Мөрдөн шалгах ажиллагааг нууцлах биш мэдэх эрхэд халдсан хуудуутай заалт
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, гарч буй сэтгэл сэрдхийлгэм гэмт хэргүүдтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй.
Тус нэмэлт өөрчлөлтөөр иргэд, олон нийтийн мэдэх эрх, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх, төрийн албан хаагч шүгэл үлээж чадахгүй дөнгө холбогдох заалт нь анхаарал татаж, маргаан дагуулаад байна.
Өмнөх заалт:
21.9.1.Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Нэмэлт өөрчлөлтөд:
21.9.1.Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Нэгт, Өмнө нь 21.9.1 гэх ганцхан заалтад мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэн ч “хүн” үл задруулж болох цаашлаад алба хаагч, ажилтан гэх тодорхойлолтууд хамт багтаж байв. Улмаар алба хаагч, ажилтан гэдгийг тодорхой болгон хоёр заалтаар задалжээ. 21.9.2-т шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч зэргийг багтааж, 21.9.3-т төрийн албан хаагчийг тусад нь салгажээ. Уг заалтын хүн гэх тодорхойлолтыг хэвээр үлдээжээ. Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болохоосоо өмнөхөн эл хуулийн нэмэлт өөрчлөлтийг тайлбарлахдаа “иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй” гэж тайлбарлаж байв. Гэтэл энэхүү “хүн” гэх тодорхойлолтод иргэн, сэтгүүлч ч багтах юм. Тэгэхээр хувь иргэн шүгэл үлээх, сэтгүүлч олж авсан мэдээллээ хэвлэн нийтлэх боломжгүй хэвээр байна гэсэн үг.
Хоёрт, олж авсан мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны нууц эсэхийг хэрхэн мэдэх вэ. Түүнийг нь ямар цензур хязгаараар тодорхойлох вэ гэдэг нь тодорхой бус. Тухайлбал, иргэн сэтгүүлчид мэдээлэл өглөө гэхэд иргэн ч, сэтгүүлч ч шалгагдаж байгаа хэрэг, мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой гэдгийг мэдэхгүй байж болох. Түүнийг нь ямар зааг ялгаагаар тогтоон мэдэх боломжтой вэ гэдэг асуулт эргэлзээтэй байна.
Тэгэхээр олон эргэлзээ дагуулсан хэрэгжих боломжгүй, тодорхой бус заалт юм.
Өмнөх заалт:
Эрүүгийн хуулийн 21.9.2-т: Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж, дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Нэмэлт өөрчлөлтөд:
21.9.2 Мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Одоо хууль хяналтын болон хүчний байгууллагынханд итгэх иргэдийн итгэл сул. Тэгвэл эл заалт төрийн хүчний байгууллагын бүх мэдээллийг иргэдээс нуух нэг хэлбэр нь болж өгөх талтай. Мөн алба хаагч, ажилтны хувьд шударга бусын эсрэг шүгэл үлээх боломжгүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны бүх мэдээллийг төр өөрөө хатуу хяналтад бүрэн оруулах эрсдэлтэй заалт гэж ойлгогдож байна.
Шинэ заалт:
21.9.3 Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээллийг зориуд задруулж, нууцалсан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Эрүүгийн хууль байгаагүй шинэ заалт. 21.9.3-т алба хаагч, ажилтан гэж байсныг илүү субьектив болгох үүднээс ийнхүү төрийн албан хаагч гэж илүү тодотгож оруулж ирсэн аж. Улмаар нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жилээр хасаж, 1-5 жилээр хорих ялтай болгон илүү чангаруулжээ. Төрийн албанд гарч байгаа хулгай зэлгий, хууль бус үйлдэл, хуудуутай бүхнийг хамгаалж далдална гэсэн үг. Мөн хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумьж байгаа хэлбэр юм.
Энэхүү нэмэлт өөрчлөлтүүд нь нэн түрүүнд Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд ноцтой аюулыг учруулж болзошгүй. Төрийн чиг үүрэг ончтой, үйл ажиллагаа ил тод, мэргэжлийн байх, төрөөс иргэн нь хариуцлага нэхэх эрх мэдэлтэй байх тухай Үндсэн хуульт ардчиллын зарчим үгүй болох эрсдэлтэй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж мэдсэн хүн нууц задруулбал . Энэ чинь л СЭТГҮҮЛЧДИЙГ НАМНАХ , АГНАХ , А БАРИХ ажиллагаа юм .МАНай хуульчид бол энэ заалт цоорхойг маш сайн ашиглана даа. Ингээд 4 дөхь засаглалаа устгаж КОММУНИЗМд орох үүд хаалга нээгдлээ дээ.
Хулгайгаа хамгаалах мэргэн арга
үнэрээд өгдөг бусдад нь олддоггүй, үнэрээ баримтаар мөнгө хийдэг ийм л энгийн зүйлшт
Буруу замаар л яваад байна даа
Мэдэх эрхэд халдаж байна
Сэтгүүлчийг шоронд хийж болохгүй