Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх алхалт төв талбайд боллоо

Дэлхийн 150 гаруй улс оронд охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий төрлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой “Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээг “Хөөрхөн зүрх” ТББ болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн 2024 оны гуравдугаар сарын 08-нд буюу өнөөдөр улс орон даяар зохион байгууллаа. Уг хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд 11 дэх жилдээ зохион байгуулж буй юм.
“ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” эсэргүүцлийн арга хэмжээ нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм.
Энэхүү аянд яагаад нэгдэх ёстой вэ
Дэлхий дахинаа гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон судалгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Иймд дэлхий дээр амьдарч буй гурван эмэгтэй тутмын нэг буюу нийт НЭГ ТЭРБУМ охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүс хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ЭСЭРГҮҮЦЛЭЭ УРЛАГААР ДАМЖУУЛАН ТЭМЦЭХ, ШААРДАХЫГ уриалдаг арга хэмжээ юм. Одоогоор дэлхийн өнцөг булан бүрд сая сая охид, эмэгтэйчүүд, сайн дурын идэвхтнүүд, нийгмийн зүтгэлтнүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ илэрхийлээд байна.
Тус арга хэмжээний зорилго юу вэ
● Жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх, нөлөөлөх
● Хохирогч/даван туулагчдад үйлчилгээ үзүүлэгч ирээдүйн мэргэжилтнүүдийн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг сайжруулах
● Хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд залуусын оролцоог нэмэгдүүлж олон нийтийн хандлагыг өөрчлөх
● Орон нутагт иргэдийн утга учиртай оролцоог нэмэгдүүлэх, улмаар хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх иргэдийн оролцоог бэхжүүлэх
● Жендэрт суурилсан хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн хүчирхийллийг мэдээлэх, таслан зогсоох талаарх охид, эмэгтэйчүүд болон олон нийтийн мэдээлэл
сайжирсан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уг нь бол иддэг биш тэмцдэг өдөршдээ