалтаас манай улс иргэдээ тодорхой хэмжээнд хамгаалж чадсан байх. Гэхдээ хоосон тоглоомын талбай, хаалттай цэцэрлэг, сургуулиуд өөр нэг түүхийг өгүүлэх шиг. Үр хойчийнхоо биеийг нь халдвараас хол байлгаж чадсан гэж бодоход сэтгэл зүйн дархлааг манай улс аварч үлдэж чадсан болов уу?

Хөл хориотой холбоотой хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал сүүлийн үед чухал асуудал болоод байна. Тэгвэл энэ үед эцэг, эхчүүд юун дээр анхаарах хэрэгтэйг бид багш, сэтгэл судлаач, хүүхдийн урлагийн сэтгэл засалч Сүхбатын Сарантуяатай уулзан ярилцлаа. Тэрбээр боловсролын салбарт 20 орчим жил, харин хүүхдийн урлагийн сэтгэл засалчаар жил гаруй хугацаанд ажиллаж байгаа юм.

-Сайн байна уу. Та хүүхдийн урлагийн сэтгэл засал буюу арт терапийн талаар мэдээлэл өгөөч?

-Хүүхдийн урлагийн сэтгэл засал гэдэг нь урлагийн төрлөөр дамжуулан хүүхдийн мэдрэмж дээр ажиллаж, сэтгэл зүйн асуудлуудыг нь шийдэж өгдөг зүйл юм. Хүний ихэнх зан араншин бага насанд түлхүү төлөвшдөг болохоор арт терапи дотроо хүүхдийн урлагийн сэтгэл засал нь онцгой ач холбогдолтойд тооцогддог. 

Арт терапи 1900-аад оны үед Австри улсад анх үүссэн. Ер нь Европын орнуудад түлхүү хөгжсөн байдаг. Харин Монголд орж ирээд арваад жил л болж байна. Миний хувьд энэ чиглэлээр 2020 онд мэргэшсэн. Одоо үндсэн мэргэжлийнхээ хажуугаар энэ талаар давхар судалж, ажилладаг. 

-Үүний гол онцлог нь юу вэ?

-Хүн болгон өөр өөрийн гэсэн зорилготой төрдөг. Харин тэр бүх зорилгын цаад мөн чанар нь бүтээхэд оршдог гэж миний хувьд хардаг. Жишээлбэл, өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр хүнийг хийж буй бүтээлээр нь л үнэлдэг шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтөнд бүтээлч чанар зайлшгүй хэрэгтэй. Харин урлагийн сэтгэл засал нь хүний тэдгээр бүтээлч чанарыг нээж, тасралтгүй хөгжүүлдэг ач холбогдолтой. Мөн дээр хэлсэнчлэн хүний гол шинж чанар бүрэлдэн тогтоход нөлөөлдгөөрөө хүүхдийн урлагийн сэтгэл засал ихээхэн онцлогтой.

-Урлагаар дамжуулан хүүхдийн ямар байдлыг засаж, чиглүүлэх боломжтой вэ?

-Хүүхдэд төрдөг бүх сөрөг мэдрэмж, асуудлыг урлагаар эмчлэх боломжтой. Олон төрлийн эмээр өвчнийг эдгээдэгтэй адил хүүхдийн сэтгэл зүйг урлагийн өөр өөр төрлийг ашиглан эмчлэх боломжтой гэх үү дээ. Тухайлбал, тэдний аймхай, цочимтгой, ичимхий, уур уцаартай, сэтгэл хөдлөл нь тогтворгүй гэх мэт байдлыг дүрслэх урлагийн төрлүүдээр дамжуулан эерэгээр өөрчлөх боломж бүрэн бий. Сэтгэл засах оролдлогыг бид дуу, дүрслэх урлаг, хөгжим, үлгэрээр дамжуулан хийдэг. Ингэхдээ тухайн хүүхдэд урлагийн боловсрол олгонгоо тэдэнд хэрхэн дотоод сэтгэл хөдлөлөө нээн илэрхийлэхийг зааж өгдөг. 

-Арт терапи ойролцоогоор хэр удаан хугацааны дараа үр дүнгээ өгдөг вэ?

