Д.Мөнхчулуу: Бага хүүхдээ саахалт айлдаа уяж орхиод ТЭМЦЭЖ байна

Дорноговь аймгийн Мандах суманд “Түмэн айл инвест” ХХК нүүрс олборлохоор очоод буй. Гэвч сумын нутаг дэвсгэрт олборлолт хийлгүүлэхгүй гэх малчдын эсэргүүцэлтэй тулгарч, үл ойлголцол үүссэн. Тус компанийн зүгээс малчдад хүч хэрэглэн, гэмтсэн иргэд ч байна. Тэмцэгчдийн төлөөлөл болсон “Цэнхэр дээлтэй эгч” гэх нэрээр нийгэмд танигдсан Мандах сумын II багийн малчин Д.Мөнхчулуутай үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Нутгийн малчин иргэд хэд дэх өдрөө тэмцэж байна вэ?
- Энэ сарын 9-нөөс эхэлсэн, өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилж байна. Аймгаас ирэх шийдвэрийг хүлээж кэмпийн гадаа хаалган дээр нь манаад байж байна. Аймгаас ажлын хэсэг ирээд ямартай ч нэг удаадаа хөдөлгөөнийг нь зогсоогоод явсан.
- Энэ компанийн үйл ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Өнгөрсөн оны 10 сарын 27-ны үүрээр техник хэрэгсэлтэйгээ анх орж ирсэн. Тэр үед малчид ажил багатай, сонор сэрэмжтэй байсан тулдаа кэмпээ барихаас нь өмнө 3-4 хоног тэмцэж байж буцаасан. Энэ компани тэгэхэд шинээр барьсан төмөр замын баруун энгэр чигтэй явж Манлай сумын нутаг руу орсон. Тухайн үед бид нар Манлай сумын засаг дарга руу ярьж “танай сумаар дамжаад буцна гээд явлаа” гэж хэлсэн. Бид нар нүдээр хараагүй, гэхдээ хүмүүс мэр сэр Манлай сумын нутаг дэвсгэр дээр техник хэрэгсэл нь өвөлжсөн гэж ярьдаг. Сая малчдын ид ажилтай үеэр 4 сарын 9-нд шороон дундуур ороод ирсэн. Манай энд энэ хавар цаг агаар их муухай байна.
-“Түмэн айл инвест” компанийн хайгуул, олборлолт хийх гэж байгаа газрын тухай та тодорхой мэдээлэл өгөөч?
-Энэ бол Дорноговь аймгийн Мандах сумын I, II багийн айлуудын жилийн дөрвөн улирал нутагладаг газар. Яагаад бид эндээ жилийн дөрвөн улирал нутагладаг вэ гэхээр урагшаа нэгдүгээр багийн нутаг дэвсгэр дээр Алтайн ам, Цагаан суварга гээд 2-3 том уурхай үйл ажиллагаа явуулж эхэлснээс болж ус ширгэж, бэлчээр доройтож малчид бүгд ийшээ нутаглах болсон юм. Нүүрс ухах гэж байгаа газраас хойш 7 км зайд монгол улсын дархан цаазат Арван наймын богд уул байна. Гөрөөс, хулан, бор зээр, цагаан зээр, аргаль, янгир гээд үй олон амьтантай, жалга судаг бүрээс нь булаг ундардаг, таван хошуу мал, ан амьтантайгаа идээшиж, ундаасах бүрэн боломжтой ийм баян сайхан газар нутаг юм. Тэгэхээр ийм сайхан газар нутгийг минь ухчихвал малчид бид нар амьжиргааныхаа эх үүсвэрийг алдана. Бид чинь малаа маллаж, малаасаа ашиг шимээ хүртэж амь амьжиргаагаа залгуулдаг. Нутаг усгүй бол малгүй болно. Малгүй бол амьжиргаагүй болно. Үсрээд нэг жил нутгаа тойрч бууна. Ингээд цаашаа залгаа сумдынхаа нутаг руу орно. Бэлчээр, усны асуудал үүснэ. Тэгэхээр одоо залгаа сумдаа хүртэл энд ирээд уул уурхайтай тэмцээч гэж уриалмаар байна. Хэрвээ бидний тэмцэл мөхөсдөөд газар шороогоо ухуулаад эхэлбэл танай нутагт нүүж очих хүнд зүйл тохиолдоно шүү гэж хэлмээр байна.
