ДЭЛХИЙ

Вакциныг эмтэй хослуулснаар ДОХ-оос сэргийлж чадах уу

40 гаруй жилийн өмнө ХДХВ-ийг дархлалын олдмол хомсдол үүсгэдэг гэдгийг эрдэмтэд илрүүлсэн. Мөн ХДХВ-ийн вакциныг гарган авахын тулд судлаачид сүүлийн 36 жилийн турш ажиллаж байгаа билээ. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбар ХДХВ-ийн вакциныг амжилттай бүтээж чадаагүй байгаа юм.

Тэгвэл Уганда улсын эрдэмтэд олон улсын тусламжтайгаар ДОХ-ийн вирусийн эсрэг хоёр шинэ вакцины туршилтыг эхлүүлжээ. “PrEPVacc” нэртэй тус төсөл өмнө нь явагдаж байсан ХДХВ-ийн эсрэг вакцины туршилтын дүн шинжилгээг авч үзэн бүтээсэн хоёр вакциныг, халдварт өртөхөөс сэргийлэх эмтэй (PrEP) хослуулснаараа анхдагч аж.

Pre-exposure prophylaxis (PrEP) нь ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлдэг эм. “PrEP”-ийг зааврын дагуу уувал бэлгийн харилцаанаас халдвар авах магадлалыг 99%, зүү тарианаас халдвар авах эрсдэлийг дор хаяж 74% багасгадаг байна.

Хэдийгээр бусад вакцины туршилт бүтэлгүйтсэн ч эрдэмтэд “PrEPVacc”-ийг амжилтад хүрнэ гэж найдаж буй. Бүтэлгүйтсэн туршилтуудаас дурдвал 2020 оны 2-р сард “HVTN 702”, 2021 онд “HVTN 705”, 2023 онд “HVTN 706” нэртэй вакцины туршилтуудыг цуцалжээ. Учир нь гэвэл тэдгээр вакцин хүнд тарихад аюулгүй гэдэг нь тогтоогдсон ч ХДХВ-ийн эсрэг дархлаа үүсгэх чадваргүй байсан юм.

Зөвхөн 2009 онд хариу нь нийтлэгдсэн Тайландад явуулсан вакцины туршилт л ХДХВ-ийн халдвараас бага зэрэг сэргийлдэг гэдэг нь тогтоогдсон.

“RV144” нэртэй тус вакцины үр дүн 30 хувь байжээ. Гэхдээ энэхүү үр дүнгийн талаар эрдэмтэд одоог хүртэл маргадаг юм. “PrEPVacc”-ийн хоёр вакцины туршилтыг амжилттай гэж үзэхийн тулд аль нэг нь 70-аас дээш үр дүн үзүүлэх шаардлагатай.

Нэг вакцин нь ХДХВ-ийн ДНХ-ийн синтетик хэсгүүдийг уургийн суурьтай хослуулдаг бол нөгөө нь ДНХ, MVA (сулруулсан салхин цэцгийн вирус) болон уургийн суурийг нэгтгэдэг. Туршилтад оролцож буй хүмүүсийг нэгдүгээр вакцин, хоёрдугаар вакцин, хуурамч вакцин тарих гурван бүлэгт хуваана. Вакциныг тарьсны дараа бүх оролцогчид 26 долоо хоногийн турш өдөр бүр “PrEP” уух аж. Энэ жилийн гуравдугаар сард эхэлсэн тус туршилтыг 48 долоо хоногийн турш үргэлжлүүлнэ.

“PrEPVacc”-ийн ахлах, доктор Жонатан Вебер “Ийм бүтэцтэй вакциныг урьд өмнө нь хэзээ ч туршиж байгаагүй. Эдгээр вакцин нь одоогийн анагаах ухааны хамгийн сайн бүтээл” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button