Нийгмийн

САЙН ДУРЫН ЖОЛООЧ: 50,000 төгрөгийн цалиндаа бус хүнд цагт нэмэр болохыг л хүссэн

Халдвартай иргэд өөрсдийгөө тусгаарладаг байсан бол эсрэгээрээ халдваргүй иргэн өөрийгөө тусгаарладаг цөвүүн цаг иржээ. Өдрөөс өдөрт цар тахлаар нас барах хүний тоо нэмэгдэж, амьсгалах гэж хичээв ч, хэдэн арваараа амь тавьсаар л. Эрүүл мэндийн салбарт хүн хүч дутагдаж, салбараасаа дөлөх хэмжээнд тултлаа эмч, сувилагчдын ачаалал ихсэн, туйлдсаар. Харин энэ сараас эхлэн “Сайн дурын жолооч”-ийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өдрийн 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны талонтойгоор ажиллуулж байгаа юм.

Eguur.mn сайтын сурвалжлах баг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны сайн дурын жолооч Б.Болорчулуунтай уулзаж, түүний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч буй талаар сурвалжиллаа. Сайн дурын жолоочоор эмэгтэй хүн ажиллаж буйгаараа онцлогтой.

Биднийг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд очиход ойролцоогоор 20 гаруй хүн байв. Тэд бүгд халдвар авсан учраас эмийн багц авахаар тус өрхөд дугаарлан зогсож байгаа нь энэ. Харин тус эмнэлгийн ажилчдаас “Сайн дурын жолооч нь энэ хүн байх” гээд оноод хэлчихмээр хүн харагдсангүй. Учир нь дуудлагагүй үед зүгээр суух зав сайн дурын жолооч нарт үгүй. Бүртгэл хийх, эмийн багц тараахаас авхуулаад тэдний хийх ажил мундахгүй.

Эмийн багцыг бүртгэлжүүлж суугаа түүнийг Б.Болорчулуун гэдэг. Сайн дурын жолооч, сувилагчаар найм дахь өдрөө ажиллаж буй тэрбээр гэрээр эмчлүүлж буй халдвартай иргэнийд эмчийн хамт дуудлагын дагуу шуурхай очин, эмнэлгийн тусламж үзүүлэх, дусал, тариа залгах, эмийн багц тараах, эмнэлгийн бүртгэл мэдээллийн бүхий л ажилд туслах гэх мэт олон үүрэгтэй.

Б.Болорчулуун 1994 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд хөдөө орон нутаг, сум, багт сувилагч болон бага эмчээр долоон жил ажилласан туршлагатай.

Түүнтэй ярилцан суухад өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтнаар ажиллах болсноо ихэд олзуурхснаа онцлов. Энэ тухайгаа “Би мэргэжлээрээ залуу байхдаа ажиллаад хүүхэд төрүүлснээс хойш завсардсан. Түүнээс хойш хувиараа ажил хийж байсан ч сурсан мэргэжил минь сэтгэлд уяатай явдаг байв. Хоёр жилийн өмнөөс коронавирус бүртгэгдэж, эмч нарыг ачаалал ихэссэн. Тэр үед мэргэжил нэгтнүүддээ санаа зовж, буцаад ажилдаа ормоор санагддаг байсан юм. Саяхан “Сайн дурын жолооч, сувилагч сонгон шалгаруулна” гэсэн зарыг цахимаас хараад, найзынхаа зөвлөснөөр анкет бөглөж тэнцсэн. “Цалин нь 50 мянга гэнэ. Боломжийн юм байна” гэж найзыг хэлэхэд сэтгэлд уяатай явдаг мэргэжил минь намайг дуудах шиг л болсон. Түүнэс цалин нь надад чухал биш байсан. Гол нь энэ салбарт хүн хүч дутагдаж байна. Тиймээс цар тахал тархсан энэ хүнд цаг үед цагт нэмэр болохыг л хүссэн юм” гэлээ.

Хоёр жилийн өмнө халдвар гарч, эрүүл мэндийн салбар төдийгүй Монгол Улс хүнд байдалд орох үед эмнэлэгт ажиллах тухай бодол түүнд төржээ. Энэ тухайгаа хэлэхэд гэрийнхэн нь дургүйцсэн гэнэ. Харин сүүлд “Сайн дурын жолооч, сувилагчаар ажиллая” гэхэд нь зөвшөөрч, дэмжсэн байна.

