БНСУ-д резидентүүдийн 93 хувь нь ажлаа өглөө, яг юу болоод байна вэ

БНСУ-д томоохон асуудал үүсээд буй. Өмнөд Солонгосын засгийн газар хоёрдугаар сарын эхээр жилдээ анагаахын сургуулиудад элсүүлэх оюутны тоог 3058-аас 2 мянгаар нэмэх шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцэж буй 12 мянга гаруй резидент эмч нар ажлаа өгөх өргөдлөө мэдүүлэн, эмнэлгээсээ явсан юм. БНСУ 13 мянган резиденттэй...
Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн сайд Чо Кюхон хоёрдугаар сарын 6-ы өдөр мэдэгдэл хийхдээ жил бүр анагаах ухааны сургуулиудад элсүүлэх оюутны тоог 3,058-аас 2 мянгаар нэмнэ хэмээсэн.
Өмнөд Солонгост 2006 оноос хойш анагаах ухааны сургуулиуд жилд 3058 оюутан л авдаг байжээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Чо Кюхон оюутны квотыг голчлон Сөүл хотын гадна байрладаг анагаах ухааны сургуулиудад нэмнэ гэж хэлсэн юм.

Шийдвэр гаргахаас өмнө эмч нар анагаахын оюутны квот нэмэхийг салбарын чанарыг доошлуулна хэмээн эсэргүүцэж ажил хаяна гэж мэдэгдээд байсан юм. Засгийн газраас шийдвэрээ эцэслэсний дараа БНСУ-ын Эрүүл мэндийн нийгэмлэг (KMA) цагаан сарын баярын амралт дуусахад ажил хаяна гэдгээ зарлажээ.
“KMA”-ийн ерөнхийлөгч И Пил Су “Засгийн газар эмнэлгийн салбарынхантай хэлэлцүүлэг, зөвшилцөлгүйгээр ганцаарчилсан шийдвэр гаргасанд харамсаж байна” гэсэн юм.
Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ
“Yonhap” агентлаг Эрүүл мэндийн яамаа иш татаж даваа гарагт /2024.03.11/ мэдээлэхдээ баасан гарагийн /2024.03.08/ байдлаар 100 гаруй сургалтын эмнэлгийн 11,994 дадлагажигч эмч нар ажлын байраа орхин явжээ. Тэдний ажил хаялт гурав дахь долоо хоногтоо орсон байгаа.
Резидентүүд ахмад эмч нарын мэс ажилбарт туслах, хэвтэн эмчлүүлэгч нарт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг.Ийм учраас эмнэлгүүд товлолт мэс ажилбараа цуцалж, зарим өвчтөнүүдэд яаралтай эмчилгээ үзүүлэхээ хойшлуулж байгаа аж.
Мөн сүүлийн үед Солонгосын сошиал орчноор зарим дадлагажигч эмч нар ажил хаялтад оролцоогүй резидентүүдийн хувийн мэдээллийг цахим талбаруудад дэлгэж, дээрэлхэж байна гэх яриа явах болсон байна. Засгийн газрын анхааруулгын дараа ажилдаа эргэн очсон резидентүүдийг үг хэлээр дарамталсан гэж зарим эх сурвалжууд бичсэн юм.

