НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Б.Эрдэнэбаяр: Ямар ч том амжилт гаргасан хүнээрээ байхын тулд “Тайзнаас буугаад би хэн бэ” гэж өөрөөсөө асуудаг

Өнгөрсөн пүрэв гарагт ҮУИТ-ын бүжигчин Б.Эрдэнэбаяр СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгасан. Учир нь Монгол улсын бүжгийн урлагийг Ази, тив дэлхийд цуурайтуулж яваа алдар, авьяас чадварыг нь Соёлын яам үнэлсэн хэрэг. Тэрбээр өнгөрсөн сард гэхэд л Олон улсын гоцлол бүжигчдийн зургадугаар их наадмын А зэрэглэлд оролцон тэргүүн байр эзэлж, Олон улсад багшлах эрх бүхий анхны монгол бүжигчнээр өргөмжлөгдөв.

Түүнтэй ярилцах санал тавихад уриалагханаар хүлээн авч, намайг өдий зэрэгт сургаж өгсөн хоёр сайхан багш маань бий. Тэднээс маань ч гэсэн яриа авбал их баярлах байна гэв.

-ТЭМЦЭЭНИЙ ХАРИУ СОНСОХООРОО ААВ, ЭЭЖДЭЭ БИШ БАГШДАА ХЭЛЭХЭЭР ЯАРДАГ-

Намайг анх бүжгийн дөр суулгаж өлгийдөн авсан багшийг Ц.Алтангэрэл гэдэг. Өлгийнөөс гараад дэнжигнэхэд А.Батхүү багш хөтлөөд алхсан юм. Би тэдэнтэйгээ учирдаг азтай хүү шүү.

Аав маань намайг Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөөрэй гэж хэлэхэд дурамжхан очоод шалгуулсан ч тэнцсэн. Тэгж л Алтангэрэл багшийнхаа ангид орж, чадвараас нь суралцах завшаан тохиов. Анхандаа бүх юм хэцүү, би бусдаасаа муу юм шиг санагддаг байсан ч таван жил сургуульдаа сурч байх үед энэ мэргэжилд зүгээр л дурлачихсан байсан юм. Бүр дасгал, бэлтгэлдээ улайраад хэдэн цаг өнгөрснийг ч мартдаг болсон.

Тэмцээн уралдаанд ороод шагнал авахаараа аав, ээждээ хэлэх гэж яарахаас илүү багшруугаа залгахаар яардаг. Олон улсын тэмцээнд ороод шагнал авахад Батчулууны Эрдэнэбаяр гээд аавын маань нэрийг эхэлж дууддаг. Хэрвээ багш маань надад зааж сургаагүй бол би аавынхаа нэрийг дуудуулж чадах хэмжээнд хүрэхгүй. Энэ бүгд багшийн минь ач шүү дээ.


Б.Эрдэнэбаяр ярилцлагадаа бэлдэж, өөрийн зургийн цомог, шагнал сертификат болон сүүлд авсан Соёлын Тэргүүний Ажилтны тэмдгээ хайрцагтай нь авч ирсэн байв. Бүжиг ангид Алтангэрэл багш орж ирээд хэсэг хөөрөлдсөнөө “Том шагналаа зүүхгүй яагаа вэ” гэхэд “Багш танаар тэмдгээ хатгуулах гээд, зүүгээгүй. Та энэ тэмдгээр миний энгэрийг цоолж өгөөрэй” гэсэн юм.

Энэ талаар Эрдэнэбаяр хэлэхдээ “Сайдаар энгэрээ мялаалгачхаад тайлаад дахиж зүүгээгүй.  Алтангэрэл багшаас маш олон шавь төрсний нэг нь би. Багшийг хэзээ ирэх бол, хурдан багшаараа зүүлгэх юм сан гэж их бодсон. Бага ч гэсэн ачийг нь хариулж байгаа санагдлаа.

АЛГАА ДЭЛГЭЭД ХАРАХАД САЙХАН БАЙСАН Ч АРЫГ НЬ АЖИГЛАХ МӨЧИД...

