Ярилцлага

Б.Болорчулуун: Монголын жүжигчид олон улсад гарах гэхээр хэлний шалгуурт нь гацчихдаг

Залуу жүжигчин Б.Болорчулуун “OI Entertainment”-ын уран бүтээл No Rules киноны  Билгээгийн дүрээр цахим сүлжээнд сүүлийн өдрүүдэд хоногшоод буй. “Ааваа зарна” гэх зарыг олон нийтийн сүлжээнд тавьж, кино бүтээлийн нэгэн хэсгийг бүрдүүлсэн тэдний продакшны үйл ажиллагаа хэрхэн өрнөж, дотоод уур амьсгал болоод уран бүтээлийн гараа оюутны ширээний ард босгосон “Mount” хэмээх хамтлагийн тухай ярилцлаа. Та бүхэн хүлээн авна уу.

-Сүүлийн үед танай продакшн тренд кинонуудыг ар араас нь бүтээн цацаж, үзэгчдээ баясгаад байна. Уран бүтээлийн талаарх асуултаар яриагаа эхэлье.

“OI Entertainment”-ийн хамт олон хоёр киногоо үзвэрт зэрэг нээчихсэн. Сүүлд намар цагийн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Гайхамшигт ертөнц” уран бүтээлээ бүх кино театруудаар есдүгээр сарын 10-аас нээлээ. Эхний долоо хоногийн тав дахь өдөр нээхэд цахим захиалга дүүрч, үзэлт сайн байсан.

“No Rules” кино маань Боловсрол телевизээр бүтэн сайн өдөр бүр 22:00 цагаас гарч байгаа. Харин түрүүлж үзэх бол тэр өдрийнхөө 18 цагаас Voo” апп дээр дараагийн анги нь ордог.

-No Rules кинонд таны бүтээсэн Билгээгийн дүр зэвүүн, зэрлэг жокер шиг л дүр бүтсэн байна лээ. Энэ дүр таны одоо байгаа байдлаас шал эрс тэс санагдлаа.

-Тийм ээ. “No Rules” кинонд бүтээсэн Билэг гээд залуугийн дүр надаас тэс өөр. Адилхан шинж огт байхгүй. Жүжигчнийхээ байгаа байдалтай уялдуулж дүр өгнө гэдэг зүйлийг манай найруулагч Эрхэмбүрэн маань зөвшөөрөхгүй. Аль болох жүжигчдээ эвдэх, илүү уран чадварыг нь сайжруулах үүднээс дүрийг хуваарилдаг. Билэгийн дүрийг манай энтертайнментын хамт олон зургаан жилийн дараа өгч байгаа бэлэг бас хариуцлага байсан.

Билэг надаас бүх юмаараа өөр. Тэр хүн хар машин унах дуртай, хар, сул хувцас өмсөх дуртай. Харин би гэгээлэг өнгөнд дурладаг, зөв замаар дуртай зүйлээ хийж, найзуудаараа баг бүрдүүлж, мэргэжлээрээ ажиллаад хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж яваа залуу.

Тэр манай нийгмийн болж бүтэхгүй залуусын төлөөлөл. Энэ дүрээр битгий түүн шиг байгаарай. Буруу зүйл манай улсад ороод ирсэн учраас цочроо өгөхөөр зохиолчийн бичсэн зохиол дээр гарсан.


- “OI entertainment” дотроо ямар уур амьсгалтай вэ?

-OI entertainment хуралдаж энэ сард бүгдээрээ ийм ном уншъя, өглөө болгон ууланд алхаж дуусаад бэлтгэлээ хийе, завгүй байсан  гэр бүлдээ цаг гаргацгаая гээд хувь хүний хандлага талаасаа ахицтай байхыг хичээцгээдэг. Залуус манай уран бүтээлийг үзээд үлгэр дуурайлал авахад нь биднээс эерэг үйлдэл ажиглагдаасай гэсэн үүднээс хичээж ажилладаг.

Бид бол эд суралцдаг насан дээрээ яваа залуус. Манай энтертайнмент зургаан жил болж байгаа. 10 уран бүтээл одоогоор гаргалаа. Сүүлийн хоёр кино маань нийгэм болон үзэгчдэд таалагдаж байгаа нь бидэнд ирэх сэтгэгдлээс харагддаг. Үүнд дотроо ч гаднаа ч их баяртай байгаа.

-Кино зохиолоо уншаад юу бодсон бэ, дүртэйгээ ажиллахад хүндрэл байв уу?

-Анх зохиолоо уншаад юу ч буухгүй, хүнд байсан. Миний анхны эсрэг дүр байсан учраас чадахгүй юм их. Гэхдээ л одоо киноныхоо ард гарч чадсандаа баярлаж явна. Маш олон судалгаа хийсэн. Зохиомол хот бий болгож, зохиомол ертөнцийг үүсгэсэн. Тэр хотынхон биднээс үг хэллэг, байр байдлаараа өөр.

