Л.Болормаа: 27 жил тасралтгүй шүүгчээр ажиллахдаа 400 гаруй тэмцээн шүүж, дэвтэртээ тэмдэглэсэн
Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий барилдаануудыг 39 шүүгч дэнслэн явуулсан билээ. Тэдний нэг өчигдөр сүүлийн барилдаанаа шүүж, шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүлж буйгаа мэдэгдсэн.
Тэр бол Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Л.Болормаа. Тэрбээр 1998 оноос хойш 27 дахь УАШТ-дээ шүүгчээр ажиллаад ийнхүү дэвжээндээ хүндэтгэл үзүүлсэн юм.
Эмэгтэй шүүгчдийн өсөж хөгжих замыг нээж, урагшлах замын түүчээ болсон түүнтэй ярилцлаа.
-Та анх хэрхэн шүүгч болох шийдвэр гаргасан бэ?
-МУГТ Авирмэдийн Энхээ манай нөхөр 1989 онд хүнд бэртэл авч зодог тайлсан. Тухайн үед нөхрөө зодог тайлахад их хэцүү, гунигтай санагдаж байсан юм. Тэр үед л би өөрийгөө чөлөөт бөхтэй холбоотой ямар нэгэн зүйлийг өөрийн чадлаар хийх ёстой гэж бодсон юм. Тэгээд 1997 онд хувиараа шүүгч хийхээр суралцаж Монголын чөлөөт бөхийн холбоонд хүсэлтээ өгсөн. Тухайн үед холбооны даргаар улсын их хурлын гишүүн Сү.Батболд ажиллаж байсан. Миний санал хүсэлтийг их сайнаар дэмжиж намайг дадлагажуулж шүүгч болгож байлаа.
-Та 27 жилийн хугацаанд ойролцоогоор хичнээн тэмцээнийг шүүн дэнсэлсэн бэ?
-1998 онд Сонгинохайрхан дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн миний анхны тэмцээн байлаа. Тэр үеэс хойш 2020 он хүртэл оролцсон тэмцээн, уралдаанаа тасралтгүй тэмдэглэж, хөтөлсөн. 400 гаруй тэмцээний тэмдэглэл хөтөлсөн. Ковидын үеэс эхлээд тэмдэглэлээ зогсоосон байсан. Дэвтэрээ хаа нэг сөхөж харахад хамгийн сайхан дурсамжуудаа хадгалсан байсан.
-Өчигдөр таны хувьд түүхэн өдөр байлаа, өнгөрсөн амьдралаа нэхэн санавал ямар дурсамж илүү тод санагдаж байна вэ?
- Олон арван сайхан дурсамж бий. Тэр дундаас шударга, хүнлэг сайн шүүгч байхын тулд танил, найз нөхөд хэн нэгний талд орох биш тамирчдын ур чадварыг үнэлсэн хором мөч бүр сэтгэлд бууж байна. Нөхөр маань надад үргэлж захидаг байсан. Цэнхэр булан, Улаан булан зөвхөн тамирчлыг үнэл, тэднийг шүү гэж захидаг байсан.
-Та цаашдаа Чөлөөт бөхийн ирээдүй хөгжилд хэрхэн нөлөөлөхөөр төлөвлөж байна вэ?
-Би хэдий шүүгчийн замналаас зодог тайлсан ч олон арван сайн шүүгчдийг бий болгох, тэдний ирээдүйг өнгөлөх ажилд анхаарлаа хандуулахыг хичээнэ. Үнэнч шударга шүүгчийг дасгалжуулна. Монголын Чөлөөт бөхийн холбоо, тамирчид гээд гайхам сайхан хайрлам хүмүүс бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямарч төрлийн спортод өөрийн улсын шүүгчтэй оролцоно гэдэг том хувь нэмэр болдог, олон сайн шүүгч дагуулсан эгчдээ баяр хүргье