Адуундаа яваад 9 хоног сураггүй болсон иргэнийг 5 дахь өдрөө хайж байна

Баян-Өлгий аймагт адуундаа явсан нэг иргэн сураггүй алга болоод есөн хоног өнгөрлөө. Түүнийг тав дахь өдрөө эрэн хайж байгаа юм. Тодруулбал, тухайн аймгийн Улаанхус сум, Даян 6 дугаар багийн “Унаганы гатлага гэх газар энэ сарын 9-ний өдрийн 11.00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон юм.
Түүний унаж явсан морийг нь энэ сарын буюу есдүгээр сарын 12-ны өдөр гэрээс нь хоёр км-т Ховд голын эргээс олсон байна. Улмаар тухайн иргэнийг усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тухайн өдрийн 10.15 цагт албаныхан хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт есдүгээр сарын 13-ны өдрийн 09.10 цагаас эхлүүлсэн билээ.
Ингэхдээ Ховд голын-Эх гэдэг газраас баруун урд зүгт 19 км-т “Зээрийн гарам” гэх газар хүртэл Ховд голын усаар завиар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
Хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг тав дахь өдрөө үргэлжлүүлж байна. Одоогоор тухайн иргэнийг олоогүй байгаа юм.
А.ДАВАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.