-Анхны эсрэг дүр гэлээ. Ер ньэсрэг дүрийг бүтээхэд ямар байдаг юм бэ? Цаашид эсрэг дүрд тоглоё гэх сэдэлтэй болсон уу?

-Ямартай ч эхнийхдээ амжилттай ажилчихлаа.Чадан яван дүрээ гаргасан. Зарим үзэгчдэд таалагдаж байх шиг байна. Цаашид бид 2025 он хүртэл төлөвлөгөөгөө гаргачихсан түүнийхээ дагуу ажиллаж байна.

Цаашид эсрэг дүр авах эсэхийг найруулагчийн хуваарилалт мэднэ. Бид хоорондоо цагаан өрсөлдөөнтэй. Бие биенээ сайжруулж, биенээсээ илүү юм авахын төлөө байдаг. Түүнийгээ ч дотоодын хурлаараа хэлэлцэж ярилцана.

-Дүр хүнд хоногшчихдог юм билээ. Танд дүрээсээ өөртөө хоногшуулж авсан зүйл байдаг уу?

-Сүүлд тоглосон кинонуудаас хоногшуулах үйл хөдлөлтэй нь Билэг байсан. Тэр бол зүгээр  сууж чаддаггүй зантай. Энд Билэг орж ирвэл ширээн дээр хөлөө тавиад, арааны шүлсээ сороод л суух байх. Би шал өөр үзэл бодлоор төлөвшсөн учраас тийм юм байхгүй.

-Уран бүтээл олон хүний гар бие оролцож байж бүтдэг. Тэдгээртэй  хамтрагч нэгдэж ажиллахад ер нь юуг анхаарах ёстой санагддаг вэ?

-Манай найруулагч өөрийгөө биш хамтрагчаа бодож тоглох юм бол та нарт эвтэйхэн. Өөрсдөд чинь эвтэйхэн байх юм бол илүү гоё сцен гарна гэдэг.

“No Rules” кинонд Мөнхсайхан ах нэг том зүйлийг сургасан. Юу гэхээр, Мөнхсайхан ахтай хамтарч тоглоход хамгийн түшигтэй, ойлгохгүй байгаа зүйлийг маань ойлгуулж, “Миний дүү жүжиглээд байна, болохгүй байна” гэж маш их хэлж ойлгуулна. Гадаа хоёулхнаа гарч байгаад дүрдээ орж бэлдэнэ. Дүрийн маань дотоод зан чанарыг өдөөж, маш их туршлагаараа харамгүй чиглүүлдэг. Хамтрагчаа бодож тоглох гэдэг л их чухал юм билээ.

Мөнхсайхан ахаас гадна “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Эрхэмбаяр ах байгаа. Бас их түшигтэй. Намайг мөрөөдлийн театрт анх өлгийдөн авч байлаа. Ахтайгаа ах дүү болж тоглосон. Ах нартайгаа тоглохоор илүү их юм сурдаг юм билээ. Нэг зай завсраар нь ингээрэй, тэгээрэй гээд хэлчихдэг. Тэр зааврынх нь дагуу хийхээр надад өөрт маань эвгүй байдаг хэр нь намайг хянаад сууж байгаа баг, найруулагчдад маань болж байна гэж харагддаг.

Ах нараасаа “Хамтрагчдаа түшигтэй байх” гэдэг зүйлийг их сайн ойлгож, өөр дээрээ мэдэрсэн.

-Кино урлагийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь уран бүтээлчдийн бүтээлээс тод ажиглагдаж байгаа. Жүжигчин мэргэжлээр төгсөж, ажилладаг, тогоон дотроо байгаа хүний нүдээр Монголын кино урлагийн түвшин яаж харагддаг вэ?

-Манай кино урлаг сүүлийн хэдэн жилд маш эрчимтэй хөгжиж байгаа шүү. Дээд үеийн ах нар маань олон улсын кино фестивальд их оролцож байгаа.

Монголд үйл ажиллагаа явуулдаг 600 гаруй кино продакшны баг байдаг. Кино хийх бүртээ “За, муу кино хийе даа” гэдэггүй. Эдгээр олон багууд бүгд зогсолтгүй бүтээлээ туурвиж байгаасай. Тэгж байж биентэйгээ өрсөлдөж, шат ахина байх.

Олон улс “Netflix”-д Монголын кино гардаг болоход их дөхөж очсон гэж хараад байгаа л даа. Тэр зүйлсийн эхлэлүүд тавигдаад буй. Монголын орлон тоглогчдын холбоо, хувцас дизайнер, хамтлаг дуучид үүнд хөл тавьчхаад байгаа юм. Тэгэхээр кино урлаг “Netflix”–д нэвтрэхэд их дөхсөн. “Netflix”-ээс гадна бусад улс орнуудад цуврал кинонуудаа хүлээн зөвшөөрүүлж, телевизүүдээр нь Монгол кино гарч байна гээд хараад таних хэмжээнд хүлээн зөвшөөрүүлмээр байдаг.

