Хурдан морины салбар хороо: Бороо их орвол Хүүхдийн байгууллагын санал сонсоно

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо хуралдлаа.
Хурлаар хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлж, салбар хорооны удирдлагууд даамал, дэд даамал, шууд дамжуулалт, сэрвээ хэмжилт болон шүдэлгээний ажлын хэсгийн бүрэлдэхүүнд чиглэл өглөө.
Мөн “Баяр наадмын хурдан морины уралдаан хууль, дүрэмд заасны дагуу хугацаандаа явагдана. Хэрвээ хур тунадас ихээр орж, уралдаанд тодорхой хүндрэл үүсвэл хамгийн түрүүнд Хүүхдийн төлөө байгууллагаас санал сонсох ёстой. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасны дараа уралдах, үгүйгээ шийднэ. Тиймээс бид учирч болзошгүй эрсдлийг сайтар тооцох нь чухал.
Бүх зүйл хууль дүрмийн дагуу ил тод, шилэн явагдах ёстой. Шүдэлгээ, сэрвээний өндөр хэмжилтийн үйл явцыг шууд дамжуулна. Ямар нэгэн алдаа дутагдал гаргахаас сэргийлж, ажлын уялдаа холбоог сайтар хангаж, хяналтыг улам сайжруулахад дор бүрнээ анхаараарай. Төр, засгаас даалгасан өндөр үүрэг хариуцлагатай ажлыг алдаа мадаггүй гүйцэтгэх нь бидний үүрэг. Мөн энэ бүхний цаана уяач хүний жилийн хөдөлмөр байгаа гэдгийг мартаж болохгүй” гэж хэллээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.