ХҮН ҮХЭХ НЬ ГЭЭД МАШ ИХ САНДАРСАН…

Б.Болорчулууныг ажилдаа орсон эхний өдөр “Коронавирусийн халдвартай хүн ухаан алдчихлаа, туслаарай” гэх дуудлага иржээ. Түргэний машин жолоодож үзээгүй учир “Тэнд хүн үхэх нь” гээд маш их сандаржээ. Дээрээс нь яаралтай очихын тулд урсгал сөрөхөөс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Яаралтай очихгүй л бол болохгүй гэдгээ мэдэж байсан учраас зориглоод анх удаа урсгал сөрсөн нь тэр.

Энэ тухайгаа “Эхний өдөр байгууллагын логогүй явсан тул надад торгуулийн хуудас ирсэн. Зарим иргэн зам чөлөөлж өгөөгүй. Ер нь бидний ажлыг ойлгох, ойлгохгүйтэй л хандсан” гэлээ.

Б.Болорчулуун өдөрт 15-17 дуудлагад явдаг. Дуудлагаар очсон айлдаа эмчийнхээ заавраар тариаг нь тарьж, дуслыг нь залгадаг. Үүнээс гадна өрхийн эмнэлэгт сайн дурынхан ирж, хүч нэмсэн ч ачаалал дийлдэхгүй байгааг тэр учирлаж байлаа.

“Байдал үнэхээр хүндэрсээр байна. Бид дуудлагад дарагдаж, шинж тэмдгээс нь шалтгаалан хүнд өвдсөн иргэдэд л хүрч байгаа. Голчлон жирэмсэн, өндөр настан зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэнд эмнэлгийн шуурхай тусламж үзүүлэхийг чухалчилж байгаа” гээд санаа алдав.

“Дуудлага өгсөн иргэд удлаа гэж загнана. Машинаа зөвшөөрөлгүй газар тавилаа, урсгал сөрлөө, урдуур дайрлаа” гэж загнуулдаг. Өнөөдөр эмблемтэй болсон тул машиныг минь эмнэлгийнх гэдгийг хаанаас нь ч хараад танихаар болсон. Бусдад загнуулах нь харьцангуй багаслаа” гэв.

Өвчин хэлж бус хийсэж ирдэг. Өчүүхэн болгоомжлол, халдвар хамгааллын дэглэм алдвал коронавирус тусах эрсдэл түүнийг, гэр бүлийг нь отож байгаа. Тиймээс бусдын адил халдвар авчих вий, гэр бүлийнхэндээ халдаачих вий гэх айдас Б.Болорчулуунд ч бий.

Тиймээс өөрийгөө болон машинаа сайтар ариутгаад гэртээ ордог болжээ. Гэртээ орсон хойноо ч халдвар тээгч болсон байх вий гэхээс санаа нь зовж, зай барьдаг гэнэ. Цаашлаад хоол идсэн аяга, халбагаа тусад нь тавьж, гэр бүлийнхнийгээ халдварт өртүүлэх эрсдэлээс хамгаалдаг тухайгаа ярив.

Б.Болорчулуун бусдад загнуулахдаа эмзэглэдэггүй ч халдвар хамгааллын хувцас, бээлий олон цагаар өмсөх нь бэрхшээлтэй байдгийг нуугаагүй. Тэд халдвартай айл руу ороод гарах бүртээ өмсгөл, бээлий, амны хаалт, малгайгаа сольдог. Үүнээс гадна “Энэ хувцастай өдөржин ажиллана гэдэг үнэхээр давчдуулдаг. Бараг л агааргүй, бүх бие хувцсанд наалдаж хөлөрнө. Адаглаад бээлий нь гар хөхөөд, солих хооронд л арьс атирчихдаг.

Эмнэлгийн тусламж авах гэж буй халдвартай хүн рүү очих, туслах гэхээр сандраад, гар, хөл хөлөрдөг. Гэхдээ ажлын маань нөхцөл ийм юм чинь аргагүй ээ. Зөвхөн би ч биш, эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагынхан бүгд ийм хэцүү нөхцөлд удаан хугацаанд ажиллаж, тэвчээр заан, хүний төлөө байгаагаар нь бахархаж байна. Тийм учраас миний хэдхэн өдрийн ачаалал хажууд нь юу ч биш” хэмээв.