-Хүн болгоны асуудал өөр өөр байдаг. Тийм ч учраас нэг эм бичүүлэхэд эмнэлгээс тэд хоногийн дараа эдгэрнэ гэдэг шиг сэтгэл заслаар ийм хугацааны дараа зүгээр болно гэж амлах боломжгүй. Гэхдээ дунджаар гурваас таван удаагийн уулзалтаар буюу 6-10 цагийн ганцаарчилсан хэлбэрээр хүүхэдтэй харьцахад тэдэнд нааштай өөрчлөлтүүд гарч ирдэг. Нөгөө талаас хүүхэд амьдралын туршлага багатай учир асуудлууд нь харьцангуй нимгэн байх нь элбэг. Тиймээс сайн үр дүнг тэднээс богино хугацаанд харах боломжтой.

БАГА НАСАНДАА ГЭР БҮЛТЭЙГЭЭ ДОТНО ӨССӨН ХҮҮХЭД ӨСВӨР НАСНЫ СИНДРОМЫГ ХӨНГӨН ДАВЖ ЧАДДАГ

-Хүүхдийн насны ялгаа сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлдөг вэ? Эцэг эхчүүд юун дээр анхаарвал зохих вэ?

-Хүний хөгжилд насны үечлэл гэж бий. Сурган хүмүүжүүлэгчдийн үздэгээр хүний зан чанар хөгжиж төлөвших хугацаа бол 0-5 нас. Тэгэхээр эцэг, эхчүүд энэ насанд нь хүүхэдтэйгээ тулж ажиллах хэрэгтэй. Ер нь 0-8 насанд хүүхэдтэйгээр аль болох ойр дотно харилцах хэрэгтэй байдаг. Гэхдээ ойр гэдэг нь зөвхөн хамт байхыг хэлэхгүй. Эцэг, эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа бол жаахан юм чинь юу мэдэх вэ гээд өмнүүр нь ороод шийдвэр гаргаад байдаг. Ингэ, тэг гэх үүргийг л өгөөд байдгаас чамд ямар санагдаж байна, таалагдаж байна уу гэж огт асуудаггүй. Ингээд хүүхдэдээ юу болж байгааг огт анзаарахгүй явсаар өсвөр насны синдром буюу 15 насанд хүрэхэд нь гэнэт маш их анхаарал тавьж эхэлдэг. Гэтэл 0-8 насанд нь мэдрэмжийг нь хөгжүүлэх асуудал дээр тэд хэдийн алдсан байдаг.

Эцэг, эхчүүд “Хүүхэд хүмүүжүүлэх хэцүү, асуудал ихтэй юм” гэж их хэлдэг. Яг зөвлөгөө өгөөд харилцаад үзэхэд тухайн хүн өөрийгөө ямар байгааг анзаарахгүй ихэвчлэн хүүхдээ өөрчлөх гээд хичээгээд байсан явдал дийлэнхэд нь гардаг. Эцэг, эх нэг ёсондоо хүүхдийнхээ зохиогч нь болдог учир өөрсдийнхөө хандлагад илүүтэй анхаарах хэрэгтэй. Мөн хүүхдэдээ үгээ хэлэх, өөрийнхөөрөө сэтгэж, мэдрэмжээ илэрхийлэх боломжийг аль болох олгох нь зүйтэй юм.

-Тэгэхээр хүний сэтгэл зүйд гарч буй асуудал ихэвчлэн бага наснаас үүдэлтэй байдаг гэсэн үг үү?

-Яг тийм. Хүний өссөн орчин, байр байдал сэтгэл зүйд нь хамгийн тод мэдрэмжийг үлдээсэн байдаг. Хүүхэдтэйгээ багад нь ямар харилцаа үүсгэнэ тэр нь ирээдүйд нь нөлөөлдөг. Тухайлбал, бага насандаа гэр бүлтэйгээ дотно өссөн хүүхдүүд өсвөр насны хямралыг хөнгөн давж чаддаг. Энд мөн ээжийн оролцоо онцгой чухал. Хүүхэд 0-12 насанд ээжийнхээ энергийг хуваалцаж байдаг учир энэ үедээ тэд ээжээсээ сэтгэл зүйн хувьд маш их хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл ээж хүн сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй, дархлаатай байх нь хүүхдийн эрт биеэ даах, сэтгэл зүйн хувьд эрүүл байхтай шууд холбоотой. 

-Бага насны хүүхэдтэйгээ урлагаар дамжуулан хэрхэн дотносох боломжтой вэ?