Соёлын тэргүүний ажилтан цолыг би 25 насандаа хүртлээ. ҮУИХ-д зургаан жил ажиллаж, дундуур нь Солонгос улсад нэг жил сураад ирсэн. Соёлын сайд Ч.Номин салбар болгоноор манлайлж байгаа ажилчдыг шагнахдаа “Олон улсад багшлах анхны эрхийг авсан залуу бүжигчин” гэж намайг зарласан. Тэгэхэд л “Бүжигчин болж байгаа юм байна даа” гээд өөрөөрөө бахархаж зогссон. Хүний амьдралд дандаа тохиодог үйл биш учраас тэр байх.

Энэ явдлыг алган дээрээ дэлгэж тавиад харвал надад маш том урам, хийж бүтээх сэргэлтийг өгсөн. Яг л ташуурдаад “Ингээд зогсохгүй урагш зүтгээд бай” гэж байгаа юм шиг л. Гэхдээ алгаа арагш харуулаад өөр хүнтэй жишвэл, цахим орчинд урлагийн салбарт 54 жил ажиллаад СТА цол авсан хүний түүхийг уншсан. Тэр хүний энэ олон жилийн хөдөлмөртэй нь тэнцэхүйцээр хөдөлмөрлөж чадсан юм уу би, гэж бодоход хүрсэн. 54 жил тасралтгүй ажиллаж ямар их хөдөлмөр зарсан бол гэх бодол нэг хэсэг намайг зовоосон шүү.

Тэр том шагналыг авч зогсох мөчид үргэлж намайг хайрласаар ирсэн аав, ээжийнхээ ачийг бага ч гэсэн хариулж байна даа гээд өөртөө баярласан.

Түүнийг энэ спортод өлгийдөн авсан багш Монгол Улсын Консерваторийн бүжгийн зөвлөх багш, МУГЖ Ц.Алтангэрэл хэлэхдээ,  “Эрдэнэбаяр шавь маань 2009 онд Хөгжим бүжгийн коллежийн дунд сургуульд элсэлтээр орж ирсэн. Ангийнхаа хамгийн жижигхэн нь. Би залуудаа яг л тийм жижигхэн хүү байсан. Байр байдлыг нь харвал цовоо сэргэлэн, хөдөлгөөнтэй. Хүүхдүүдийн ерөнхий байдал нь явцын дунд харагддаг. Ажиглаад байвал олны дундаас гоцолж түрүк хийхээр харагдсан. Гэхдээ их хашир хүүхэд. Сэтгэл хөдлөлөөрөө год гээд хийдэггүй. Бодоод л углуургатай хандана. Арга барилыг нь харж байгаад л хийж үздэг. Ажлын гараагаа их театраас эхлүүлж арга барилаа улам олоод л байна.

Шавь маань дэлхийд нэр хүндтэй том шагналыг хүртлээ. Мэргэжилдээ дурлаж хичээснийх нь шагнал. Сургуулиа төгсөөд “Багшаа би хаана ажилд орох уу” гэж асуусан. Хаана юу байх багшийнхаа ажиллаж байсан ҮУИТ- т ор гэхэд  “Ээ, авах болов уу. Арай тантай адил намхан гэх юм биш байгаа” гэж байна. “Авна, авна. Авалгүй яахав. Бүжигт хүний нуруу хамаагүй, хурд хүч шүү” гэсэн. Эдний ангийнхан их мундаг сурч, төгссөн. Сайн бэлтгэгдсэн язганасан хүүхдүүд бий” гэлээ.

ОЛОН УЛСАД БАГШИЛНА ГЭХЭЭС СҮРДЭХГҮЙ БАЙНА. УЧИР НЬ...

Бусан хотод болдог олон улсын наадамд намайг Монголын бүжигчин гээд гарч ирээд бүжиглэхэд шүүгч, хамт оролцож байсан гаднын бүжигчид чин сэтгэлээсээ алга ташиж, сайн байлаа гэж хэлж байсан. Олон улсын зургаан наадамд орсноос дөрөвт нь тэргүүн байр эзэлж, хоёрт нь дэд байрт шалгарсан юм байна. Ер нь хүлээн зөвшөөрөгдсөн учраас багшилна гэхээс сүрдэж эмээхгүй байна. Харин ч үндэсний бүжгээ олонд таниулах, сурталчлахдаа дуртай байгаа шүү.

