Төсвийн тухай хуульд "...12-р сарын 15-ны дотор шинээр өргөн барина" гэсэн өгүүлбэр нэмэхээр тусгажээ
Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөө өнөөдрийн даваа гарагт өргөн барилаа.
Хуульд өөрчлөлт оруулах замаар 2025 оны улсын төсвийг шинээр боловсруулж, өргөн барих шийдэлд Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хүрсэн.
Тэгвэл, Төсвийн тухай хуулийн 8.4.5 дахь ганц заалтад огноо нэмэхээр тусгасан аж.
Энэ заалтаар "Засгийн газар жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх" гэж заасан байдаг. Гэтэл өдгөө үүсээд буй нөхцөл байдал үүнтэй зөрчилдөж байна.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваагүй тул Засгийн газар ирэх оны төсвийг тодотгох биш шинээр боловсруулж, өргөн барих үүрэг хүлээсэн юм.
Харин одоо мөрдөж буй хуулиар төсвийг боловсруулж, өргөн барих цаглабар есдүгээр сарын 1-нээр тасалбар болж байна.
Иймд дээрх заалтад, "Хэрэв хориг тавьсан, шинээр боловсруулж өргөн барих шаардлага үүссэн тохиолдолд арванхоёрдугаар сарын 15-ны дотор" гэсэн утга бүхий өгүүлбэр нэмж байгаа аж.
Энэ хуулийн өөрчлөлтийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.
Хэрэв хэлэлцэн баталбал, Засгийн газар шинэ хуулийн хугацаандаа нийцүүлж, арванхоёрдугаар сарын 15-ны дотор төсвөө шинээр өргөн барихаар болоод байна.
М.ТЭНГИС
Холбоотой бичвэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.