Азийн цомын тэмцээн Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээж байна

Улаанбаатар хотноо Азийн цомын тэмцээний эхний тоглолтын салхийг хагалахаар болов. Маргааш болох Азийн хөлбөмбөгийн холбооны “AFC cup” тэмцээний бүсийн тоглолтод Монгол Улсаас Эф Си Улаанбаатар клуб Тайваний Тайнан Сити багтай хурд хүчээ сорих юм. “Азийн аваргуудын лиг” гэж нэрлэгддэг “AFC cup” тэмцээний тоглолтын баг, тамирчдын төлөөлөл өнөөдөр дараах байр суурийг илэрхийлж байлаа.
Эф Си Улаанбаатар клубын дасгалжуулагч Войслав Бралушич хэлсэн үгэндээ “Манай баг анхны олон улсын тоглолтоо хийж Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд оролцож байгаа нь маш том нэр хүндийн хэрэг.
Монголын хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээгдэж байна гэж харж байна.
Энэ утгаараа Эф Си Улаанбаатар багийн хувьд маш хариуцлагатай тоглолт байх болно. Энэхүү тоглолтоос ямар ч оноо авсан Монголын хөлбөмбөгт маш том хөрөнгө оруулалт, туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Үзэгчид маань итгэж болно, бид ямар ч оноо авсан талбай дээр 100 хувь өөрсдийгөө дайчлах болно” гэсэн юм. Түүний хувьд Монголд 11 жил ажиллаж байгаа бөгөөд Эф Си Улаанбаатар багийг сүүлийн хоёр жил хариуцаж ажиллаж байгаа аж. Байгуулагдаад 13 жил болж буй Эф Си Улаанбаатар багийн хувьд чансаагаараа Монголдоо тэргүүлж байгаа төдийгүй олон улсын стандартад хүрэхээр зорьж буй шилдэг багийн нэг юм.
Тус клубын хувьд Азийн цомын тэмцээнд эх орноо төлөөлж буй дөрөв дэх баг нь болж байна. Өмнө нь манай улсаас Эрчим, Хоромхон болон Атлетик 220 баг оролцож байв.
Д.ТӨРБАТ: БИД ЧАНАРТАЙ ТОГЛОЛТ, ИЛҮҮ ӨНДӨР ОНООНЫ ТӨЛӨӨ 100 ХУВЬ ХҮЧЭЭ СОРИНО

