Мэтгэлцээнд дуудав: “Би Жокер, Н.Амаржин бол алиалагч”
Ардчилсан намын ҮБХ-ны хуралдааны үеэр нэг хүн Жокерийн дүрд “хувилаад” зогсож байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүний байр байдлыг хачирхан дамжуулаад өнгөрсөн юм.
Тэр бол АН-ын гишүүн А.Авар аж. А.Авар АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр томилогдоод буй Н.Амаржинг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа илэрхийлэн, Ардчилсан намын байрны гадна сууж байна.

А.Авар утсаар ярихдаа “Би бол Жокер. Миний амьдрал ч Жокертэй тун төстэй. Гэхдээ алиалагч гэж байгаа юм биш” гэсэн юм. Цаашлаад “Н.Амаржинд үнэхээр мэдлэг боловсрол байгаа бол энэ мэтгэлцээн сайхан боломж. Энэ талаас нь харж, зөвөөр хүлээж аваасай. Гэхдээ л би одоо хүртэл Н.Амаржинд итгэхгүй байна. Түүний ардчиллын төлөө, нийгмийн төлөө юу хийж бүтээснийг мэдэхгүй байна” хэмээсэн юм.
Жокер шиг хувцаслаж, нүүрээ будсан тэр хэвлэлүүдийн онцлох өнөөдрийн дүр болж байна.
А.Авар “Ардчилсан намын онцлог бол даргаас хараат бус байх асуудал. МАН-аас үүгээрээ ялгаатай. Харин намын даргын зөвлөх гэдэг албан тушаалд гишүүдийн сонирхол, байр суурь огт тусаагүй. Шууд орж ирлээ, Н.Амаржин гэдэг хүн. Хэрэв үнэхээр мэдлэг боловсрол нь тэнцээд, шаардлагатай боловсон хүчин гэж тооцогдсон бол би түүнтэй мэтгэлцмээр байна. АН-д олон жил тууштай тэмцсэн олон залуус байгаа” гэлээ.

Түүний өөрийн үндсэн ажил мэргэжлийг тодруулахад “Би цэргийн хүн” гэлээ.
Анх “Universal” англи хэлний сургалтын төвийг үүсгэн байгуулж, сүүлдээ комеди хийж олны анхааралд орсон Н.Амаржин АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллах болоод удаагүй байна. Олон нийт түүнийг “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт орсноор нь илүүтэй таних байх.
Комеди хийдэг хэдэн либерал залуус бий. Тэдний нэг бол Н.Амаржин. Д.Амартүвшин гэхэд өөрийн намаа үүсгэн байгуулсан. Харин Н.Амаржинг яг улс төрийн агуулгаар дуу хоолойгоо илэрхийлж байсныг нь сонссон хүн тийм ч олон биш байх. Тэр тусмаа, Монголын гол сөрөг хүчин намын даргад зөвлөх хүн, тийм хэмжээний мэдлэг боловсролтой, улс төрийн так тик боловсруулах мэдрэмжтэй, мэдээлэлтэй хүн гэдэг үүднээс нь мэдэх хүн цөөхөн.

Өөрийгөө Жокер гэх А.Аварын санаа зорилго ямар ч байж болох. Харин Н.Амаржин мэтгэлцээнд дуудагдсан нь өөрөө сонирхол татаж буй юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН яаж харахаараа Амаржина сонгодог юм болдоо
Amarjingiin PR ajillagaa bna. Metheltseen, Jokeriin dur ntr ni zugeer l anhaaral tatah mask, taktikiin ajillagaa bn.