НИЙГЭМ

Байраар шагнуулсан гурван ихрийн ээж: Таван хүүтэй, ихрүүд ой хүрээд хөлд орчихсон

Дорноговь аймагт 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр гурван ихэр хүү мэндэлсэн. Тэдэнд одоогоос хоёр хоногийн өмнө /2023.12.23/ тус аймгийн удирдлагаас Сайншанд сумын долоодугаар багт шинээр ашиглалтад орсон “Мандах наран 5” хороололд гурван өрөө байр бэлэглэж, түлхүүрийг нь гардуулан өгсөн юм. Гурван ихэр одоо ой гурван сартай эрүүл саруул өсөн торниж байгаа бөгөөд тэднийг Х.Хангай, Х.Оргил, Х.Далай гэдэг. Энэ гурван ихэр хүү дээрээ хоёр ахтай бөгөөд Ж.Хүдэрчулуун, Г.Эрдэнэбаяр нарын гэр бүлд мэндэлсэн. Бид тэдний ээжтэй хэсэг хугацаанд ярилцлаа.

-Гурван ихэр гурвуулаа хүү юм байна. Хүүхдүүдийнх нь нэр анхаарал татлаа. Аваргын нэрийг бэлэгшээж өгсөн юм болов уу гэж бодсон? 

-Үгүй ээ. Бид үнэндээ санамсаргүй л энэ гурван нэрийг сонгосон. Хоёр ах нь урт нэртэй болохоор дуудахад амар гэдэг байдлаар богино үетэй нэр өгөхийг хүссэн юм. Миний гурван хүүгийн нэрийг хүргэн ах маань өгсөн. Манай хүргэн ах монгол хэл, уран зохиолын багш юм. Саяхан Ардын багш болсон.

-Анх гурван ихэр хүүхэдтэй болох нь гэдгээ хэрхэн мэдэж байв. Тухайн үеийн мэдрэмжээс хуваалцвал?

-Анх хоёр сартайд нь эмнэлэгт хэвтэж байхдаа мэдсэн. Тухайн үед учиргүй баярлаж хүлээж аваагүй ээ. Нэлээн гайхаж давхар айдастай байсан гэж хэлж болно. Учир нь тээлтийн хугацаанд ямар нэг муу зүйл болох вий, эрүүл саруул төрүүлж чадах болов уу гэдэг айдас, эргэлзээ байсан. Нөхөр бид хоёр тийм ч залуу хүмүүс биш шүү дээ. Манайд ихрийн удам ч байхгүй. Тийм учраас маш их юм бодуулсан. Гэхдээ эмч нарынхаа сайн зөвлөгөөгөөр гурван хүүхдээ эрүү саруул төрүүлж чадсан.

-Гурван ихэр маань хоёр ахтай юм байна. Танайх ингээд таван хүүтэй өнөр өтгөн айл болжээ. Хэдэн насны зөрүүтэй вэ? 

-10 насны зөрүүтэй. Том ах нь 12, удаах ах нь 10 настай.

 

-Ихэр хүүхэд өсгөх амаргүй байгаа байх. Өнгөрсөн нэг жилийн хугацаа хэр байв? 

Өнөөдрийг хүртэл нэг ч бүтэн нойртой хонож үзээгүй л байна. Гурван ихэр хүүхэд гэдэг маш ажиллагаатай. Зөвхөн хань бид хоёр хоёулхнаа өсгөнө гэж байхгүй. Аав ээж, хамаатан садан, найз нөхдийнхөө тусламж дэмжлэгтэй л өсгөж байна даа. Өөр ч аргагүй юм. Нэг нь унтаж байлаа гэж бодоход нөгөө хоёр нь заавал шөнө сэрж угжаа иднэ. Гурвуулаа зэрэг унтаж, нэг цагт сэрж, хамт хөхүүлнэ гэдэг асуудал байхгүй. Ийм болохоор их л тэвчээр шаардаж байна. 

-Гурван ихэрт байр өгөх болсон тухай мэдээг анх хэн хэлсэн бэ? 

-Би өөрөө Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэст ажилладаг юм. Анх гурван ихэр хүүхэдтэй болох гэж байгаа гэдгээ хэлсэнээс хойш надад маш их анхаарч, сайн амар ч гэдэг юм уу ийм байдлаар хамт олон маань анхаарал их тависан. Харин төрсний дараа эргэж ирэхдээ гурван өрөө байрны батламжтай хүрээд ирсэн. Ингэж л анх мэдсэн дээ. Мэдээж сайхан санагдсан. Манай аймгийн хувьд орон сууц их барьж байгаа. Тэр орон сууцнаасаа гурван ихрийг маань бэлэгшээж, мялааж ийм том бэлэг барьсан. Нэг талаар залуу гэр бүлээ дэмжсэн нөгөө талаар ажлын хамт олноос маань өгсөн сэтгэлийн бэлэг юм л даа. 

-Танайх Дорноговийн уугуул айл уу? 

Тийм ээ. Нөхөр маань надтай нэг салбарын хүн, өмгөөлөгч хийдэг. Бид аймагтаа амьдраад олон жил болж байна. Эндээ амьдрах дуртай. Түгжрэл, утаа гэхчлэн асуудал стресс бага. Гурван ихэрээ хүртэл хоёр ахтай нь адил эндээ өсгөж, хүмүүжүүлж, суралцуулна даа. 

-Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн биз дээ. Хөлд орчихсон байсан уу? 

-Гурван ихэр гэхэд ямар нэг жингийн дутуу ч гэдэг юм асуудал огт гараагүй ээ. Тэд минь бусдын адил эрүүл саруул сайхан өсөн торниж байна. Бүр ой хүрэнгүүтээ хөлд орчихсон. Ямар ч асуудалгүй сайн байгаад нь маш их баяртай байгаа шүү. Ханиад томуу хүрэх нь ч бага, их өсгөлүүн. 

-Танай аймагт гурван ихэр мэндэлсэн тохиолдол бараг байхгүй байх, тийм үү? 

-Одоогоос 30 жилийн өмнө гурван ихэр бүртгэгдсэн ч удалгүй эндсэн юм байна лээ. Түүнээс хойш ийм тохиолдол байхгүй ээ. Манай гурав л байна. Тийм ч утгаараа аймаг даяараа мэддэг гэвэл буруудахгүй байх. Аймагтаа гурван ихэр мэндэлсэн гээд хүмүүс маш бэлэгшээж, гадуур явахаар таниж мэндлээд насыг нь хүртэл цээжээр хэлцгээдэг. Бас чихэр, жимс авч өгч эрхлүүлэх нь олон. Биднийг ч сайн таниж, мэндэлж, сэтгэлийн гоё үгсээ хэлсээр байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button