Нийгмийн

ТЭРГҮҮНИЙ СУМ: Шагналын 100 саяа ЖДҮ, сумын бүтээн байгуулалтад зарцуулна

Засгийн газрын тавдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар улсын тэргүүний дөрвөн сумыг шалгаруулсан талаараа мэдээлсэн.  Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халхгол сумууд шалгарсан юм. Тэгвэл бид тус сумдын удирдлагуудтай холбогдож шалгаруулалтын талаар тодрууллаа.  Мөн тус сумдыг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнах билээ.

БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГА П.ЛХАГВА-ОЧИР: МАНАЙ СУМЫГ ЗОРИН ИРЖ АМЬДРАХ ЗАЛУУС НЭМЭГДЭЖ БАЙНА

-Танай сум улсын тэргүүний сумдын нэгээр шалгарсан байна. Танай сумын иргэд болон ИТХ-ын хамт олонд баяр хүргэе?

-Тэглээ. Улсын тэргүүний сум буюу жишиг сум шалгаруулах 2009 оны засгийн газрын 193-р тогтоолын журам байдаг. Тэр журамд сумын ИТХ идэвх санаачилга, ажлаа хэрхэн хийж байгаа вэ гэх мэт тодорхой үзүүлэлтүүд байдаг. Түүнийхээ дагуу материалаа явуулсан. Хутаг-Өндөр сумын хувьд зургаа дахь удаагаа тайлангаа явууллаа. 2015 онд Хангайн бүсээсээ шалгарсан хэдий ч Улсаасаа шалгарч чадаагүй. Харин энэ жил зургаа дахь удаагаа тайлагнасны эцэст шалгарчээ. Өнгөрсөн зургаан удаа гэдэг нь 10 жилийн хөдөлмөрийг ярьж байна гэсэн үг. Манай сум 5193 хүн амтай, таван багтай. Гурван баг нь төвлөрсөн. Харин хөдөөгийн гурван багтаа сургууль цэцэрлэг эмнэлэгтэй сум. Ийм багтай сум Монгол Улсдаа цөөхөн.

2024 онд манай сум 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. АХ-ын 100 жилийн ой дээр шилдэг сум болсондоо баяртай байна. Нийгэм эдийн засгийн бүх л үзүүлэлтийг хангасан сум болж чадлаа.

Хутаг-Өндөр сумын хувьд мал аж ахуй, газар тариалан хосолсон сум. Булган аймгийн хойд  хэсэг, Хөвсгөл аймагтай залгаа. Эг, Сэлэнгэ, Хануй голын ай савд багтдаг учраас үржил шимтэй хөрстэй газар нутаг шүү дээ. Газар тариалангийн 23 мянган га эргэлтийн талбайтай. Жилдээ 10-11 га-д үр тариа тариалж улсдаа нийлүүлж байна. Үндсэндээ газар тариалангийн үр тарианы салбарт манай сумаас 29 ААН, 39 иргэн, төмс хүнсний ногоон дээр 239 иргэн  ажиллаж байна. 5193 хүний 80 орчим хувь нь тогтмол ажлын байраар хангагдсан. Бидний улсын тэргүүний сум болж байгаа гол шалтгаан нь ард түмэн нь хөдөлмөрч, байгаль цаг уурын таатай нөхцөл нөлөөлсөн.

-Танай суманд ямар ямар үйлдвэрлэл явагдаж байна.?

-Мах боловсруулах үйлдвэр, хуурай сүүний үйлдвэр, арвайн гурилын үйлдвэр, үхрийн фермер жишиг аж ахуй, үр тариа, өрхийн үйлдвэрлэл бол төрөл төрлөөрөө байна. Сумын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 29 ААН, 4 супермаркет үйл ажиллагаа явуулдаг. Рашаан сувилал ч байгаа.

-100 сая төгрөгийн шагналын мөнгөө ямар ажилд зарцуулах вэ?

-Бүтээн байгуулалт л хийнэ дээ. Хоёр жилийн дараа 100 жилээ тэмдэглэх учир түүнд зориулсан бүтээн байгуулалт хийх байх. ИТХ-аар хэлэлцэж батална.

-Миний мэдэж буйгаар төв суурин газраас олон залуус Хутаг-Өндөр сумыг зорин очиж амьдардаг болсон. Залуу гэр бүлүүдийн зорин очих шалтгаан нь юу вэ?

-Манай сум “Нэгдмэл Хутаг-Өндөр” гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөртөө шилжилт хөдөлгөөнд  ээлтэй сум байна гэж зааж өгсөн. Энэ хүрээнд ирж байна. Мөн сум орон нутгийн хөгжил, байгаль цаг уурт татагддаг байх. Тээвэр ложистикоороо ч татаж байна. Сургууль, цэцэрлэгийн асуудал шийдэгдсэн учраас залуус судалж мэдээд зорин ирдэг.

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б.БАНЗРАГЧ: 2021 ОНД 70 ТОГТМОЛ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОСОН

--Танай сум улсын тэргүүний сумдын нэгээр шалгарсан байна. Баяр хүргэе?

- Баярлалаа. Засгийн газрынхаа тогтоол журмын дагуу шалгуураа бүрэн хангаж чадсанаар өнөөдөр ийм дүнд хүрлээ л гэж харж байна.

-Иргэд болон удирдлагуудын уялдаа холбоотой ажиллаж буй байдал, хөдөлмөр хичээл зүтгэл нөлөөлөв үү?

- Тэглээ, тэглээ. Ард иргэдийн хамтын оролцоо бид бүхний уялдаа сайжирч өнөөдрийн энэ үр дүнд хүрсэн шүү.

-Танай суманд хэдэн үйлдвэр ажилладаг вэ?

-Манайх нэгдүгээрт иргэдийнхээ ая тухтай амьдралыг бүрдүүлэх, иргэд ашиг орлого олох ажлын байрыг нэмэгдүүлэхээр олон ажил хийж байна. Үүний хүрээнд өнгөрсөн 2021 онд л гэхэд 70 ажлын байрыг шинээр бий болгосон. Гуталчин, үсчин, оёдол, цаг засвар хүртэл нэмэгдсэн. Энэ нь байнгын ажлын байр шүү дээ. Ар гэрийн орлого ч гэсэн нэмэгдсэн байна.

-Ажлын байр шинээр бий болно гэдэг чухал шүү?

-Тийм. Манай сум сүүлд бий болсон гэхэд хурдацтай хөгжиж байгаа сум гэж хэлж болно.

- Шагналын 100 сая төгрөгөөрөө юу хийх вэ?

-Сумандаа байнгын үйл ажиллагаатай ЖДҮ бүтээх байх. Журмандаа 50 хувийг ЖДҮ байгуулахад зарцуулаарай гэж заасан байдаг. Манай сум харин 100 хувь ЖДҮ-т зарцуулна. Эсгий гар урлалдаа зарцуулах  уу, яах уу гэдгээ ИТХ-аараа оруулна гэсэн бодолтой байна.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button