Самрыг гараараа цөмж идвэл нянгийн халдвар авах эрсдэлтэй

Хушны самрыг болц гүйцээгүй үед нь түүхийг хориглож байна. Самрыг аравдугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1-ний хооронд бэлтгэдэг аж.
Болц гүйцээгүй самар түүж, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжинд нэрвэгдэх, экосистемийн тэнцвэр алдагдахад хүргэж, улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид, амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлнө. Болц гүйцээгүй боргоцой нь давирхай ихтэй тул модны гол ишийг мунаар цохиж самрыг унагаах нь гол ишийг гэмтээх, хатаах, модлогийн хортон үүрлэх, давирхай их хэмжээгээр гоожих зэрэг сөрөг үр дагавартай юм.
ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбар нийслэлийн ногоон бүсийн хушин ойн төлөв байдлыг 2020 онд үнэлэхэд, ойн моддын 60 гаруй хувь нь өсөлт саарч байгаа, 30 гаруй хувь нь зогсож доройтож байгаа ангилалд хамаарагджээ.
Түүнчлэн, иргэн ахуйн нөхцөлд самрыг гараараа цөмж иддэгээс давирхайтай самраас нянгийн халдвар авах нөхцөл бүрдүүлдэг. Учир нь давирхайн дээр эргэн тойрон дахь тоос, шороо элдэв бохирдол наалдсаныг иддэг гэсэн үг. Үүний улмаас халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчнүүд үүсэх аюултай.
Иймд зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САМРАА ХӨЛӨӨРӨӨ ЦӨМӨӨРЭЙ