-Кино урлаг бол жүжигчин, найруулагч, эвлүүлэгч, дуу оруулагч гээд маш олон хүний гараар бүтдэг. Кино урлагийн түвшин маш хурдтай хөгжиж байгаа юм бол манай жүжигчдийн түвшин үүнд дүйж байгаа юу, олон улсад Монголын жүжигчид хүлээн зөвшөөрөгдөх нь хэр вэ?

-Дэлхийд гарахад наанадаж Англи, Хятад хэлтэй байх ёстой. Хэл усаараа гацчихдаг. Би Амараа ахын CV-г уншиж байсан. Англиар өөрийгөө танилцуулж байж олон улсад тэнцдэг юм билээ. Манайхан энэ шалгууртаа тулаад, гацчихдаг.

Үнэхээр тасархай лаг байгаа гэж хэлж чадахгүй. Олон улсад гарах анхан шатны шалгууртаа гацдаг учраас энэ хэлний шалгуурын дээсийг давдаг болоход сайн анхаарах хэрэгтэй гэж хардаг. Гэснээс манайх продакшнаараа яг үүнтэй холбож үзсэний дүнд англи хэлний сургалтад суухаар төлөвлөчихсөн байгаа.

Харин дуу технологи бол олон улсын жишгээр сайн хийдэг. Зураг авалт дууссан ч эвлүүлэг дээр найруулагч, туслах найруулагч, ассент найруулагч сууна гээд л дахиад кино хийдэг.


-Тийм шүү. Ингэхэд та “Галзуу дурлал” киноныхоо дууг дуулж байсан. Таныг ер нь дуулдгийг уншигчид маань мэднэ байх. “Mount”  гэх хамтлагтай ч байсан. Энэ хамтлаг яасан бэ?

-Mount хамтлаг бол өнөөгийн “OI Production” юм. Энэ хамтлаг маань 2011 онд байгуулагдаад продакшны захирал найруулагч Эрхэмбүрэн бид хоёр СУИС-ийн гуравдугаар дамжаанд байхдаа дуу хийж байсан. Дуучин Баярцэнгэлийн дууны студи дээр очиж хоолойдоо орчхоод клип хийе гээд зүтгэчихсэн.

Бид хоёрт гуравдугаар курсийн сургалтын төлбөр хөдөөнөөс ирж таарсан. Би Дорнодынх, Бүрнээ Дундговийнх. Төлбөрөөрөө клип хийчихье, энэ дуугаа шинэ жилээр дуулаад халтур хийгээд төлбөрөө буцааж олъё гэж шийдсэн юм. Тухайн үедээ клип хийхдээ номер нэг байсан “Black Zebra”-ийн Базараа ахтай холбогдоод ангийн Дөлгөөнөө бас нэг загвар өмсөгч охиныг тоглуулж байгаад л хийж байв.

Хамгийн хөгжилтэй нь тэр дуу гараад 100 төгрөг ч олоогүй. Төлбөрөө олохын тулд сэргэлэнтээд л мөнгө олохын тулд ажиллаад л бүрдүүлж билээ. Гэхдээ харамсдаггүй юм аа. Сайхан клиптэй болсон. Түүнийг эхлүүлсний хүчээр одоо бид өргөжиж тэлээд кино продакшн болоод явж байна гэж боддог.

Хамтлаг байгуулагдаад дараа жил нь бид сургуулиа төгссөн. 2012 онд юм “Royal” телевизийн захирал одоогийн УИХ-ын гишүүн Н.Учрал ахад “Бид кино хийх гэж байгаа” гээд зохиолоо бариад орсон. Ингэж л бидний “Хөтөч” анхны дэлгэцийн уран бүтээл бүтсэн байдаг.


-Та дуулж,  хөтөлж, жүжиглэхээс гадна шүлэг бичдэг. Сүүлийн үед шүлэг тэрлэв үү?

-Би Бээжингийн Кино академид продюсер кастингаар өөрөө судалгаа хийж сурснаас гадна Хэл соёлын их сургуульд Зохиолчийн ангид сурч төгссөн. Сүүлийн үед шүлэг бичсэнгүй. Тухтай сууж чадахгүй байгаа. 10 жилдээ болон оюутан байхдаа их бичдэг байлаа. Аав ээж, эгч нар маань миний бичиж байсан шүлгүүдийг хавтаслаад хадгалдаг.