-БОЛОМЖГҮЙ БҮХЭН ЗҮГЭЭР Л ШАЛТАГ. БЭЛТГЭЛИЙГ ЗААВАЛ ЗААЛАНД БИШ, ХААНА Ч ХИЙЖ БОЛНО-

Би өмнө нь “Nomadic ballet” тэмцээнд Modern бүжгээр орж байсан. Тэр тэмцээнд гуравдугаар байрт орсон учраас дараагийн тэмцээндээ би шат ахиулж дэд байрт орно гэж зорилго тавьсан. Багаас нь оргилд хүрэхийг хүссэн юм. Батхүү багш маань Perfect dance-д орох уу хоёулаа гээд орсон. Хичээсний дүнд дэд байрт орж, БНСУ-д нэг жил тэтгэлэгтэй сурах эрх ирсэн юм. Тэр эрхийг зүгээр үхүүлмээргүй байсан учраас хамт олон, гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр очиж сурахаар болсон. Бүжиг ангийн Баярсайхан ах маань “Яваад ирээ миний хүү” гээд их сайхан дэмжлэг өгч байсан юм.

Очсон хойно Сөүлд болдог тэмцээнд орохоор бэлдэж эхэлсэн. Гэхдээ надад бэлтгэл хийх заал байгаагүй. Олдож байгаа нь коридор, фитнесс заал байв. Цагийн хуваарь чанга улс учраас үүрийг 3-6 цагийн хооронд босож дасгалаа хийгээд 07 цагаас хоолондоо ороод хичээлдээ 10 цагаас орно. Хоолоо идээд хоёр цагийн нойр л өдөрт авдаг. Тэгж их бэлдэж байж тэргүүлсэн. Заавал зааланд бэлтгэл хийж, багшийн заавар дор хийхгүйгээр биеэ дааж дайчилж чадвал болох юм байна гэдэг ойлголтыг маш сайн суулгаж авсан. Оройдоо Батхүү багштай яриад л гадаа цемент дээр бүжгээ дүрст дуудлагаар харуулж засуулна. Энэ дээр ингээрэй тэгээрэй гэж их зөвлөнө.

Тэр үед хаана ч бэлтгэлээ хийж болохыг ойлгосон нь намайг хөл хорионы хоёр жилд зүгээр суухгүй байхын түлхэц болсон. Заалнаас өөр газар хөгжих боломжтойг ойлгох их чухал, үсэрч харайхад зай талбайгүй гэдэг зүгээр л шалтаг. Үр шимтэй гадаа талбайд 30 минут бэлдэхэд ч болно.

Түүнийг ҮУИТ-т хөл тавихад хөтөлсөн багш ҮУИТ-ын гоцлол бүжигчин А.Батхүү хэлэхдээ, “Зүтгэлтэй, их хичээнгүй, илүү ихийг хийчихье, ингэчихье гэсэн санаачилгат зантай. Ажлын гараан дээр гараад зургаан жил болоход хэдийнээ бүжгийн ур сууж, аятайхан болсон шүү. Бусдаас ялгардаг зан чанар нь үг сайн сонсог, дуулгавартай байдаг. Бүжиг дэглэж өгөхөд их л урамтай. Сайн илэрхийлж гаргадаг. Эрдэнэбаяр шавь маань бүжгийн урлагт гүн дурлачихсан л хүн дээ” гэв.

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОХЫН ТУЛД ХООЛНЫ МӨНГӨӨ ТАНАДАГ.

Тэмцээнд өөрийн зардлаар явах нь бий. Хүмүүс шагналын мөнгө их аваад явдаг гэж ойлгоод байдаг талтай. Цахимаар орохоор мөнгөн шагнал ордоггүй. Бор зүрхээрээ ажил хийж олсон мөнгөө цуглуулна. Өдрийн хоолны мөнгөө цааш нь хийгээд, хурааж бор зүрхээрээ л болгодог. Тэмцээн уралдаанд ороход бүжгийн хураамж гээд 600-800 мянга орчим мянга байдаг. Харин монголд бүжигчдийн дундаж цалин 600 мянга. Хамгийн дээд талдаа 900 мянга хүрэх үгүйтэй. Өдрийн хоолоо хасаад тэмцээнд ороод үр шимээ авахаар хоолгүй байна гэдэг тийм ч чухал биш.

