Байден: ЭМД-ын системийг бэхжүүлэхийн тулд чинээлэг давхаргынхан илүү татвар төлөх ёстой

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн даатгалын систем болох "Medicare"-ийн санхүүжилтийг өргөжүүлэхийн тулд өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэх саналыг дэвшүүлжээ.
"Associated Press" болон бусад агентлагуудын мэдээлснээр ерөнхийлөгч Байдены 2024 оноос эхлэн жилд 400 мянган ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгөөс дээш орлоготой иргэдэд ногдуулдаг 3.8 хувийн ЭМД-ын системийн татварын хэмжээг таван хувь болгон нэмэгдүүлдэг саналыг оруулсан байна.
Ерөнхийлөгч Байденыг дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед буюу 2010 онд "Обама кейр хууль"-ийн хүрээнд 2013 оноос хойш зарим өндөр орлоготой иргэдэд хөрөнгө оруулалтын орлогын албан татварыг 3.8 хувь байхаар хуульчилсан.
Тэгвэл Байден дээрх саналынхаа талаар "Уг хуулийн төсөл 2050 он хүртэл, түүнээс урт хугацаанд ч эмнэлгийн үйлчилгээний санхүүжилтийг огт хасахгүйгээр эрүүл мэндийн системийг тэнцвэртэйгээр авч явах боломжийг олгоно. Чинээлэг давхаргынхан татвараа зохих ёсоор нь төлж байгаа ч уг системийг хөгжүүлэхийн тулд бусдаас бага зэрэг илүү татвар төлөхийг хүсэж байна" хэмээн онцолжээ.
Эрүүл мэндийн системийн үр өгөөжийг хамгийн ихээр хүртэж буй хүмүүс нь 65 ба түүнэс дээш насны ахмадууд байдаг ажээ. 65 гаруй сая америкчуудад тусаа өгдөг уг систем жил бүр дунджаар 900 тэрбум ам.долларын татварыг хуримтлуулдаг байна.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.