Нийгмийн

Нүүрс тээврийн жолооч А.Эрдэнэ: Цагаанхаданд архи уухгүй арчаатай амьдрах хэрэгтэй

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-руу нүүрс, зэсийн баяжмал зэргийг задгайгаар бус чингэлэг тээврээр хүлээж авах шаардлага тавьсан. Улмаар манай талаас гарах нүүрс тээврийн экспорт саатаж, гацаад байгаа билээ. Манай улсын эдийн засаг ганцхан боомтоос хэт хараат байж, улсын эдийн засгийг тэтгэгч гол экспорт тасалдсанд иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Иймд нүүрс тээврийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.

БИД ЯГ Л БНХАУ-ЫН ЦЭРЭГ ШИГ БАЙДАГ

Юун түрүүнд нүүрс тээврийн компанийн бизнес эрхлэгч С.Сандантай холбогдож, боомтын захиргаанаас ямар шаардлага тавьж буйгаас гадна тулгараад буй хүндрэл бэрхшээлийнх нь талаар тодруулсан юм. Тэрбээр "Би 2017 оноос хойш нүүрс тээврийн компани удирдан ажиллуулж байгаа. Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн ангиллаар хувь машинтай хүмүүс тээвэр хийх боломжтой байдаг. Энэ шугамыг дагуу ажилладаг.

Бид ковидоос өмнө богинын тээвэр буюу Цагаанхад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомтод 20 км зам туулан нүүрс тээвэрлэдэг байсан бол коронавирус гарснаас хойш уртын тээврийг Тавантолгойгоос Цагаанхад хүртэл 245 км-т тээвэрлэдэг болсон. БНХАУ өдөрт 100 тээвэр нүүрс авна гэвэл л бид хөдөлдөг. Яг л цэрэг шиг” хэмээн Монгол Улсад ямар ч эрх мэдэл байхгүй, толгойгүй хүн шиг л байдаг талаар шүүмжлэн хэлэв. Үүнийг батлан хэлэхдээ "С зөвшөөрөл буюу олон улсын тээвэр хийх зөвшөөрлийг БНХАУ-ын олгосон квотоор л шийддэг. Тус улс нүүрс авна гэвэл оруулж өгөөд, авахгүй гэвэл хаяа сахисан банхар шиг гэр бариад жолооч нараа байлгадаг” гэлээ.

Түүнчлэн тэрбээр "Уртын тээвэр хийхэд жолооч нар 245 км газрын 100 км-т нь оочерлон түгжирч өнгөрүүлдэг байлаа. Өглөө 08 цагаас оройн 20 цаг хүртэл ачаагаа буулгадаг учраас 10 мянган машин араасаа цуварч явдаг. Нэг машины урт 23 метр байдаг. Түүнийгээ буулгахын тулд нүүрсээ аччихаад кабиндаа хоноод сөөм сөөмөөр дөхдөг байсан. Харин одоо нэг үеэ бодоход тээвэрчид кабиндаа хонодог, дотрроо бие засдаг байсан асуудлыг түрээсийн байр гаргаж асуудлыг шийдсэн” гэв. Гэвч энэ түрээсийн байр нь яг л буудал шиг өдрийн төлбөртэй. Өдрийн төлбөр болох 45-100 мянган төгрөгийг тээврийн хэрэгсэл хариуцагчид төлж буй. Нэг жолооч тээвэрт гаргахын тулд багадаа 20 хоногийн тусгаарлагдах нэрээр өндөр төлбөр төлсөөр байгаа аж.

Жолоочийг 14 хоног тусгаарласны дараагаар тээвэрлэлтэд гарах дараалалд бүртгэнэ. Тээвэртээ гарах хүртэл төлбөрийг нь компаниас гаргадаг бөгөөд тээврийн хэрэгсэлд гэмтэл гарах юм бол 5 орчим сая төгрөгөөр завсар хийдэг. Гэмтэл гарахгүй бол жолоочийн хүлээлгийн төлбөр, түлшний мөнгийг төлдөг. Сар орчим тусгаарлагдаж байгаа учраас ардаа амьдралтай хүн юм чинь гээд 1.5 сая төгрөгөөр цалинжуулдаг. Үүнээс гадна тээвэрт явсны хөлсийг ч өгдөг” гэлээ.