Тамирчдын хувьд тоглолтын бэлтгэл төдийгүй тэмцээний турш дасгалжуулагчаас гадна чухал үүрэг гүйцэтгэдэг хүн бол багийн ахлагч. Энэ ч үүднээс Азийн цомын тэмцээний хэсгийн тоглолтоос Монголоос анх удаа тоглох гэж байгаа Эф Си Улаанбаатар багийн ахлагч Д.Төрбаттай цөөн хором ярилцснаа хүргэе. Түүний хувьд өөрийн туршлага, ур чадвараараа бусдыгаа манлайлж буй ирээдүйтэй тамирчдын нэг.
-Манай улсад Азийн цомын тэмцээний эхний тоглолт маргааш болох гэж байна. Эф Си Улаанбаатар багийн хувьд Тайваний Тайнан Сити багтай өрсөлдөх гэж байна. Мэдээж тоглолтын үеэр бэлтгэлээс гадна сэтгэлзүй чухал байх?
-Манайх энэ жил хэсгийн тоглолтолд орох эрхээ авч шалгарсан. Бид энэ удаагийн тэмцээнд илүү сайн оноо авч, хожил болон дахин дахин өндөр оноо авч чадвал дараа дараагийн удаа зөвхөн лигт орсон баг биш хоёрт орсон баг тоглолтод орох эрхтэй болно гэсэн үг.
Монголын лигээс сайн тоглолт үзүүлье гэж зорьж байна. Өмнө нь ч зорьж ирсэн.
Миний хувьд олон улсын тоглолт болон гадаадад тоглож байсан. Мэдээж туршлага байгаа ч бусад туршлага багатай тамирчдаа бэлдэх, сэтгэлзүйгээ бэлдэхэд нь тусалж байна.
-Азийн цомын тэмцээнийг багууд амьсгаа даран хүлээж байх шиг. Тайваний Тайнан Сити багийн ахлагчийн зүгээс “Хэн ялахыг хүссэн нь ялах болно” гэж хэлж байсан. Таны хувьд мөн адил багаа төлөөлж “сайн тоглолт, илүү өндөр оноо” үзүүлнэ гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр тоглолтын хожил зөвхөн бэлтгэлээс шалтгаалахгүй байх. Багийн ахлагчийн хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-Мэдээж багийн ахлагчийн хувьд дутууг нь нөхөж, зөвлөгөө хэрэгтэй үед тус болохыг хичээдэг. Хамгийн гол зүйл нь маргаашийн тоглолт бид өөрсдөөсөө л шалтгаалах байх. Айл хэчнээн сайх байхдаа чухал биш бид өөрсдөө л сайн байж дийлнэ.
-Танай багийн давуу тал?
-Давуу тал нь маргаашийн тоглолтод бид талбай дээрээ авч байгаа. Бид өдөр бүр тоглодог бэлтгэл хийдэг талбай дээрээ хүлээн авч байгаа. Тиймээс энэ нь бидний давуу тал гэж харж байна. Дээр нь хөгжөөн дэмжигчид биднийг дэмжвэл илүү хүч болно. Манай хөгжөөн дэмжигчид тоглолтын явц дундуур уухайлна, халуун элгэн нутгаа дуулна. Нэг үеэ бодвол хөгжөөн дэмжигчид соёлтой дэмждэг болсон.
-Багийн амжилт дасгалжуулагч, тамирчид нэг хүн шиг сэтгэхээс л эхлэх байх?
-Багийн дасгалжуулагч чухал байр суурьтай хүн шүү дээ. Бүтэц, багийн тактик, бие, сэтгэлзүй бүх зүйлд нөлөөлдөг. Дасгалжуулагч толгой нь бол бид гүйцэтгэлийг биелүүлнэ. Нэг хүн ойлгож ганцаараа биелүүлэх биш бүгд талбайд гарч л талбайд үр дүн гарна. Энэ утгаараа хөлбөмбөгийн спорт хэцүү.
-Таны хувьд манай хөлбөмбөгийн хөгжил, чансаа олон улстай зэрэгцэж байна уу. Энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?
-Мэдээж олон улстай зэрэгцэх түвшинд хараахан хүрээгүй. Гэхдээ нэг үеэ бодвол манай хөлбөмбөгийн хөгжил алхам алхмаар мэргэжлийн түвшинд ойртож байна.
Олон улсын түвшинд Эф Си Улаанбаатар баг ойртож байгаа. Үүний эхлэл нь Азийн цомын тэмцээний хэсгийн тоглолт гэж харж байна.
Ер нь энэ жил маш их ачаалалтай байлаа, маш олон тоглолт, их бэлтгэлтэй цаг наргүй байлаа.
АПУ хувьцаат компанийн ивээн тэтгэдэг Эф Си Улаанбаатар клуб нь Монголдоо чансаагаараа тэргүүлдэг багт зүй ёсоор тооцогддог. Тус багийн хувьд гурван жилийн өмнөөс шинэчлэлт хийж шилдэг тоглогчдоор баг тамирчдаа бүрдүүлсэн билээ. Цаашид Азийн цомын тэмцээнээс гадна таван тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.
ТАЙНАН СИТИ: МОНГОЛЫН ТАМИРЧИД ЭР ЗОРИГЧТОЙ, ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД
Маргааш Эф Си Улаанбаатар багтай өрсөлдөх Тайваний Тайнан Сити багийн тухайд өмнө нь Монголын хөлбөмбөгийн багтай хэд хэдэн удаа учраа таарч байв. Тэд Монголын тамирчдыг хүчтэй өрсөлдөгч гэж хардаг тухайгаа хэлсэн юм. Тус багийн ахлагч Wu Chun Ching хэлэхдээ “Азийн цомын тэмцээнд бид өндөр бэлтгэлтэй, тоглоход бэлэн байгаа. Монголын тоглогчдын хувьд эр зоригтой, бие бялдартай, гайхалтай хүчтэй тоглолттой. Тиймээс ахлагчийн зүгээс багийнхандаа хатуу ширүүн хүчтэй тоглолтын эсрэг бэлэн байгаарай гэж маш сайн захьсан. Гэхдээ бид ялахын төлөө тоглоно” гэсэн юм.

Тайванийн Тайнан Сити бага 2020 оны дээд лигийн аварга. Тус баг Япон, Солонгос, Бразиль, ОХУ-ын тоглогчдоос бүрддэг. Азийн цомын тэмцээнд өмнө нь хүч сорьж байв.
2023 оны “AFC cup” тэмцээний хэсгийн шатад есөн хэсгийн 36 баг өрсөлдөнө. Бүсчлэлээр нь есөн хэсэгт хуваасан бөгөөд манай улсаас Эф Си Улаанбаатар баг зүүн өмнөд бүсэд Тайваний Тайнан Сити болон макаогийн Чао пак кей багийн эсрэг тоглохоор болсон нь энэ билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.