НИЙГЭМ

Дурсах шалтгаан: Галд шатаж, газарт булуулж, армид амиа алдсан бидний ирээдүй

2023 он гарсаар бүтэн 360 хоног аль хэдийнэ улирчээ. Мэдээж эргэн бодмоор, санан дурсмаар, үгүйлэн яримаар байгаа бүхэн өнгөрсөн цаг, өнөөдрийн хувьд дурсамж болон хувирсан байна. Мэдээж амаргүй цаг хугацаа байлаа. Цаг үеийн байдал тогтворгүй хийгээд олныг сэртхийлгэм, нийгмийг айдаст автуулсан олон арван таагүй мэдээ биднийг даяар нь хөмөрсөн.

Танхил бяцхан Дарьяа гэрээсээ гарч яваад бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан. "Эх орон дуудаж байна, эр хүн болчихоод ирнэ" гээд ижий, аавдаа үнсүүлээд цэрэгт мордсон дөрвөн залуу халуун ам бүлдээ эргэж ирээгүй. Анхны цаснаар малтайгаа уруудсан долоон малчин эмэгтэй гэрээсээ холгүй төөрч өөд болсон. Саяхан л гэхэд 10 давхар барилгын дөрвөн давхарт  гал гарч гурван хүүхэд ээж, авга эгчтэйгээ нас барсан. Мөн тэдэнд туслахаар очсон аврах ангийн гал сөнөөгч, дээд айлынх нь эмэгтэй ч харамсалтайгаар амиа алдсан. Бид нэгэн он улирхын өмнө тэднийг нэхэн дурсаж байна.

Засардаггүй арми

  • 2023.02.27: Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нас барсан.
  • 2023.05.12: Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангид шинээр цэрэгт татагдаад, дөнгөж долоо хонож байсан 19 настай хүү учир битүүлгээр амиа алдав.
  • 2023.06.23: Төв аймгийн Алтанбулаг сум дахь 0119 дүгээр ангид алба хааж байсан 19 настай “Б” нь кросс гүйлтэд гүйх явцдаа ухаан алдаж, улмаар эмчлүүлж байхдаа амь эрсэдсэн.
  • 2023.11.13 Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 21 настай төгсөх курсийн оюутан амиа алдав. Эцэст нь салбарын сайд албан тушаалаа үргэжлүүлэн хашиж, улс төрийн карьерээ тодорхойлж, хагацал үзсэн хэдэн айл, хүүгээ албанд мордуулахаас айсан ээжүүдийн залбирал л нүдэнд харагдана.

Танхил бяцхан Дарьяа: Өр өвдөм, зүрх зүсэм аймшиг. Ээжийнхээ энгэрээс салаагүй жаахан амьтныг  өршөөлөөр суллагдсан ялтан амдаж авч яваад хөнөөчихсөн. Хэргийн газар ажилласан цагдаагийн дарга уйлчих гээд мэдээлэл өгч чадахгүй байв. Өмгөөлөгч Р.Булгамаа талийгаач охины ар гэр зөвшөөрвөл дуртай тоглоом, нэрээр нь нэрлэсэн хүүхэд хамгааллын шинэ бодлого бий болгох боломжтой гэж хэлсэн. Эвий охиныг ингээд ч гэсэн дурсахсан.

Мөрөөдлийн шинэ жил ба бяцхан зүрхүүд зогсов: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 10 давхрын барилгын 4 давхарт  гал гарч гурван хүүхэд ээж, авга эгчтэйгээ амиа алдав. Мөн аврах ангийн гал сөнөөгч, туслахаар ирсэн дээд айлын эмэгтэй ч нас барлаа. Шалтгаан нь шинэ жилийн гацуур шатсан гэх мэдээлэл гарсан. Үнэндээ бол сэхээнд орсон эрчим хүчний үр дагавар гэж харж буй. Үүнээс хэдхэн хоногийн өмнө БГД-т гацуур мод шатаж хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд угаартсан билээ.

Эрх чөлөө үнэтэй буюу сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Тэр цагдан хоригдохоосоо хэдхэн хоромын өмнө өрөөнийхөө самбар дээр “Эрх чөлөө үнэтэй” гэж бичсэн. “Хөгжлийн банк”, “Боловсролын зээлийн сан”, нүүрсний хулгай, цэрэг армийн бугшсан ёс зүй гээд тэр асуудлыг хөнддөг сэтгүүлч байж ирсэн юм. Тэр ядарсны нь талд зогсдог, сагаж яваад нь үг хэлдэг, алдаж явахад нь дэвсдэггүй ясны сэтгүүлч. Үүнийхээ төлөө тэр хоригдчихсон.

Малчин эмэгтэйчүүд амиа алдав: 11 дүгээр эхээр орсон цаснаар долоон малчин эмэгтэй амиа алдсан харуусалтай явдал болсон юм. Харамсалтай нь тэд гэрээсээ, машинаасаа ердөө л хэдхэн алхмын зайд амь эрсэдсэн. Ээжийгээ алдсан хүү “Мал бол амь биш шүү. Тэнгэр эвгүйтсэн үед малынхаа араас битгий яваарай л гэж малчдадаа захиж хэлмээр байна” гэсэн.  Бас малчин хүн тэнгэр муудахад би өөрөө яах бол гэж хэзээ ч боддоггүй юмаа хэмээн малчид ярьж байсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button