АТҮГ: НҮҮРС ЭКСПОРТЫН ГАРЦ ХЭВИЙН БАЙГАА

Дараа нь бид Авто Тээврийн үндэсний төвийн албаны эх сурвалжаас тодруулж мэдээлэл авлаа.

Эх сурвалж "Нүүрс тээвэр хэвийн явагдаж байгаа. Гурван боомт ажиллаж буй. Үүнд Гашуунсухайт, Ханги, Булган боомт ажиллаж, нүүрс тээвэр хийж байна. Гашуунсухайт боомтоор өдөрт 100 тээврийн хэрэгсэл, Ханги боомтоор өдөрт 155 тонн нүүрсийг 10 тээврийн хэрэгслээр ачиж байгаа бол, Булган боомтоор өдөрт нүүрс тээврийн 13-15 хэрэгсэл гарч байна. Эл мэдээлэл нь сүүлийн өдрүүдийн дунджийг илтгэх тоо. Энэ нь арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн тоон мэдээлэл” гэлээ.

Албан эх сурвалжийн хэлж байгаагаар өдөр бүр нүүрс тээвэр гарч байгаа аж. Харин яг нүүрс тээвэрт явж буй жолооч А.Эрдэнээ бидэнд Цагаанхад дахь нөхцөл байдлын талаар ярив.

А.ЭРДЭНЭЭ: ЦАГААНХАДАНД АРХИ УУХГҮЙ АРЧААТАЙ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ

Нүүрс тээвэрт наймдугаар сараас хойш явж буй тэрбээр "Би дөнгөж сая Ганцмод боомтод нүүрсээ буулгачхаад Монголд орж ирлээ. Энд нөхцөл байдал хэвийн байгаа. Нүүрсний экспорт өдөр бүр гарч байна. Цагаанхад суурьшлын бүс рүү орох болзлоо 14 хоног тусгаарлагдаж, шинж тэмдэггүй байсан учраас ханган орж ирсэн. Энд 160 орчим бөмбөлөгт жолооч нар бий. Бидний хэзээ хил давж нүүрсээ буулгахыг Цагаанхадны боомтын зөвлөл хуваарилдаг. Арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл долоо хоногт тогтмол нэг бөмбөлөг тээвэр гарч байлаа. Өчигдрөөс эхлэн зөвхөн чингэлэг тээврийн 100 машин татан авах системд шилжиж байна” гэлээ. Үүнээс гадна нүүрс тээвэрт яваад авч буй цалингаа "Амьдралд хүрэлцээтэй байгаа. Ямар компанийн машин унаж байгаагаас л шалтгаалдаг. Ихэвчлэн тээвэр хийсний хөлсөө л авдаг юм” хэмээн ярьж байлаа.

Түүнчлэн Цагаанхаданд хүн амьдрахын эцэсгүй гэж зарим мэдээгээр гардаг. Яг л шорон шиг гэж ярьдаг. Жолоочид гарч орж нэг дор бөөгнөрч, архи ууцгаадаг учраас хорьж цагддаг байдлыг болиулах гэсэндээ л тэгдэг байх. Бодит хүндрэл гэвэл нүүрсний тортог дүүрэн агаараар амьсгалах л хэцүү” гэлээ.

Эх сурвалжууд "Цагаанхадны боомтын зөвлөл БНХАУ-ын захиалсан тээврийг тоогоор дараалуулан дугаар өгдөг. Дугаараа ирэхээр тээвэртээ гардаг бөгөөд дахин БНХАУ-ын талд шинжилгээ өгөөд ачаагаа ачаад маргааш нь хил давдаг. Ингэхдээ цонх, хоёр хаалгыг лацдаад хүн гаргадаггүй. Журмыг зөрчөөгүй бол өдөртөө буцаад Монголдоо орж ирдэг. Зөрчвөл асуудалд орно” хэмээн БНХАУ-аас бүх зүйл хамааралтай байгааг хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-17 14:35

Хэцүү ч юм даа . Хаяа сахисан банхар шиг

Холбоотой мэдээ

Back to top button