Нийгмийн

БНСУ-д эмнэлэгт хэвтсэн монголчуудаа эргэдэг, монгол хоол хийгээд борлуулдаг Ү.Нямдуламтай ярилцлаа

“Бусдад таван төгрөг өгөх санхүүгийн боломжгүй ч таваг хоолоо барьж очоод эргэх сэтгэл надад бий. Сайхан сүүтэй цай, монгол хоолоо идэхээр эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэл санаа нь их өөдрөг болдог юм билээ. Би бусдын баярлаж буй сэтгэл хөдлөл, харцнаас үнэхээр их урам, сайхан мэдрэмж авдаг” гээд инээмсэглэх түүнийг Ү.Нямдулам гэдэг.

БНСУ-ын Сөүл хотод амьдардаг тэрбээр гэрээрээ монгол хоол хийн, худалддаг хөдөлмөрч бүсгүй. Тэнд амьдарч буй монголчууд Ү.Нямдуламын гарын хоолыг андахгүй. Түүний хоолыг идэхээр яг л эх орондоо, гэртээ байгаа юм шиг сайхан мэдрэмж төрдөг гэнэ лээ.

Үүний сацуу Ү.Нямдулам БНСУ-ын эмнэлэгт хэвтсэн, ойр дотны, эргэж тойрох хамаатан садан нь тэнд байхгүй монголчуудаа эргэж очин, монгол хоолоороо дайлдаг. Хүний нутагт өвдөн, эмчлүүлж буй хэн нэгнийг монгол хүн монгол хоолоо хийж очоод эргэхэд хэчнээн сайхан санагддаг бол. Хөдөлмөрч, бусдад аль болох туслахыг, дэм болохыг хичээж явдаг Ү.Нямдуламтай ярилцлаа.

-БНСУ-ын Сөүл хотод монгол хүн гэрээрээ монгол хоол хийн, худалдаалдаг гэхээр сонирхол татаж байна. Монголчууд гэрийн хоол цаанаа нэг амттай, өөр шүү гэдэг. Бизнесээ хэрхэн эхлүүлж байв?

-Би БНСУ-д ажиллаж, амьдрахаар ирээд хоёр жил гаруй болж байна. Бусдын адил сайхан амьдаръя, хөдөлмөрлөе, өөрийгөө хөгжүүлье гээд ирсэн юм.

Анх энд ирэхдээ би солонгос хэл төдийлөн мэддэггүй байв. Тиймээс хүссэн ажлаа хийх боломж байгаагүй. Хоолны газарт, айл цэвэрлэх, нүүлгэх ажил нэг хэсэг хийсэн. Дараа нь нэг байгууллагад цэвэрлэгчээр ажилласан юм. Ажил голоогүй ээ. Тэгж явахдаа “Хүн бүхэн дарга болох албагүй. Хамгийн дуртай ажлаа хийвэл аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна” гэж бодсон. “Би юуг хамгийн сайн хийж чадах вэ” гэж нэлээд эргэцүүллээ. Зав, боломж л гарвал найзууд, хамаатнуудаа гэртээ уриад, гоё хоол хийж өгөх дуртайгаа анзаарсан юм.

Миний хамгийн хийх дуртай ажил бол хоол хийх. Үүнийгээ өмнө нь анзаараагүй яваад байж. Өнгөрсөн жил наадмаар хуушуур хийн, БНСУ-д амьдардаг монголчууддаа худалдсан юм. Хүмүүс “Ёстой гоё амттай болжээ. Эх орноо, гэр бүлээ саначихлаа” гэхэд нь сайхан санагдсан, урамшсан.

Түүнээс хойш “Нээрэн яагаад монгол хоолоо хийгээд борлуулж болохгүй гэж” бодогдох болов. Тогтмол хийх үү, яах вэ гэж нэлээд хэд хоног бодлоо. “Яах вэ” гэж эргэлзэж, хойш нь тавихыг хүсээгүй. Хэрэгтэй хүнснүүдээ шууд цуглуулаад, долдугаар сараас хойш монгол хоолоо тогтмол хийж байна.

