Нийгмийн

О.Билгүүн: 13 настайдаа барилга дээр ажилласнаасаа хойш 40-өөд хувийн бизнес эхлүүлжээ

“Өглөөний гудамж”, "Гэрэлт гудамж” "Food Station” зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж яваа Азийн топ модель, загвар өмсөгч, бизнэсмэн О.Билгүүнтэй ярилцлаа.

Түүний хувьд 13 наснаасаа хойш ажил хийж мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн нэгэн бөгөөд өдгөө 40 гаруй бизнес эхлүүлэн, туршлагажиж яваа гэдгээрээ онцлог. Бид энэ удаа түүний ажил амьдрал болоод сүүлд эхлүүлсэн явуулын хоолны "Food Station” үйлчилгээний тухай түлхүү хөөрөлдсөн юм.

-ЯВУУЛЫН ХООЛНЫ ГАЗАР НЭЭХЭД ӨМНӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙСАН ТӨСЛҮҮД ТУСАЛСАН-

-Ярилцлагаа "Food Station”-ийг яагаад байгуулах болсон тэр шалтгаанаас эхлүүлье?

-Бидний ажил бизнесийг дэмжиж, ярилцлага авахаар ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. "Food Station”-ийг байгуулах болсон шалтгаан их энгийн. Бид хотын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор "Гэрэлт гудамж”-ийг санаачилж, төслөө бичээд танилцуулсан нь амжилттай хэрэгжсэн. Миний сонирхол аялал жуулчлал, энтертайнмент, хоол. Тэгэхээр энэ гурвынхаа хүрээнд л би ажиллаж байгаа гэсэн үг.

"Food Station”-г анх нээх болсон түүхээ ярья л даа. 2014 онд бид 50-р дэлгүүрийн хажуу талд "Burger Station” бургерийн газраа нээж байсан. Тухайн газар маань тавхан метр квадрат талбайтай, таван зуун мянган төгрөгийн түрээстэй байсан. Тэндээ өдөрт 450 ширхэг бургер зарж, сардаа хорин сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг байлаа. Дээр нь зардал багатай.

Явуулын хоолны газрыг нээхэд өмнө эхлүүлж байсан төслүүд тусалсан. Жишээ нь "Гэрэлт гудамж”. Улаанбаатарчууд төдийгүй монголчууддаа бид явуулын хоолны үйлчилгээ, соёлыг нэвтрүүлж чадсан гэж боддог. Түүнчлэн "Burger station” байгуулсан туршлага байна.

Мөн ковидын хөл хорио болсон гээд өмнө хийж байсан зүйлүүд дээрээ анализ хийх боломж, цаг хугацаа багагүй гарсан. Найз нөхдөөс ч бас хийж байсан зүйлээ орхичихлоо шүү дээ гэх ятгалга, шүүмжүүд их ирдэг байлаа. Тэгээд ерөөсөө өмнөх зүйлсээ нэгтгээд "Food Station” болгоё. Гудамжинд явуулын хоол хийж, хүргэлтээр заръя гэх шийдвэрт хүрсэн.

Энэ бизнесийг улирлын чанартай гэж монголчууд ярьдаг. Гэхдээ ямар нэгэн саад тотгор тулгарахад түүнд заавал шийдэл байдаг гэж боддог. Тиймээс өвөл ч гэсэн оффисын гадна, хоолоо хийгээд зогсож байхыг хүссэн.

Мөн урлагийнхныг нэгтгэсэн Model.mn сайтыг хөгжүүлэн ажиллаж байна. Тус сайт нь урлагийнхныг хувийн хэвшлийнхэнтэй холбох гүүр юм. Хувийн хэвшлүүд ямар нэгэн байдлаар урлагийнхантай холбоотой байдаг. Наанадаж шинэ жил хийнэ шүү дээ. Тэгэхээр танилын хүрээнд явдаг зүйлийг албан ёсны болгоод, тэднийг хооронд нь холбож байгаа гэсэн үг юм.

-ЭНЭ БОЛ ТОГООЧ ШААРДЛАГАГҮЙ ХООЛНЫ ҮЙЛЧИЛГЭЭ-

-"Food Station”-ны онцлог юу вэ? Хүний нөөц, хоол гэх мэт...

-"Food Station”-д тогооч хэрэггүй. Хоолны материал, соус гээд бүгдийг савлаж бэлтгэсэн байдаг. Хоолны салбарт тогооч олно, тогтооно гэдэг маш хэцүү. Энэ зүйлийг хоолны газарт ажиллаж байхдаа, салбарт нь ажилласан учир мэдэж авсан.

