ЭРҮҮЛ МЭНД

Л.Дуламжав: Анх эмч болж хөдөө очоод дуудлагад мориор явдаг байлаа

Эмч мэргэжлээрээ насаараа хөдөө ажиллаж, тэтгэвэрт суугаад Алтангадас одонгоор шагнуулсан их эмч Л.Дуламжавтай цөөн хором ярилцлаа.

Энэ сайхан өдөр төрийн хүндэт шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргэе?

- Баярлалаа. Би 1979 онд АУИС-ийг их эмч мэргэжлээр төгсөж, Увс аймгийн Өмнөговь суманд дотрын их эмч, Ховд суманд их эмч, эмнэлэгийн эрхлэгчээр нийтдээ 30 жил ажиллажээ. Өнөөдөр төр засагтаа үнэлүүлж, үр хүүхдүүдийнхээ буянг эдэлж, сум орныхоо ард иргэдийн хүндэтгэлийг хүлээн ийм хүндтэй сайхан одон хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Энэ баярт үйл явдлыг тохиолдуулаад нутгийнхаа засаг дарга, ИХ-ын дарга, ард иргэд, хамт ажиллаж байсан Өмнөговь, Ховд сумынхаа эмнэлгийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлж байна.

- Гучин жил тасралтгүй хоёр сумын ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж ажиллана гэдэг амаргүй л байсан байх. Ажиллаж байсан үеийнхээ тухай дурсамжаас хуваалцахгүй юу?

- Эмчийн ажил амаргүй л дээ. Гэхдээ би өөрөө эмч болох туйлын хүсэл сонирхолтой, бүр багаасаа дурлан энэ мэргэжлийг эзэмшиж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн дурлаж ажилласан учир хүнд хэцүүг гэхээсээ урьдаж сайн сайхан зүйлийг нь олж хардаг байлаа. Мэдээж ажил мэргэжилтэй холбоотой хүнд хэцүү зүйл гардаг ч ажилдаа дурласан чин сэтгэл маань энэ бүхнийг даван гарч чадсан. Анх эмч болоод хөдөө ажиллахаар очиход дуудлагад явах унаа тэрэггүй морь мал унахаас эхлээд хэцүүхэн байсан ч удалгүй улс орон маань хөгжиж ажиллахад таатай нөхцлөөр хангаж сайхан болсон. Дурсамж яривал бүтэн ном бичих биз /Инээв/ Энэ сайхан нутагтаа ард түмэнтэйгээ ажиллаж амьдарч байхад үнэхээр сайхан байсан шүү. Сум орон нутагт ер нь бол ганц л их эмч байдаг байлаа тэр үед. Энгийнээс эхлээд хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулна. Эх барих ч энүүхэнд. Гучин жил эмчээр ажиллаж байх үед төрсөн бүх хүүхдэд хүйн ээж болно шүү дээ. Нутаг орны минь ард түмэн ч андахгүй. 2012 онд тэтгэвэртээ гарч, 2013 онд үр хүүхдүүдээ дагаад Улаанбаатар хотод ирж суурьшин өнөөг хүртэл эрүүл саруул сайхан амьдарч явна. Энэ бүхэн нутаг усны минь, ард түмний минь буян гэж залбирч явдаг даа.

- Өнөөдөр эмч хүнээс эрхэм хүнгүй хүндхэн цаг үетэй бид нүүр тулж байна. Эмчийн мэргэжлийн сайхныг бусаддаа бахархан хуваалцахгүй юу?

- Тэгэлгүй яахав. Миний бодлоор өнөөдөр эмч, эмнэлэгийн ажилтнууд дэлхий дахинд хамгийн эрэлттэй, хүндтэй мэргэжил болж байна Хүний амь нас, эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ хийх тангараг өргөсөн эмч хүнээс илүү давуу эрхтэй хүн гэж үгүй байх. Хүний бие махбодод хүрч үзэж, чагнаж, тэмтэрч хамаг зовлон шаналалыг нь ойлгож хуваалцаж өвчнийг нь эдгээнэ гэдэг үнэхээр бахархам үйлийн нэг. Үргэлж бусдад эрүүл энхийг бэлэглэж, инээмсэглэлээр шагнуулж явдаг энэ сайхан мэргэжлээр олон олон хүүхдүүд суралцаж эмч болоосой гэж их хүсдэг. Мэргэжилдээ эзэн болж чадвал цаашид ч хамгийн өндөр үнэлэмжтэй байх нь нэгэнт тодорхой болчихсон, маш сайхан амьдрах ирээдүй байгаа нь ч харагдаж байна. Төгсгөлд нь хэлэхэд нутгийн ард түмэндээ эрүүл энхийг хүсч, аз жаргал сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button