-Сөүлд монгол хоолны цөөнгүй газар бий. Та хоол хийхдээ юуг нь чухалчилдаг вэ?

-Би энэ ажлыг эхлүүлэхдээ ашгийн талаар огт бодоогүй. “Хэдэн төгрөгний ашиг олох вэ” гэж ер хараагүй. Зүгээр л манайхаас хоол худалдан авч буй хүмүүс гэрт маань ирээд дайлуулж буй мэт сайхан сэтгэгдэл, мэдрэмж аваасай гэж хүсдэг. Нөгөө талаар хүний доор ажиллаж хэдэн төгрөг олж байхаар өөрийн дураар хөдөлмөрлөхийг хүссэн юм.

БНСУ-д ажиллаж буй монголчууд ажлынхаа завсраар хаа таарсан газраасаа юм авч идээд явдаг. Тухтай суугаад хооллох зав төдийлөн гардаггүй. Хүний нутагт яагаад гэрийн монгол хоолоо идэж болохгүй гэж. Тийм сайхан сэтгэл ханамж, сайхан мэдрэмжийг аваасай гэсэндээ би энэ ажлыг эхлүүлсэн. Энд ажиллаж, амьдарч буй монголчууд маань монгол хоолоо захиалаад идэх боломжтой.

-БНСУ-д гэрээрээ монгол хоол хийгээд, худалддаг хэр олон монгол хүн байдаг бол?

-БНСУ-д монгол хоолны газар олон бий. Яг над шиг гэрээрээ хийгээд, хүргэж өгдөг хүн байхгүй байх. Би лав мэдэхгүй.

Би энд гэрээрээ хоол хийдэг, бүхнийг ганцаараа хийдэг. Одоо тантай цахимаар холбогдон ярилцаж байхдаа ч хуушуураа хайрч байна. Захиалгын хоолоо өөрөө хүргэж өгдөг.

-Одоогоор хэдэн төрлийн хоол хийж байгаа вэ. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, монгол хоолны газар нээх бодол бий юү?

-Дугуй хуушуур, цуйван хийдэг. Одоогоор гэрээр хийхэд хамгийн тохиромжтой, миний хамгийн сайн хийдэг хоолнууд. Тиймээс цаашид хоолныхоо төрлийг нэмэх бодол төдийлөн байхгүй. Олон юм руу самгардаад дэмий. Мэдээж санхүүгийн боломж хүрвэл үйл ажиллагаагаа өргөжүүлж, монгол хоолны газар нээхийг хүсэлгүй яах вэ.

-Монголчууд гэрийн хоолонд илүү дуртай. Хоолоо гэртээ хийдэг гэхээр илүү дуртай байна уу?

-Наадмын дугуй хуушуур гэдгээрээ онцлогтой. Би “Махыг нь багасгаад дахиад 10 хуушуур болгочихъё. Ингэвэл илүү ашиг олно” гэж боддоггүй. Гоё амттай, цэвэрхэн, чин сэтгэлээ шингээ хийдэг. Яг л аав, ээждээ, найз нөхдөө дайлж буй сэтгэлээр хийдэг. Манай хоолыг худалдаж авсан хүмүүс “Үнэхээр их таалагдлаа. Маш гоё амттай байна. Яг эх орондоо, гэрийнхээ хоолыг идэж буй сайхан санагдлаа” гэдэг. Олны тийм талархлыг үгнээс их урам авдаг.

-Захиалсан хүн бүхэнд хоолоо хүргэж өгөх боломжтой юу?

-Би энэ ажлыг анх эхлүүлэхдээ Солонгосын нэг хүргэлтийн компанитай хамтардаг байсан. Одоо өөрөө хүргэж өгч байгаа. “Тэдэн цагт, тэдэн ширхэг хоол” гээд захиалга өгснийх нь дагуу метрогоор хүргэж өгдөг. Захиалсан цагт нь амжихаар бол хүргэж өгөх боломжтой.