Байрны ах, унадаг дугуй гээд л харсан сэдэв өнцгөө бичнэ. Эгч нар доор нь сэтгэгдэл бичээд мундаг дүү шүү гээд урам өгнө. Би бичиж байсан шүлгээ огт цээжилдэггүй. Тухайн үедээ цаасанд буулгаад л орхидог хүн юм билээ.

 Аймгийн телевиз, сонинд гарсан ярилцлага зэргийг жимбийлгээд архивладаг. Тэдгээрийг нэгтгэвэл зузаан ном хэвлүүлэх дайтай болсон байх шүү. Гэхдээ шүлгийн ном гаргах талаар боддоггүй. Харин сүүлд бичсэн кино зохиолоо ном болговол гоё юм даа гэж хараад байгаа. Энэ зохиол бидний кино төлөвлөгөөнд орчихсон. Удахгүй үзэгчдэд бүтээл болоод хүрнэ байх аа.

Намайг мастер хамгаалахад Тангадын Галсан ах их тусалж байсан. Би зохиолчийн ангийн төгсөлтийн ажлаа “Монголын ертөнцийн гурав-аар хамгаалсан юм. Монгол ертөнцийн гурав бол үнэхээр гоё. Гуравхан мөрөнд философи, гүн ухаан гээд маш өргөн агуулгыг шингээж чаддаг. Залуус цаг үеэ дагаж баруунжхаас илүү өв соёлоо алдаж мартахгүй байгаасай гэж дотроо боддог. Тиймдээ ч үндэсний сэдвээ сонгосон. Маш их мөлжүүртэй, ихийг ойлгуулж, тогтож сууж хийсэн судалгааны ажил гарч байсан.


-Та ток шоу хийж, телевизийн салбарт орох бодол байдаг уу? Танд санал их ирдэг юм билээ.

-Бид олон ангит дараагийн уран бүтээлийнхээ бэлтгэлд орчихсон байгаа. Удахгүй хайрын тухай шинэ уран бүтээлээ ирэх онд үзэгчдэдээ толилуулна. Төлөвлөгөөт ажил их байгаа учраас энэ салбарт орох боломжгүй байна. Сүүлд боловсрол телевизээс санал ирсэн. Уг нь би хөтлөх их дуртай.

-Урлагийнхан цаг нааргүй ажиллаж, хөдөө гадаа зураг авалт гээд их явдаг. Тасралтгүй ажиллахад гэр бүлийн хүн нь ар даадаг байх. Ер нь яаж хүлээж авдаг вэ?

-Би маш сайхан эхнэртэй. Ээж шигээ эхнэртэй болно гэж боддог байлаа. Яг л тэр хүнтэйгээ учирсан. Манай энтертайнментийнхан маш завгүй ажилладаг ч ар гэртээ цаг гаргадаг. Зарим үед гэрт маань үл ойлголцол гарна. Гэхдээ хань минь намайг үнэхээр ойлгож хайрладаг. Ер нь манай дөрөв ар талаа маш сайн даалгаж, амьдралаа дэмнүүлдэг сайхан хань ижлүүдтэй.

Завгүй явсныхаа үр дүнгүүдээ харуулаад эхлэхээр бүр илүү ойлгож ирдэг. Дэлгэцээр гараад ирэхээр “Ийм зүйл хийж явдаг шүү миний хань” гээд их ойлгоно.

-Танаас үлгэрлэл авч, дуурайдаг, энэ мэргэжилд хайртай залуу дүү нартаа хандаг үг хэлээд яриагаа өндөрлүүлье.

-Өөрөө дуртай, энэ мэргэжилд хайртай, уйгагүй байвал болно байх. Би яг л тийм болно гээд зорилгоо өндөр тавих хэрэгтэй. Том зүйлийг харж том юм ярьж байвал ядаж Монголынхоо хөрсөн дээр бууна. Зорилгоо том тавиад өдөр шөнөгүй хичээж, өөрийгөө хуурч болохгүй шүү.

Сүүлийн үед бид их ярьж байгаа. Хувь хүний хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Утасныхаа тэмдэглэл хэсэгт төлөвлөөд “Өнөөдөр ийм зүйл хийнэ, чадна” гээд бичээд түүнийгээ заавал хийж өөртэйгөө тэмцэлдэж, өөрийгөө ялан дийлэхийг хичээж байгаа. Дүү нарт маань ч бас бидний төлөвлөх арга хэрэгтэй байх гэж бодож байна.

Үүнээс гадна өөрөөсөө би од болох уу эсвэл мэргэжлийн жүжигчин болох уу гэх асуултад заавал хариулаасай.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Ярилцлагын буландаа урьж оролцуулсан Эгүүр.мн-ий хамт олондоо баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мааяа
Мааяа
2021-09-19 12:04

ямар дажгү даруулгатай з�##�уув

сайна
сайна
2021-09-19 12:05

Хүмүүжил харагдажбн ????

Холбоотой мэдээ

Back to top button