-Микеланджело нэгэнтээ “Хүүхэд болгон зураач төрдөг хамгийн гол нь том болоод хэн болох нь өөрийнх нь сонголт” гэж хэлсэн байдаг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр хүний урлагийн талын бүтээлч сэтгэлгээ бага насанд өндөр байдаг гэсэн үг. 

Тийм ч учраас зураг нь бүх насны хүүхдэд тохиромжтой байдаг. Тэд зурах үедээ өөрийн үзэл бодол, мэдрэмжээ хамгийн сайн тусгаж өгдөг учир урлагийн сэтгэл засалч нар дүрслэх урлагийг түлхүү ашиглах нь бий. Хаа хамаагүй эрээчиж, цаасаа урж, тастаж буй нь ч хүүхэд өөрийн асуудал, айдас түгшүүрээ урлагаар дамжуулан гаргаж харуулж буй хэлбэр юм. Гэтэл ээж, аавууд үүнийг нь ойлгохгүй хориглосноор хүүхэд мэдрэмжээ түгжиж орхидог.

Жишээлбэл, би саяхан сэтгэл засал хийж байсан долоон настай охиноосоо “айсан үедээ чи яадаг вэ?” гэж асуухад тэр хүүхэд бөөр нь хатуурдаг гэж надад хариулсан. “Тэгвэл үедээ яадаг вэ” гэхэд харин тэр “Ихэвчлэн би тэвчдэг. Ээждээ хэлбэл тэр уйлдаг” гэж хэлж байгаа юм. Ингээд харахаар хүүхэд бүрийн мэдрэмжээ илэрхийлэх хэлбэр өөр байдаг. Мэдрэмжийг нь алдалгүй сонсох, хүлээж аваагүйгээс эцэг, эхчүүд өөрсдөө ч мэдэлгүй хүүхдийнхээ мэдрэмжээ нуух шалтгаан болсон байх нь харамсалтай.

Ингэхийн оронд эцэг, эхчүүд уран зураг баримлын шавраар хүүхдийнхээ мөрөөдөл, дуртай, дургүй зүйлийг хамтдаа бүтээж, тэр талаар нь ярилцаад нэг үзэх хэрэгтэй. Хүүхэд ихэвчлэн бидний төсөөлж ч байгаагүй зүйлийн зурж, дүрсэлдэг. Магадгүй ингэснээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ талаар өмнө нь огт мэдээгүй зүйлсийг ч олж харж мэдэх юм.

“ӨДӨРТ 20 СЕКУНД ТЭВРЭЭД, 20 МИНУТ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, АСУУДЛЫНХ НЬ ТАЛААР ЯРИЛЦААД ҮЗЭЭРЭЙ”

-Урлагийн сэтгэл засалчийн арга хэрэгслээр эцэг, эх өөрсдөө хүүхэдтэйгээ ажиллах боломжтой юу?

-Урлаг дотор ихэвчлэн зурах, баримлын шавар ашиглах нь хүүхдийн юу бодож явдаг, дотоод сэтгэхүйг харуулж чаддаг. Мөн олон улсын сэтгэл засалд митафор буюу дүрслэл, дүрс зургийн карт ашиглах нь элбэг. Миний хувьд өөрийн хийсэн ийм картыг ашигладаг бөгөөд одоо олшруулахаар хэвлэлтэд өгсөн. Үүгээр надтай ижил ажил мэргэжилтэй хүмүүс ашиглан арга зүйгээ баяжуулж болно.

Эцэг, эхчүүд ч үүнийг хэрэглэх боломжтой. Мэдээж мэргэжлийн хүн шиг үр дүнд хүрэхгүй ч анхан шатны төвшинд хүүхэдтэйгээ зургаас юу харснаа ярилцах зуураа холбоотой дурсамжаа ярилцах байдлаар мэдрэмжийг нь хуваалцаж болно шүү дээ. 

-Митафор карт хүүхдийн сэтгэл зүйг ойлгоход ямар үр дүнтэй вэ?

