Өмгөөлөгч нь гадаад руу эмчилгээнд явж, "Ногоон автобус"-ны гэх шүүх хурал 70 хоногоор хойшлов

“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хурлыг хоёр дахь удаагаа хойшлууллаа.
Тодруулбал, өмгөөлөгчдийн шүүх хурал давхацсан, эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад эмчлүүлэх шаардлагатай тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү гэдэг хүсэлт шүүхэд ирүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж шүүх хурлыг аравдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хоёр сарын хугацаагаар хойшлууллаа.
Түүнчлэн шүүгчийн ээлжийн амралт, өмгөөлөгч нарын хүсэлтийг тааруулсан бөгөөд хурлыг дахин хойшлуулах хүсэлт хүлээн авах боломжгүй гэдгийг шүүхээс тодотголоо.
Хэрэв шүүх хурлыг дахин хойшлуулах хүсэлт өгсөн тохиолдолд шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулж байна гэж үзэхийг анхаарууллаа.
Сануулахад, нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэхэд, Шүүгдэгч Ж.Эрдэмбатын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Б.Дөлгөөний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч О.Лувсандагвын өмгөөлөгч Б.Гантөмөр нарын зүгээс шүүх хуралдаан давхацсан, Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн зүгээс биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцох боломжгүй, О.Хонгорзулын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар эрүүл мэндийн байдалтай холбогдуулан хилийн чанадад эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлснийг шүүхээс хүлээн авсан.
Улмаар А.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлээд байсан юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.