Тиймээс тогооч шаардлагагүй хоолны үйлчилгээг гаргасан нь "Food Station” юм. Хүн өөрийн хүссэн амтлагч, соусыг бэлэн ногоо, хачиртаа холиод, өөртөө тохируулаад идэх боломжтой. Дээр нь манай үйлчилгээ албан ёсны эрхтэй Монголдоо анхдагч үйл ажиллагааны нэг. Анх "Grab&Go” газар нээгдсэн. Түүний дараа гарч ирж буй газар юм.

-Өөрийг тань жүжигчин, загвар өмсөгч гэдгээр хүмүүс илүү мэднэ. Таны яг үндсэн мэргэжил юу вэ?

-Олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилтэй. Найзууд маань намайг чи мэргэжлээрээ ажиллахгүй юм уу гэдэг л дээ. "Мэргэжлээрээ ажиллана гэхээр хаана ажиллана гэсэн үг вэ” гэхээр яаманд ор гэдэг. Тэгэхээр нь би "Үгүй ээ, олон улсын дипломатч гэдэг бүх салбарт байгаа. Би урлагийн дипломатч хийж байгаа. Соёл урлагийн дипломат” гэдэг.

-Танай компанийн үндсэн чиг үүрэг нь юу вэ?

-Худалдаа, үйлчилгээ, төслийн менежмэнт хийдэг газар юм. Толгой нь "Monkey creative” гэдэг компани байгаа. Үүнээс гадна "Food Station”, "Monkey travel” гэхчлэн компаниуд бий.

-ЭРГЭЭД ХАРАХАД 40-ӨӨД БИЗНЕС ЭХЛҮҮЛЖЭЭ-

-Таны ярианаас их олон салбарт хүч үзэж байсан тань ойлгогдож байна. Яг тухайлбал ямар, ямар салбарт хүч үзэж байсан юм бэ?

-Олон зүйл оролдож, туршиж явсаар эргээд харахад 40-өөд бизнес эхлүүлсэн байна. Анх 13 наснаасаа л барилга дээр туслах ажилчин, зөөгч, бармен, цэвэрлэгч, манаач гээд бүхий л ажлыг хийж үзсэн. Үүний хажуугаар 16 насандаа загварын салбарт орж, 17-тойгоосоо гарааны бизнесийг сонирхож эхэлсэн. Ингээд л хийж үзсээр нэг мэдэхэд маш олон зүйлийг сурч, судалж нөгөөтээгүүр алдаанаасаа суралцсан байна.

Барилгын материал борлуулах, түргэн хоолны газар, клуб, бургерийн газар, фитнесс, тавилгын цех ажиллуулах зэрээр олон зүйл туршиж, хийж үзсэн. Аль нь илүү ашигтай байх бол гэж олон зүйл хийдэг байсан болохоор бүтэлгүйтдэг байсан байх. Ашиг харахаас илүүтэйгээр дуртай зүйлээ хийхээр илүү амжилттай явж чаддаг юм билээ. Бүх салбар руу орж үзсэнээс би урлагийн хүн юм байна гэдгээ олж мэдсэн.

-Та маш олон зүйл хийж үзсэн байна. Би энийг л хийх ёстой юм байна гэдэг зүйлээ олсон уу?

-Тийм ээ. Би олсон гэж бодож байна. Би яагаад ийм итгэлтэй байна вэ гэхээр, надад ажиллаж үзээгүй, ороогүй салбар цөөхөн. Эцсийн бүлэгтээ би яг хэн юм бэ, юу хийж чаддаг юм бэ гэдгээ мэддэг болсон. Ингээд танилын хүрээ, бизнесээс олж авсан туршлага, мэдлэгээ ашиглаад ийм зүйл хийх ёстой юм байна гэдгээ ойлгосон. Ингээд бодохоор энтертайнмент, хоол, аялал жуулчлал бүгд хоорондоо уялдаж байгаа. Эдгээр зүйлсийг хийж үзсэндээ би харамсдаггүй. Миний хувьд өвөө, эмээ дээрээ өссөн. Ядуу зүдүү, борог амьдралд өсөөгүй. Хүүхэд байхаасаа л өөрөөсөө том хүүхдүүдтэй найзалж нөхөрлөдөг, өөрийн хэн байх ёстойг, юу хийхээ мэддэг хүүхэд байсан.

Өөрийн бодолдоо хатуу. Ер нь бол бусдын юу гэх бол гэх бодол, шүүмжлэлд ач холбогдол өгч байгаагүй. Дээр нь би их хор шартай. Хүн намайг чи тэрийг хийж чадахгүй ч гэдэг юм уу тэгвэл, түүнийг нь хийж чадаад "Би хийчихсэн, чадчихсан” гэдгээ харуулахыг хичээдэг. Энэ зан маань миний өнөөдрийн "Би”-г бүтээсэн гэж боддог.