- Хайгуул олборлолт хийх гэж байгаа талбай хэр нутаг дэвсгэрийг хамарч байна вэ? Найман айлын өвөлжөөний газар гэсэн мэдээлэл гарсан?
- 60 мянган га талбайд хайгуулж хийж байгаа. Хүмүүс найман айл гэж яриад байгаа юм. Жилийн дөрвөн улиралд 30 гаруй малчин өрх суудаг. Олон тооны мал эндээс идээшилдэг. Ер нь бол хэдэн ч айл байсан уул уурхайн үйл ажиллагаа явуулж, газар нутгаа ухуулна гэдэг хор хөнөөлтэй. Өнөөдөр монгол улсын хэмжээнд хэчнээн сум суурин малчид уул уурхайн хөлд үрэгдэж, малаа тааваар нь бэлчээж чадахгүй хүн малтайгаа зовж явааг монголчууд бүгдээрээ мэдэх хэрэгтэй.
- Нутгийн иргэдэд хүч хэрэглэсэн бичлэг цацагдсан. Хор хохирол хэр учирсан бэ?
- Эхний өдрүүдэд энд 2-4 км зайд нутагладаг арваадхан малчин цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Энд уул уурхайн компаниас гадна Есөн-эрдэнэ гээд хамгаалалтын алба, “Дардан зам” гээд бас нэг компани, дээрээс нь жолооч, хамгаалалтын хувцасгүй ч хөлсний бололтой бие хамгаалагч нар байгаа. Нутгийн нэг иргэнд бараг гурван хүн ногдож байх шиг байсан. Бид нарыг техниктэй авч чулуудаж, машин, мотоциклийн толь хугарсан, хагарсан. Нэг иргэнийг хавирга хугарсан байж болзошгүй. Зодуулсныхаа дараа амьсгалахад хэцүү байнаа гээд байсан, хоёр өдрийн тэмцэлд ирсэнгүй. Манай багийн нэг иргэнийг гурван залуу өвдөглөж, тохойлдож зодсоноос болж тархи толгой нь өвдөж халуураад хоносон. Нутгийн иргэдээс найман хүнийг аймаг руу цагдаа дуудаад явсан. Иймэрхүү л байдалтай байна.
- Таныг цохиж гэмтээсэн үү?
-Учиргүй барьж аваад зодоогүй. Түлхэх цохих, цахилгаан бороохойд өртөх энэ тэр бол энүүхэнд. Гэхдээ би эмзэглэхгүй байна. Би тэр хүмүүст ч хэлсэн. “Намайг бороохойд, малд мөргүүлсээр байгаад наад бие чинь өвдөхөө байчихсан юм” гэж хэлсэн. Намайг ямар чанга хашгирч орилдог юм гэж доромжилсон. Би 30 жил малынхаа хажууд орилсон хүн, хаана хашгирхаа өөрөө мэднэ гэж хэлж үзлээ.
-МАНДАХ СУМЫН ЗАСАГ ДАРГА КЭМП БАРИХЫГ ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ХУУРАМЧ БИЧИГ ҮЙЛДСЭН-

-Компанийн зүгээс та бүхэнд ямар мэдээлэл өгдөг вэ?
- Малчдад их муухай ханддаг. Та нар муусайн нинжанууд гэсэн. Би тэр хүнд Монгол улс бид нарыг та монгол улсын малчин шүү гээд үнэмлэх энгэрийн тэмдэг олгосон юм шүү гэж хэлсэн. Тэгээд бүр сум орон нутгаар нь доромжилж байна. Монгол орны хэмжээнд хаягдсан сум, бид нар уул уурхайг нь ухаад дэд бүтцийг нь сайжруулах гэж байна гэнэ. Хаячихсан юм бол тэгээд тэр чигээр хаячихаач гэлээ. Эд нар газар нутгийг нь ухаж баяжаад, бид нар амьжиргаагаа алдаад дуусна.