Идэж уух юмны оронд мөрөөдөл зорилгынхоо төлөө өлөн хоосон явах юу ч биш юм шиг санагддаг. Өнөөдөр нэг юм сурчхаар зүгээр байж чадахгүй маргааш хурдан болоосой дахиад нэг хийгээд үзчих юм сан. Ингээд нэг хийгээд үзвэл болох юм байна даа гэж бодогдуулдаг. Хоол нойр хоёроос илүү зорилго чухал.

Энэ тухайд Алтангэрэл багш хэлэхдээ, “Олон улсын “А” зэрэглэл гэдэг бүжгийн урлагийн хамгийн дээд зэргийн том тэмцээн байдаг. Спортоор яривал олимп гэсэн үг. Тиймээс төр засаг эднийг дэмжиж, ойлгож дэмнэх хэрэгтэй. Олон улсад багшлах эрх аваад ирээдүй нь их сайхан гэрэлтэж байна. Шан шагнал авахад нь багшийн хувьд их баярлаж байгаа. Зоригтой, тэвчээртэй, тууштай ажиллах хэрэгтэй, өөрийгөө голох хэрэггүй гэж шавьдаа захья” гэсэн юм.

Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгадаа их талархаж явдаг юм. Энэ жил манай байгууллага 70 жилийн түүхт ойн баяр тохиож байгаа. Хамт олон, байгууллага маань тэмцээнд орох болгонд бүхий л боломж бололцоо, чадлаараа 100 хувь дэмждэг. Тиймээс би Үндэсний Урлагийн Их Тeатрын нийт уран бүтээлчид болон Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын уран бүтээлчдэдээ маш их хайртай. Бас та нартаа ойн баярын мэндийг дэвшүүлье.

-НАДАД ЗОГСОХ ЭРХ БАЙХГҮЙ. УЧИР НЬ ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДАС НЭЭГДСЭН-

Бүжиг бол залуу насны урлаг. Тиймээс энэ цаг үед л хичээж зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Зогсох эрх ч байхгүй. Олон улсын бүжгийн холбооноос хоёрхон хүнд өгсөн шагналын нэгийг Солонгосын балетын бүжигчин авч байсан юм байна лээ. Би нөгөөхийг нь авснаар түүхийг өөр нэг хуудас шинээр бичигдэж байна. Монголын бүжгийн урлаг дэлхийд гарахад ойрхон болсон. Үе тэнгийнхэн болон дүү нарт маань ийм зам нээлттэй байдаг юм шүү гэж жимийг гаргасан болов уу гэж боддог.

ТАЙЗНААС БУУГААД БИ ХЭН ЮМ БЭ?

Миний аав шулуун шударга, үг цөөтэй хүн байдаг. Надад 2017 онд нэг үг хэлж байсан. Ажлынхаа шинэ жилээр Нийслэлийн шилдэг залуу болоод жаахан үнэртүүлээд орчихсон. Аав намайг тосож авсан юм. Би архи ууж, тамхи татдаггүй. Гэхдээ шагнал авсан чинь хүн болгон баяр хүргээд байхаар мунхаглаад тэрнийг нь уучихсан. Аавдаа үнэнээ хэлсэн. Хэсэн дуугараагүй. Тэгээд гэрт ороод “Хүн яаж ч явж шагнуулсан хүнээрээ байх л гоё шүү, миний хүү” гэсэн. Тэр үед “Би тайзан дээрээс буугаад хэн бэ” гэж бодсон юм. Аавын үг хатуу гэдэг шиг ганцхан хэлсэн үг нь одоо ч надад бодогдож зөв цагтаа чиглүүлэг болж өгсөн. Одоо болтол би СТА гэдэг том шагналыг авчхаад архи үнэртүүлж ороогүй. Яагаад заавал баярыг архиар тэмдэглэх ёстой юм гэж бодсон. Миний аавын хэлсэн ганцхан үг тийм үнэ цэнтэй.