-Энэ карт нь хүүхдийн сэтгэл зүйд ямар асуудал байгааг анхан шатны байдлаар оношлох хэрэгсэл юм. Тухайн хүүхэд айдас дээрээ, эсвэл гомдол дээрээ төвлөрсөн үү. Сөрөг болон эерэг мэдрэмжийнхээ алин дээр илүү анхаарч байна гэдгийг харна. Үүний дараа тэдний аль сэтгэл хөдлөл дээр илүү ажиллах ёстой нь тодорхой болдог. Эцэг, эхчүүд ч үүнийг ашиглахад гэмгүй.

-Жил гаруй хугацаанд хөл хорионд байснаас шалтгаалан хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал сүүлийн үед их яригдаж байна. Энэ талаар та юу гэж харж байна?

-Хоёр жил онлайн байдлаар хичээллэснээр хүүхдүүд ганцаардмал, уур бухимдалтай, өөртөө итгэлгүй, идэвхгүй харилцагчид болж хувирсан байна. Энэ нөхцөлд урлагийн хүүхдийн сэтгэл засалчийн ч, эцэг эхчүүдийн ч хийх ажил маш их бий.

Одоо утасны хэрэглээ ихсэж, амьгүй харилцаа давамгайлах болж. Харин нийгэм ийм байх тусам эцэг эхчүүд хүүхдэдээ аль болох цаг гаргахыг хичээх хэрэгтэй. Ядаж өдөрт 20 секунд тэврээд, 20 минут хүсэл мөрөөдөл, асуудлынх нь талаар ярилцаад үз. Нүд рүү нь хараад ярилцах хэдхэн минут хүүхдийн хувьд маш үнэ цэнэтэй.

Ихэнх хүмүүс үүнийг мэддэг хирнээ хийдэггүй. Цахим орчин их стресс үүсгэж байгаа энэ үед албаар сүлжээгүй газар руу явж гэх бүлээрээ амрах зэргээр аль болох хоорондын харилцаа, хүүхдийнхээ сэтгэл зүйд хөрөнгө оруулалт хийх үйлдлүүдийг эцэг, эхчүүд туршаад үзээсэй гэж миний хувьд хүсэж байна.

ХҮҮХДИЙНХЭЭ ХАЖУУД НЭГНЭЭСЭЭ УУЧЛАЛ ГУЙЖ, ЭВЛЭРЧ БУЙГАА ХАРУУЛАХ НЬ ЗӨВ. ТЭД Ч БАС ИРЭЭДҮЙД ЭЦЭГ ЭХ БОЛНО

-Хөл хорионы үед та хүүхдүүдтэй ажилласан уу?

-Онлайнаар ажиллаж болох, болохгүй салбар гэж байна. Миний ажиглаж байгаагаар цахим орчинд сэтгэл заслыг хийх нь эрсдэлтэй, боломжгүй зүйл. Мэдээж сэтгэл зүйн зөвлөгөөг өгч болно.

Би эцэг, эхчүүд асран хамгаалагчдын хүсэлтээр онлайнд сэтгэл заслыг дүрслэх урлагаар дамжуулж хийх оролдлого хийж үзсэн. Айл гэрт нэгээс олон хүүхэд бий. Тэднийг багаар нь ажиллуулаад, даалгавар өгөх маягаар ажиллаж үзсэн.Мэдээж тодорхой хэмжээнд үр дүн гарсан хэдий ч бодитоор уулзаж ярилцсан үеийнхээс харьцангуй бага байсан. 

-Танд эцэг, эхчүүдэд хандаж хэлэх нэмэлт зүйл байна уу?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд муудалцаж, хэрэлдэхдээ түүнийгээ нээлттэй харуулдаг. Гэхдээ эвлэрч буй явц нь хүүхдийн нүднээс ихэвчлэн далд явагддаг. Хэдий хосууд эвлэрчихсэн байлаа ч зөвхөн маргааныг нь харсан хүүхэд тэндээс тавгүй мэдрэмжид автаад л яваад байдаг. Хүүхдийнхээ хажууд нэгнээсээ уучлал гуйж, нэгнээ ойлгон эвлэрч буйгаа үргэлж харуулах ёстой. Миний хувьд ирээдүйн эцэг, эх болох хүүхдүүддээ эцэг, эхчүүд нь сайн үлгэр дуурайл үзүүлээсэй гэж хүсдэг.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чимгээ
Чимгээ
2021-08-17 08:05

Энэ хүнтэй уулзмаар бн.яаж холбоо барих вэ?

Холбоотой мэдээ

Back to top button