УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ЕНБД-ын орлогч Кортней Раттрейтэй уулзлаа

Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд НҮБ-ын хүрээнд өрнөж буй тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын асуудалд чухал ач холбогдол өгч, энэ чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрейтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрейд шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улс КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад анхаарал хандуулж буйн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэх Замын зураглалын хэрэгжилтийг чухалчилж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглээд, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, санаачилгын талаар танилцууллаа.

Түүнчлэн Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох, судалгааны төвийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлэхэд Дээд төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр тэмдэглэв.

ДГХБО-ын эрх ашгийг хамгаалахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Дээд төлөөлөгч Кортней Раттрей өндрөөр үнэлж, дээд төлөөлөгчийн газраас тээвэр, логистик, худалдааг хөнгөвчлөх, чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа идэрхийлэв. Монгол Улсын  Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдгийг Дээд төлөөлөгч онцлов.

Уулзалтаар талууд ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button