Резидентүүдээс гадна анагаахын их сургуулиуд болон оюутнууд хүртэл эсэргүүцлээ илэрхийлэх арга хэмжээ авч эхлэв. “Yonhap” агентлаг даваа гарагт /2024.03.11/ мэдээлснээр анагаахын чиглэлийн сургуулийн оюутнууд засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн, хичээлдээ явахаа зогсоосон байна. Харин 30 өөр анагаахын сургууль шинэ семестрийн нээлтээ хойшлуулжээ.
Дадлагажигч эмч нарын 93 хувь нь ажлаа өгсөн тул БНСУ-ын засгийн газар цэргийн эмнэлгүүдэд олон нийт үйлчлүүлэх боломжтой болгож, улсын эмнэлгүүдээс хүн хүч дутагдалтай байгаа эмнэлгүүд рүү эмч нар ажиллуулахаар илгээж эхэлсэн байна.
Солонгосын Эрүүл мэндийн сайд Чо Кюхон ням гарагт /2024.03.10/ мэдэгдэл хийдээ улсын эмнэлгийн 138 эмч 20 эмнэлэгт дөрвөн долоо хоногийн турш томилогдон ажиллана хэмээсэн. Мөн тус улсын засгийн газар ихэвчлэн эмч нар хийдэг ажилбарыг сувилагчид үйлдэх эрх зүйн хамгаалалт үүсгэж өгчээ.
Өмнөд Солонгосын засгийн газар дадлагажигч эмч нарыг гуравдугаар сарын өмнө ажлын байртаа эргэж очихгүй бол хуулийн хариуцлага тооцно хэмээсэн. Ингэхдээ Ажлаа өгсөн эмч нарын лицензийг нэг жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх, 30 сая вонн хүртэл торгууль оногдуулах эсвэл гурван жил хүртэлх хорих ял оноох боломжтой юм.
Тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Жн Бюн Ван 4,944 дадлагажигч эмч нарын лицензийг цуцлах тухай мэдэгдлийг илгээсэн гэж даваа гарагт мэдээлсэн байна.
Яагаад анагаахын оюутны тоог нэмэх болов
БНСУ-д мянган хүн тутам хоёр эмч ноогддог. Харин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнуудын дундаж бол 3.7 юм.
Тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл анагаахын оюутны квотыг нэмэх болсныг тайлбарлан ярихдаа “1977 онд эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлснээс хойш манай улсын ДНБ 116 дахин, үндэсний эрүүл мэндийн салбарын зардал 511 дахин нэмэгдсэн. Харин энэ хугацаанд эмч нарын тоо зөвхөн долоо дахин л ихэсжээ. Энэ эмнэлгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ тэсрэлттэй нэмэгдсэнтэй харьцуулахад маш бага тоо. Яагаад ийм бага байгаа вэ гэхээр мөн хугацаанд жилд анагаахын сургуулиудад элсүүлэх оюутнуудын тоо 1,380-аас 2.2 дахин ихсэж 3,058 л болсон” гэжээ.
Мөн резидент эмч нарын ихэнх нь Сөүл хотын ойролцоох эмнэлгүүдэд дадлагаждаг учир хөдөө, алслагдмал бүсүүдэд эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ дутмаг байх тохиолдол гардаг байна.

Дээрээс нь хүүхдийн эмч нарын тоо маш бага учир эмнэлгүүдэд шөнийн ээлжид хүүхдийн эмч байх нь ховрын үзэгдэл юм. Үүний улмаас шөнө орой үзүүлэхээр ирсэн хүүхдүүд өглөө хүртэл хүлээх шаардлага цөөнгүй гардаг.
Эмч нарын байр суурь
Солонгос эмч нар оюутны тоог нэмэх нь мэргэжилтнүүд цөөн
байгаа салбарын асуудлыг шийдэхгүй, харин эсрэгээрээ эрүүл мэндийн боловсрол
болон үйлчилгээний чанарыг бууруулж, өвчтөнд ирэх эмчилгээний зардлыг нэмэгдүүлнэ
гэж байгаа юм.
Тоог нэмснээр суралцах оюутнууд одоогийн оюутнууд шиг гоо сайхны мэс засалч, арьсны эмч гэх мэт өндөр цалинтай, олны дунд алдартай мэргэжлээр ажиллахыг зорино, хүүхэд, эх барих, яаралтай тусламж гэх мэт цалин багатай салбарын нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэж резидентүүд үзэж буй.
Оюутны тоог нэмэхийн оронд одоо байгаа нөөц бололцоогоо ашиглаж, улсаас тусгаж өгсөн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг нэмэхийг санал болгожээ. Эмч нар төрөөс тогтоож өгсөн төлбөрийг хэтэрхий бага гэж мэдэгдсэн юм.
Солонгосын Эрүүл мэндийн нийгэмлэгийн (KMA) яаралтай тусламжийн хорооны төлөөлөгч Жү Сү Хо “Тиймээс эмч бид нар дотор, мэс засал, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн салбарын ажиллах хүчнийг нэмэхийн тулд эмнэлгийн осол гэх мэт зүйлд хариуцлага тооцох системээ зөөлрүүлэхийг уриалж байна. Мөн эдгээр салбарт хөл тавьж буй эмч нарт зохих цалин олгохыг хүсэж байна” гэж хэлжээ.

