НИЙГЭМ

Л.Энхээ: Хавдартай тэмцэж буй хүмүүст долоо хоног бүр хөгжмийн эмчилгээ хийж байна

ХСҮТ долоо хоног бүрийн лхагва гарагт нэг цагийн турш хөгжмийн эмчилгээ хийдэг уламжлал тогтоожээ. Өнөөдөр ес дэх удаагийн тоглолт нь болж байх үеэр манай сурвалжлах баг ХСҮТ-ийг зорилоо. Нэг цагийн турш хөгжмийн тоглолт хийх үеэр дамжин өнгөрсөн 1000 орчим хүн сонсдог гэж албаны хүн хэлж байв. СУИС-ийн хамт олон хөгжмийн зэмсгийн хамт энд ирж, зааланд уянгалаг хөгжмүүд тоглох бөгөөд амбулаториор эмчлүүлж буй бүх хүмүүст сонсогддог юм байна.

Энэ талаар ХСҮТ-ийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээтэй товч ярилцлаа.

-Хөгжмийн эмчилгээг хэзээнээс нэвтрүүлж эхэлсэн бэ?

-Гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт зөвхөн эмийн, мэс заслын эмчилгээнээс илүү хөгжмийн төрлийг нэвтрүүлж эхэлсэн. Манай эмнэлэг үүнийг нутагшуулахаар ажиллаж эхлээд байна. Хавдар гэдэг өвчнийг даван туулахаар тэмцэж буй хүмүүст хөгжим маш эерэгээр нөлөөлдөг гэдэг нь нотлогдсон.

Иймд “Монос” эмийн сангаас дэмжиж, манай эмнэлэгт мэргэжлийн өндөр чанартай төгөлдөр хуур авч өгсөн. СУИС-ийн хамт олон маш их дэмжиж, долоо хоног бүр гайхалтай тоглолт хийж өгч байна.

Хөгжим өөрөө биеийн дасан зохицох, нөхөн сэргээх чадварыг дэмжиж өгдөг. Урлаг соёлын байгууллагууд хамтрахаар ирвэл бид нээлттэй хүлээж авна. Цаашдаа Монгол Улсын консерваторитой хамтарна.

-Үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр нөлөө хэрхэн гарч байна вэ?

-Эхлээд хүмүүс гайхдаг байсан. Эмнэлэгт, үйлчлүүлэгчийн танхимд төгөлдөр хуур тавьсны дараа их сонирхож, гайхаж хүлээж аваад л.

Зарим өвчтнүүд “Өвдөж байхад хөгжим тоглолоо” гэж ярьдаг байсан. Хөгжмийг заавал баяр жаргалтай үед тоглодог гэсэн хуучин ойлголтууд нь одоо өөрчлөгдөж байна.

Тоглолт дунджаар нэг цагийн хугацаанд үргэлжилдэг. 1000 орчим хүн энэ хугацаанд дамжин өнгөрч сонсож байгаа. Өнөөдрийнх ес дэх удаагийн тоглолт гээд бодоход давхардсан тоогоор есөн мянган хүнд сонсгосон байна шүү дээ.  

-Өнөөдөр СУИС-ийн хамт олны сүүлийн тоглолт гэлээ. Цаашид энэ үйл ажиллагаагаа ямар хэлбэрээр үргэлжлүүлэх вэ?

-СУИС-тай хамтарсан тоглолтууд маань өнөөдөр дуусаж байна. Үүний дараа Монгол Улсын консерватортой хамтарна.

Эдгээр хамтрагч урлаг соёлын байгууллагууд маань төлбөр мөнгө авдаггүй, цэвэр зүрх сэтгэлийн зорилгоор оролцдог онцлогтой. Нэгдмээр, оролцмоор байна гэсэн энэ дэмжлэгээр уран бүтээлчид хөгжим хэрэгсэлтэйгээ ирж тоглодог.

Г.САНСАРМАА

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Э.БУЛГАН, О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button