Энэ өрхөд түүнээс гадна хоёр жолооч байгаагийн нэг нь сайн дурынх, нөгөө нь тус өрхийн үндсэн жолооч. Тус өрхийн эмнэлэг сайн дурын жолооч нартай нэг сарын гэрээ байгуулжээ.

Б.Болорчулуун хэлэхдээ “Өвдсөн хүний судсыг олон хатгахгүй юм сан гэж их хичээдэг. Тэгэхээр тэр хүний анх угтаж авсан харц өөрчлөгдөж зөөлөрдөг. Энүүхэнд байдаг өвөө, эмээ хоёр халдвар авсан юм. Тэднийх рүү ороод тариа хийгээд, дусал залгахад инээгээд, бүр баярлаад байсан. Бидний ээж, аавууд өвдөхөөрөө яадаг билээ. Яг л тэр шиг хүний амьдралын зовлон, жаргал тэнд өрнөдөг. Нэг нь өвдөж зовно. Түүнд тусласандаа эмнэлгийн ажилтан баярлана. Ялангуяа хүнд нөхцөлд байгаа хүнээс “Баярлалаа” гэдэг үгийг сонсохоор цээж дүүртэл амьсгалмаар болдог. Хүн чинь урмын амьтан гэж үнэн шүү.

Дуудлагаар очсон айлын хүмүүс үргэлж гунигтай царайтай тосдог. Аргагүй дээ, өвдөж зовсон амьтад ямар л олиг байх вэ. Уйлсан, харц нь унжийсан хүмүүс л байдаг. Харин дусал, тариа хийсний дараа овоо сэргээд гарах үед баярласан, гэрэлтсэн харцаар үддэг.

Түгжрэл дунд урсгал сөрөөд бүхий л боломжоороо яарсаар очиход зарим өвчтөн “Удлаа” гэж загнана. Тэгэхэд бид цайндаа ч орж амжилгүй яарсаар очдог шүү дээ. Зарим нь “Эмнэлэгт хэвтүүл” гэж биднээс шаарддаг. Бидэнд тийм эрх мэдэл байхгүй” гэлээ.

Бид дуудлаганд яваагүй үедээ өрөөндөө сууж, бүртгэл мэдээллээ янзалдаг. Ажил дээрээ байхдаа ч “Нөгөө өвөө яасан бол, тэдэн давхрын жирэмсэн эмэгтэй яаж байгаа бол” гээд хоорондоо өвчтөнүүдийхнээ талаар л ярьдаг. Эмнэлгийнхэнд ялангуяа, энэ цаг үед цайны цаг гэж үгүй юм билээ. Гадаа дугаарлан зогссон иргэдэд “Түр байж байгаарай” гээд хаалгаа түр хаагаад, өрөөндөө яаруу сандруу юм идээд л ажилдаа буцаад ордог” гэв.

Гэрээ байгуулан, ажилдаа анх ороход нь “Оройн цагаар шаардлагатай бол дуудна” түүнд хэлжээ. Тэрбээр “Би өдөрт 08.30-17.30 цагт ажилладаг. Харин оройн ээлжийнхэн нь 00.00 цаг хүртэл ажилладаг. Хэрвээ ажлын бус цагаар шуурхай дуудлага ирвэл түүртэхгүй, өвдсөн нэгэн рүү очихдоо үргэлж бэлэн байдаг” гэлээ. Ийн ярилцаж байхдаа ч тэрбээр тайван суухгүй, ямар нэгэн юманд яарч буй мэт байв. Үүнийг нь лавлахад “Энэ ажлаа хийж эхэлснээс хойш яарч, сандарч гүйсээр байгаад ийм болчих шиг боллоо. Уг нь ийм хүн биш л дээ. “Шуурхай дуудлага ирж магадгүй” гээд үргэлж бэлэн байж, гар утсаа биеэсээ холдуулдаггүй. Бас юу ч хийсэн түргэн, түргэн хөдөлж, нэг л яаруу болсон байна лээ” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Аль ####ь т####даа хэрэгтэй л юм. Өөрийгөө эрсдэлд оруулан барин ийм ажил хийж байгаа хүн шүү дээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button