-АЖЛАА ЗӨВ ТӨЛӨВЛӨВӨЛ АМРАХ, АЯЛАХ ЦАГ ХУГАЦАА АЯНДАА ГАРНА-

-Олон төрлийн бизнес эхлүүлж алдаж, онож явахдаа хамгийн том сургамж авсан зүйл тань юу вэ?

-Хариуцлагатай, бүтээлч, санаачлагатай байх ёстой гэдгийг сурсан. Мөн хариуцлагатай, худалч биш байх ёстой. Дээр нь эрсдэлээс айх ёсгүй юм байна гэдгийг ойлгосон. Хийхээр шийдсэн бол зоригтой л байх ёстой юм байна лээ. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэгтэй санал нийлдэг.

-Гарааны бизнес эхлүүлэхэд хөрөнгө, санхүү чухал. Түүнийг яаж зохицуулдаг вэ?

-Хамгийн ойрын тань хүмүүс гэр бүлийнхэн байдаг юм билээ. Тиймээс хамгийн эхэнд гэр бүлийнхнээсээ тусламж хүснэ. Хоёрт зээл. Гарааны бизнес хийж байсан, бизнес эрхлэгч хүн бүрд л тулгардаг бэрхшээл. Тиймээс зээл авахаас эмээдэггүй. Гол нь төлөвлөгөө, зорилт, судалгаа сайн хийгдсэн байх ёстой. Миний хувьд гарааны бизнесээ эхлүүлэхдээ олон удаа байраа, машинаа барьцаалаад зээл авч л байсан. Хүн хэзээ үхэхээ мэдэхгүй учир зоригтой, зорилготой амьдрах ёстой гэж боддог.

-Тантай ярилцаад суухад энэ их ажлыг яаж амжуулаад байна вэ гэх бодол төрж байна. Хатуу цагийн хуваарийн дагуу ажилладаг уу?

-Тухайн өдрийн ажлыг хэрхэн төлөвлөхөөс л шалтгаална. Хуанлитай л маш сайн ажиллаж сурах хэрэгтэй. Манай компанийн ажил өглөө 10 цагт эхэлдэг. Тэгээд долоо хоногийн эхний өдөр заавал хуралддаг. Цайны цаг хүртэл хуралдаад орой 18.00 цаг хүртэл ажилладаг, энэ ажлын цаг. Харин миний хувьд студийн контентын зураг авалт, ажлын уулзалт гээд л өдөржин л ажилладаг. Ажилласаар байгаад өдөр дуусдаг, заримдаа амармаар санагдах юм (инээв).

-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Хүн ажлаа зөв төлөвлөвөл, амрах, аялах цаг хугацаа аяндаа гараад ирдэг гэж боддог. Тиймээс ажлаа зохицуулаад, найз нөхөдтэйгээ уулзах, гэр бүлийнхэндээ цаг гаргахыг хичээдэг.

-Ярилцлагаараа дамжуулан уншигч залууст хандаж ямар зөвлөгөө өгч, юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Залуус маань эх орноо голж болохгүй. Бид бол эх орныхоо ирээдүй. Тэгэхээр өнгөрсөн рүү биш ирээдүй рүүгээ харж алхах хэрэгтэй. Гадаадад сурч байгаа, сурахыг зорьж яваа залууст хандаж хэлэхэд Сурсан зүйлээ Монголдоо хэрэгжүүлж, Монгол Улсаа хөгжүүлээрэй. Хөдөлмөрч, хариуцлагатай, зарчимч байгаарай. Хийхийг хүссэн бүхнээ хий. Алдаж байж онодог. Алдаж байж дараагийн зөв алхмаа хийнэ. Тиймээс зорьсноо заавал хийгээрэй гэж хэлмээр байна.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.НАРМАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ФЭН
ФЭН
2021-10-24 22:46

Ёсто мундагг з�##�уушд. Тэр бүтэн амьдр�##�ыын дүр нь чика

zol
zol
2021-10-24 22:47

Bur neg oogui, burhan neeree shudraga bish yumaa

Зочин
Зочин
2021-10-24 22:47

shutej ywdag shuu amidaa min dee

Амгаа Галаа Билгүүн
Амгаа Галаа Билгүүн
2021-10-27 18:07

Амгаа Г�##�аа Билгүүн 3 ийг ахимаг насны баян эгч нарын бизнесийг бүхэлд нь атгасан л гэдэг дээ.

Холбоотой мэдээ

Back to top button