- Компани иргэдтэй албан ёсоор уулзалт зохион байгуулсан уу, ер нь?
- Албан ёсны арга хэмжээ нэг ч болоогүй. Компанийн удирдлагууд нь малчдыг маш их доромжилж дургүйцэл эгдүүцлийг нь хүргэдэг. Том биетэй хүмүүсээрээ дайруулна. Бид нар олуулаа цуглаж хоноод өглөө мал, ар гэр рүүгээ зарим нь явна. Цөөхүүлээ үлдэхээр нь дайрч давшилж, ухах ажилдаа ордог. Олон байвал гарч ирэхгүй. Гарч ирэхээрээ доромжилно. Хамгаалагч нар нь элдвээр доромжилж тэмцэгч залуучуудын тэсвэр тэвчээрийг барьж өөрсдийгөө цохиулж биднийг буруутан болгох зорилгоор шордож байгаа нь ажиглагддаг. Гэхдээ манай малчид маш тэвчээртэй хандаж байгаа. Тэр кэмпийн хүмүүсийг цохиж зодоогүй, техник хэрэгсэлд нь хүрээгүй. Та нар зөвшөөрлөө үзүүлчих гэхэд л үзүүлэхгүй, тэр шанагатай машинаараа хүч түрэн гарч ирж байгаа.
- Тухайн нутаг оронд үйл ажиллагаа явуулахад багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцдэг. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
- Албан журмаар үйлдсэн нэг ч зүйл байхгүй. Багийн иргэдийн нийтийн хурлаар малчдаас зөвшөөрсөн гэсэн гарын үсэг авна гээд байгаа. Тэгэхэд энэ компанийнхан дотоод хурлыг хийлгэхгүй дайрч давшаад байхаар нь малчид эсэргүүцээд тарсан. Ганц нэг хүнээс санал асуулга аваад үүнийгээ танилцуулсан гэж бичиг баримт бүрдүүлсэн. Мандах сумын засаг даргын албан бичгийг хуурамчаар үйлдэж, кэмп барих зөвшөөрөл өгсөн гээд дайрч байх жишээтэй.
- Компанийн захирал, удирдлагууд ямар хүн байдгийг та бүхэн мэдэх үү?
- Бид нар энэ хүмүүсийн ард үнэхээр ямар хүн байдгийг хармаар байна, мэдмээр байна. Ямар газар унаж, ямар эхээс төрсөн, эхнэр хүүхэдтэйхүн байдаг бол. Тэр хүнд төрсөн газар, унаган нутаг гэж байна уу. Эсвэл гадаад оронд төрсөн юмуу, бүр гадаад хүн юмуу. Монгол нутгийн газар дээр монгол эхээс төрсөн бол ийм сайхан газар нутгийг ухах гэж арай ингэж дайрмааргүйсэн. Бид хэд тэр хүнийг харахыг хүсч байна. Үзэн ядаж байна. Хэрвээ монгол хүн байдаг бол энд нэг ирээд үзээсэй.
-Сайд орон нутгийн удирдлагатай ярьж, ажлын хэсэг гаргасан. Та бүхний үүний дараа тэмцлээ үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна уу?
- Бүх малчид эргэлзэж байна. Урьд шөнө нь сайд тушаал гаргасан байхад энд хоносон арваад иргэнийг хүч түрэмгийлж хөөгөөд, хөрс хуулалтын талбайдаа хүрээ татан ухаж эхэлсэн. Сайдын тушаал гарч, ажлын хэсэг ирчхээд байхад ажиллаж байна гэдэг чинь өөрсдөдөө маш их итгэлтэй байна шүү дээ. Тийм учраас малчид өдөр шөнөгүй сахиж байна. Өчигдөр бүх хөдөлгөөн зогсоолоо гэсэн ч кэмп дотор тохижилтоо хийж ёмкость булаад, чингэлгээ зөөж байсан. Салбарын сайдаа үл тоож байгаа хүмүүст бид нар итгэхгүй байна. Компанийн эд хөрөнгө, техник хэрэгслийг лацдана гэж хэлсэн. Бид нар лацдуулмааргүй байна. Бүх юмаа аваад яваасай гэж хүсч байна. Шийдвэр нөгөө талд гарвал бид хүн хүчээ нэмж, гэр орноо авч ирж барина. Ийм л бодолтой байна даа. Та нарын дуу хоолойг нийгэмд хүргэе гэж ирээд явсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөөдөр “Орон нутгийн удирдлагууд иргэдээ дарамталж компанийн үйл ажиллагааг танилцуулаагүй” гэсэн утгатай мэдээ гарлаа. Ийм байхад бид нар хэнд итгэх вэ.