Харин Хүмүүнлэгийн төлөөх эмч нарын нийгэмлэгийн төслийн менежер И Со Ёон “Одоогийн байдлаар нарийн мэргэжлийн чиглэлээр эрүүл мэндийн боловсон хүчнийг бий болгох төрийн тогтолцоо байхгүй” гэсэн байна.
Тэрбээр нэмж “Дадлагажиж дууссаныхаа дараа хаана хэрхэн ажиллах нь тухайн эмчээс бүрэн шалтгаалдаг. Солонгосын ашгийн төлөө эрүүл мэндийн салбарт эмч нар эрүүл мэндийн даатгалд хамаардаггүй, нэн чухал бус салбаруудад олноороо төвлөрдөг юм” хэмээжээ.
Солонгост улсын эмнэлгүүдтэй харьцуулахад хувийн эмнэлгүүд давамгай гэдэг нь үнэн. “OECD”-ийн 2021 онд нийтэлсэн статистикаас харвал БНСУ дахь эмнэлгийн орнуудын 8.8 хувь нь л улсын эмнэлгийнх юм. Үүнтэй харьцуулахад Их Британийн эмнэлгийн ор 100 хувь, Францынх 61.5 хувь нь улсын эмнэлгийнх.
И Со Ёон “Бид оюутны тоог нэмэх нь зөв гэж бодож байгаа ч одоогийн эрүүл мэндийн тогтолцоонд асуудал илүү даамжрах болно” гэжээ.
Солонгосчуудын байр суурь ямар байгаа вэ
“Korea Times” агентлаг хоёрдугаар сард мэдээлснээр БНСУ-ын Эрүүл мэнд, эмнэлгийн ажилтнуудын эвлэлээс өнгөрсөн арван хоёрдугаар сард санал асуулга явуулахад иргэдийн 89.3 хувь нь оюутны тоог нэмэхийг дэмжиж, 85.6 хувь нь эмч нар ажил хаяхын эсрэг байр суурь илэрхийлсэн юм.
Аливаа асуудлыг шийдэхэд олон талаас харсан цогц арга хэмжээ авах хэрэгтэй. БНСУ-ын эрүүл мэндийн салбарт үүсээд буй асуудлыг шийдэхэд дан ганц оюутны тоог нэмэхээс гадна ажиллах хүчин дутагдаад буй дотор, мэс засал, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн салбарт өөрчлөлт хийх нь оновчтой болов уу.
Эх сурвалж: Korea Times, Yonhap, Euro News, MBC News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон эх сурв�##�жаас сайн суд�##�гаатай матери�##� бэлтгэжээ. Баяр хүргэе. Дотоод мэдээлэл ч мөн адил үүн шиг бүх т�##�уудын байр суурийг нэг т�##�барт багтаадаг болбол уншигчид дүгнэлтээ хийхэд тустай.
Эмнэлгийн ажилтнууд хэзээ, хаана ч илүүдэхгүй,Улс оронд гамшиг,зовлон,өвчин,дайн дажин болоход хамгийн хэрэгтэй хүмүүс. Стратегийн ач холбогдолтой. Уха�##�аг шийдвэр төр улсад хэрэг болно.
Мундаг тэмцэх юмаа...дуугарв�##� дуу нэг дугтарв�##� хүч нэг шэж энэ шүү дээ
Олон ург�##�ьч үтзлээр бусдын шийдвэрийг хүндэтгээд ажил хаялтанд оролцоогүй хүмүүсээ дээрэлхээгүй, мэдээлэлд нь х�##�даж цацаагүй бол мундаг гэж хэлэх байлаа. харамс�##�тай нь энэ бол зөвхөн өөрийн хүслээ биелүүлэхийн тулд бусдыг дарамтлагчдын хийдэг ажил.
Шинэ элсэлт авахаа зарлаач.
Энэ жил эслэлтээ 3-4 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй.
НАМАЙГ АВЧИХАА БИ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИХ ЭМЧ ХӨӨРХИЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭМЧЛИЙ ЗҮГЭЭР ЯМАР ЯРШИГТАЙ ЮМ ЭСВЭЛ НААШАА ИРАА