“Ээждээ бол би баярлалаа гэж хэлэхэд багадна. Ёстой л миний төлөө “Яах уу, ийх үү” гээд л байдаг. Өглөө 06 цагт гадаа бэлтгэл хийж байгаад ороод ирэхэд хоол бариад зогсож байдаг. Тэмцээнд ингэчихлээ гэхээр “Аан за, миний хүү ирээд хоолоо идчих” гэдэг. Шөнө бэлтгэлээ дуусгаад 03 өнгөрөөгөөд орохоор сэрээд л, “Миний хүү хоолоо идсэн үү” гэдэг. Зарим ээж аавууд тэрийг ингээд өгсөнгүй, ингэсэнгүй гэдэг нь ажиглагддаг л даа. Миний ээж болохоор “Ээж нь яаж туслах уу, за за ер нь хоолоо хийгээд байж байя” гэдэг. Тэр нь л надад маш том дэмжлэг болж, сэтгэлийг жаргал өгдөг” гэж хэлэхдээ тэр их сэтгэлийг нь мэдрэх шиг нулимс нь зангирч байв

Найз охиндоо бол ээждээ хайртай шигээ л хайртай. Одоо хоёр жил гаран болж байгаа. Үргэлж намайг дэмжиж, Батхүү багштай ам нийлж намайг шүүмжлээд өдий зэрэгт авч ирсэн. Тэднээс гадна Монгол улсын консерваторын бүх багш нартаа хайртай. Надад ихийг заасан ч онцлоход анх өлгийдсөн Алтангэрэл багш, өлгийнөөсөө задраад алхахад хөтөлсөн багш нь Батхүү нар юм.


-МӨНГӨНӨӨС БОЛЖ ХАЙРТАЙ МЭРГЭЖЛЭЭ БИТГИЙ ОРХИОРОЙ-

Анхны цалингаараа зайрмаг авсан. Ээж бид хоёр зайрмаг ундаа гээд амттай юманд дуртай. Солонгост байхдаа барилга дээр ажиллаж байсан. Гэхдээ миний сэтгэлд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах л хамгийн сайхан. Хэдий бага ч өөрийн дуртай юмаа хийгээд, мэргэжлээрээ ажиллаад олсон мөнгө гэдэг цаанаа л гоё. 


Тэрбээр ярианыхаа төгсгөлд олон улсад данстай бүжигчин болохыг хүсдэг. Эрдэнэбаяр бүжигчин гэхээсээ илүү Монгол бүжигчин гэж дуудуулах цагаахан хүсэл тээж явдаг тухайгаа бидэнд ярьж, үүнийхээ төлөө тасралтгүй хичээллэж өдөрт 5-6 цаг унтчихвал өөртөө гомдож оройн бэлтгэлээ сунгадаг аж. Хэдийгээр түүний цалин хүрэлцээ бага ч хийж бүтээж байгаадаа урамшаад мөнгө харалгүй хайртай мэргэжлээ хийдэг шигээ бусдыг ч бас тийм байгаасай хэмээн боддог гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-15 14:45

Мундаг з�##�уудаа амжилт хүсье

zochin
zochin
2021-09-22 11:49
Reply to  Зочин

Uneheer mundag yum hamgin gol ni bi hen be? gedeg asuult mash chuhal eruul uhaan gej harj bna uls turinhun bi hen be? gej garj baih heregtei l yum bna daa.

Зочин
Зочин
2021-09-22 11:48
Reply to  Зочин

Uneheer mundag yum hamgin gol ni bi hen be? gedeg asuult mash chuhal eruul uhaan gej harj bna uls turinhun bi hen be? gej garj baih heregtei l yum bna daa.

Зочин
Зочин
2021-09-16 13:48

Аргагүй мундаг бүжигчин юм аа СТА багадсан мундаг з�##�уу байна

Зочин
Зочин
2021-09-16 13:57

Ямар мундаг зорилготой тэвчээртэй хүү вэ, ийм хүн амжилт гарг�##�гүй яахав, баяр хүргэе. Зогсолтгүй урагшлаарай

Холбоотой мэдээ

Back to top button