-НӨХӨР БИД ХОЁР БАГА ХҮҮХДЭЭ СААХАЛТ АЙЛДАА ОРУУЛЖ ТАВИАД ТЭМЦЭХЭЭР ИРСЭН-

-Ор үндэслэлгүй мэдээлэл гэж үзэж байна уу?
- Орон нутгийн удирдлагууд, багийн засаг дарга нар уулзуулахгүй гэж хэлээгүй. Малчид өөрсдөө бид нарт наад төлөвлөгөө энэ тэр чинь хэрэггүй, түрүү түрүүчийн уурхайнууд яг ингэж л эхэлдэг гэсэн байр суурьтай байгаа. Бид нар дээр ирж уулзаа ч үгүй. Нэгдүгээр багийн засаг дарга М.Энхмэнд бидэнтэй хамт яваад тэмцэж байгаа. Хоёрдугаар багийн засаг дарга бол төрийн албан хаагч ийм зүйл орж болохгүй гэсэн. ИНХ-ын дарга Б.Шижир үзэл бодлоороо хамт байгаа. Тэгэхээр эндээс нутгийн иргэдийг орон нутгийн удирдлагатай харгалдуулж итгэлгүй болгох гэсэн санаа харагдаж байна. Эд нар магадгүй дараа нь ард иргэдийг хооронд нь хагаралдуулж мэдэх нь. Манай сум 1500 хүн амтай. 500 хүн энэ компанийг эсэргүүцэж гарын үсгаа зурж баталгаажуулсан. Биднийг хэн нэгэн турхираагүй, мал амьтан, үр хүүхэд, нутаг усныхаа төлөө өөрсдөө нэгдэн тэмцэж байна. Энэ бол сумын удирдлагуудыг гүтгэж буй хэлбэр. Нэгдүгээр багийн засаг дарга сумын иргэдийн хурлын төлөөлөгч. Биднийг хэрэг төвөгт оруузай, гэмтэж бэртэх вий гээд санаа тавьж явдаг. Сая аймгийн цагдаагаас дуудаад аваад явсан.
-Та бүхний тэмцэл олон хоног үргэлжиллээ. Бензин шатахуун, хоол ундаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Наашаа цаашаа явах унаа, бензинээ өөрсдөө зохицуулж байна. Хоол ундыг нутгийн ард иргэдийнхээ хандив, тусаар болгож байна.
-Та өөрийгөө танилцуулаач?
- Мандах сумын хоёрдугаар багийн малчин. Нөхөр, гурван хүүхэдтэй амьдардаг. Малаа дөрвөн төрлөөр тэмээ голчлон малладаг хүн байна. Нэг хүүхэд оюутан, нэг нь аймагт дунд сургуульд сурдаг. Нөхөр бид хоёр багыгаа саахалт айлдаа оруулж уячхаад гарч ирсэн. Малаа эзэгүй орхиод тэмцэж байна, бид нар. Яахав, малаа алдуул эрж сураад олоод авна. Газар нутгаа алдчихвал хаанаас олж авах вэ. Би гурван өдөр хүүхэдтэйгээ уулзаагүй байж байгаад харьж хоносон. Хэдэн ямаагаа самначхаад, хүүхдээ нэг харчхаад сая ирлээ. Одоо эд нартаа хоол цай хийж өгнө дөө.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ бүсгүйг эднийг дэмжээрэй иргэд ээ