-Солонгосчууд монгол хоолыг, таны хийсэн хуушуур, цуйванг хэр сонирхож, захиалж байна вэ?

-Би хоолоо гэрт хийдэг болохоор солонгосчуудад таниулъя, сурталчилъя гэж төдийлөн боддоггүй. Манайхаас хоол захиалсан монголчуудтай хамт ажилладаг солонгосчууд, миний таньдаг солонгос иргэд монгол хоолонд их дуртай. Би энэ ажлыг эхлүүлснээсээ хойш үргэлж магтуулж буйдаа жаахан санаа зовдог. Энэ олон хүн надад ингэж итгэн, дэмжиж байхад итгэлийг нь алдвал яана гэж боддог.

-Монголын үйлчилгээний газрууд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авдаг. Та БНСУ-ын мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан уу?


-Би энэ талаар нарийн сайн мэдэхгүй. Манайхаас хоол авч, захиалга өгч буй хүмүүст “Би гэртээ хийдэг” гэж сайн тодотгож хэлдэг. Тиймээс ямар нэгэн асуудал, үл ойлголцол гардаггүй.

-БНСУ-ын эмнэлэгт хэвтсэн, хамаатан садангүй хүмүүсийг эргэж очдог юм билээ. Одоогоор хэдэн хүн эргээд байгаа вэ?

-Би бусдын адил сайн сайхан амьдрахын төлөө энд ирсэн. БНСУ-ын эмнэлэгт хэвтсэн хүн бүхнийг эргэх, хандив өгөх боломжгүй. Тиймээс яг эргэж очих шаардлагатай, ойр дотны хамаатан садан нь БНСУ-д байхгүй хүмүүсийг голдуу эргэж очдог. Өвчинтэй хүнд өөх, тостой хоол зохимжгүй. Тиймээс мах, шөл сайтай монгол хоолоо зориулж хийж очоод эргэдэг.

Бусдад таван төгрөг өгөх санхүүгийн боломжгүй ч таваг хоолоо барьж очоод эргэх сэтгэл надад бий. Сайхан сүүтэй цай, монгол хоолоо идэхээр сэтгэл санаа хэчнээн сайхан болдог билээ дээ. Би нэг их олон хүнийг эмнэлэгт эргэж, тус болоогүй. Бусдад туслалаа гэж ер боддоггүй. “Ингэж, тэгж туслалаа” гэж бусдад мэдэгдэхийг хүсдэггүй. Зүгээр л тус болоод даруухан амьдрахыг хүсдэг. Хариу нэхэхгүй тус хамгийн сайхан. “Баярлалаа” гэдэг үг л надад хангалттай. Дэм дэмэндээ, боломж бололцоогоороо амьдрахад тэгээд бүх зүйл сайхан болно доо.

Хүний нутагт байгаа, эмнэлэгт хэвтсэн монголчууд маань “Би энд ганцаараа биш. Амьдрал ийм сайхан” гэдгийг мэдрээсэй гэж хүсдэг. Өвдөн, эмнэлэгт хэвтсэн хүнд хоол, нойр чухал. Сайхан монгол хоолоо идэхээр сэтгэл санаа нь их өөдрөг болдог гэсэн. Монгол хүн монгол хоолоо хийж очоод эргэхээр сайхан санагддаг, гэгээлэг зүйлийн талаар боддог байх.

Амьдрах, амьдрал сайхан. Энэ хорвоо дээр муугаасаа илүү сайн хүн олон гэдгийг мэдрээсэй гэж хүсдэг.

-БНСУ-д эмчлүүлж буй Анандыг ойр ойрхон эргэж очдог юм билээ. Одоо таныг “Хэзээ ирэх вэ” гээд хүлээдэг болсон уу?

-Тэгсэн. “Таны хуушуур, цуйвангаар өлсөөд байна” гэдэг болсон. Анандыг хамгийн анх эргэж очихынхоо өмнө “Ямар хоол идмээр байна вэ” гэж асуусан юм. Тэгэхэд “Цуйван идье” гэсэн. Монгол эрчүүд цуйванд дуртай. “Эр хүн юм гэсэндээ цуйванд дуртай гэж байна. Эгчийнх нь хамгийн сайн хийдэг хоол” гээд би их баярласан.

-Хүний нутагт өвдсөн, эмнэлэгт хэвтсэн нэгнийг монгол хүн монгол хоолоо барьж очоод эргэхэд хэчнээн сайхан санагддаг бол. Эх орондоо, гэртээ ирчихсэн юм шиг л санагддаг байх. Бусдад туслахын хамгийн сайхан нь юу вэ?

-Хүүхэд, ахмад настай хүмүүст илүү туслахыг би хүсдэг. Бусдын баярлаж буй сэтгэл хөдлөл, харцнаас үнэхээр их урам, сайхан мэдрэмж авдаг. Бусдад аль болох туслахыг хүсдэг. Өнөөдөр чамд нэг зүйл хэрэгтэй байлаа гэж бодъё. Би явж байгаад өнөөх зүйлтэй чинь таарвал аваад өгөхийг, хүслийг нь биелүүлэхийг, туслахыг хүсдэг.

Хүн сэтгэлийн амьтан. Гаднаа инээж байгаа ч дотроо шаналсан, хэн нэгнийг түшээд сайхан уйлахыг хүсэж яваа хүн байгаа ч юм бил үү. Хэн нэгний өөг, алдааг бус сайн, сайхан зүйлийг нь түрүүлж хардаг байгаасай.

-“Ид шидийн орон” шиг тийм хүүхдэд, ахмад настнуудад зориулсан төв байгуулахыг хүсдэг үү?

-Яг тийм хүсэл, мөрөөдөл надад бий. Ирээдүйд зөвхөн хүүхэд, ахмад настнуудад зориулсан төв, асрамжийн газар ч юм уу байгуулахыг хүсдэг. “Би аав, ээжгүй, өнчин” гэж битгий өөрийгөө бодоосой. Тийм бодол, сэтгэл шаналалгүй байлгахын тулд хүүхдүүдийг бүтэн хайраар, чин сэтгэлээсээ хайрлахыг хүсдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Түмэн
Түмэн
2021-10-02 09:24

Ямар мундаг охин бэ ? Солонгосд эмнэлэгт мэс зас�##� хлгэхээр сая 9 сард явсан. Монгол хоолоо маш их санасан. Олон ч хүн тэгдэг бх. Со хоолыг идэж чадахгүй их амаргүй. Загас д�##�айн янз брийн юм ихтэй амт нь ш�##� өөр, идэхэд тун хэцүү бсн. Энэ охины хаяг утас ил бол тэнд эмнэлэгт бга олон хүн захи�##�га ихээр өгнө дө. Сайхан сэтгэлтэй ухаантай охин маш зөв ажил хийж бгад баяр хүргэе. Амжилт хүсье

Зочин
Зочин
2021-10-02 10:18

Хүн нэрээ тогос өдөө гэж дүүд сайн сайхныг хүсье

Уншигч
Уншигч
2021-10-02 11:48

санасан бүхэн нь сэтгэчлэн бүтэх болтугай

аод
аод
2021-10-02 13:49

сайхан сэтгэлтэй сайн охин бн эргээд өөрт нь буян болноо амжилт аз жарг�##� хүсье

Баттөр
Баттөр
2021-10-02 23:43

Мундаг хүн мундаг хэвээрээ л бна шүү.Эрүүл энх ажлын амжилт...

бахархаж байна
бахархаж байна
2021-10-03 08:15

ЭХ орон нэгтнүүд нэг нэгэндээ туслах ёстойг харуулсан бзсгүйд баярл�##�аа. АЗ жарг�##�, сайн сайхан бүхнмийг хүсъе

Эба
Эба
2021-10-03 16:42

mundag Bvsgvid amjilt Ugie gebel gantsaasaa gedeg de saihan setgeltei ohin mini ireedvin zam ni gereltej ybage ????????????

Холбоотой мэдээ

Back to top button