УЛС ТӨР

Нэг дороос I Н.Алтаншагай: Чоно агнахыг зөвшөөрчхөөд эргээд хяналтаа тавьж чадахгүй бол экологийн сүйрэл болох магадлалтай

Улс орон даяар 16:00 цагт гамшгийн аюулгүй байдлын дуут дохио дугарсантай холбоотойгоор гишүүд Сүхбаатарын талбай руу гарахаар болж, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хаалаа.

Маргааш чуулганы хуралдаан хэлэлцэж байсан асуудлаараа үргэлжилнэ.


Нэмэлт: 16:20 цаг

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

-Хуульд шинэчлэл орох гэж байх шиг байна. Саарал чонын тоо толгой яригдлаа. 40 жилийн өмнө л хийгдсэн судалгаа байх юм. Энэ дээр одоо Байгаль орчны яам ямар бодит арга хэмжээ авах юм. Говийн болон зүүн аймгуудын нутгаар талын саарал чоно үзэгдэхээ больсон. Энэ дээр одоо ямар бодлого баримтлах юм. Цаашид чонын тоо толгойг яаж хамгаалах юм. Экологийн сүйрэл авч ирэх магадлалтай. Чоно өөрөө мууг нь ан ав хийж байгалийн цэвэрлэгээ хийж байгаа амьтан. Нүүдэлчин малчид маань байгаль дэлхий, ан амьтантайгаа дасан зохицож яваад өдийг хүрсэн. Эргээд хяналтаа яаж тавих юм. Хэт задгай тавиад энэ амьтны аймгийг хоморголон устгах байдал руугаа орчих вий дээ. Чонын тоо толгойг эргэн харж, судалгаа шинжилгээ хийх нь зүйтэй байх.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд С.Одонтуяа:

-2004 онд биологийн хүрээлэнгийн судалгаагаар 10 мянга орчим байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тантай санал нийлж байна. Саарал чоно дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн байгаа. Чоно байгальд балансыг нь барьж байдаг амьтан. Зарим орнуудад чоноо хядаад, чоно нь ховордоод өөр улсаас чоно авч үржүүлж байгаа. О.Амгаланбаатар гишүүний хувьд нэг заалтыг нь л ойлгомжтой болгох гээд байгаа юм байна лээ. Зөвхөн малчид өөрсдийгөө хамгаалахын тулд чоно агнасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэж. Тиймээс энэ заалтыг дэмжиж байгаа юм. Энэ заалт нь зөвхөн амь нас, мал сүргээ хамгаалах гэдэг зорилгоор орж ирж байгаа. Миний зүгээс хууль санаачлагчид бүх хуультай уялдуулж, уялдаа холбоог нь сайн хангаж, бүхэлд нь агнах, тодорхой айл өрхөд заасан заалтаа анхаараарай гэж хэлж байгаа.  


Нэмэлт: 16:00

-А.Ариунзаяа: Хуульгүй болбол эрчүүд нь хийморио сэргээнэ гээд чоно олноор агнаж эхлэх эрсдэл бий-

Хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар санаачилсан. Ингэхдээ хэрэв амь нас, мал, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй байх зохицуулалт нэмж байгаа юм.

Ингээд хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа асуулт асуулаа.

-Би энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ чоно устах хэмжээнд хүрч монголчууд агнаад байсан учраас хориглох шийдвэр гарч байсантай холбоотой. Гэтэл одоо нээлттэй болгож байгаа байдлаар ан агнуур эргээд ямар нэгэн хязгаарлалтгүй явчих вий гэсэн болгоомжлол байна. Яагаад гэвэл энэ манай монголчуудын сэтгэлгээтэй холбоотой. Одоог хүртэл чоно харвал хийморьтой. Агнавал бүр хийморьтой гэдэг ойлголт явсаар байгаа. Хэн чоно агнасан нь бахархаж бичлэгээ хийдэг замбараагүй байдал бий. Эрчүүдийн аз хийморийг чоно алж байж л сэргээдэг гэх ойлголт яваад байгаа. Тэгэхээр нээлттэй болгож байгаатай холбоотой эрчүүд чоно алж, аз хийморио сэргээх гэсэн шуналд авчих вий дээ. Хэрхэн яаж энийг зохицуулах вэ. Дулмаа гуай настай учир өөрөө чадахгүй намайг агнаад өг гэж гуйсан юм гээд залуучууд очоод чоно агнаад байх вий. Тэгээд энэ чоно, тарвага агнана агнахгүй гэдгийг УИХ дээр ярьж байгаа нь жаахан ичгэвтэр асуудал мөн.

О.Амгаланбаатар:

-Чоно ховордсон нь хятадууд хил дээр чоно олноор өндөр үнээс авсантай холбоотой. Хөлдөөсөн чоно үнэд хүрсэнтэй холбоотой чонын хядлага явагдсан юм байна лээ. Одоо бол хүмүүсийн ухамсар өөрчлөгдсөн. Тиймээс нээлттэй болгосны дараа үр дагавар нь хавтгайрахгүй гэдэгт итгэлтэй байна.


Нэмэлт: 15:30 цаг

-Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ-

Зургийг Б.Эрдэнэбаяр

Хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хийж байна.


-Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ-

Нэмэлт: 15:00 цаг

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

  • Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа.
  • Харин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны гишүүн О.Номинчимэг танилцууллаа.
  • Мөн цэцийн дүгнэлтийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа.

Ингээд Байнгын хороодын санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улмаар гишүүд байнгын хороодын санал дүгнэлтийг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг баталлаа.


Нэмэлт: 13.30 цаг

Гашуунсухайтын хэлэлцээрийг соёрхон баталлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг соёрхон баталлаа.

УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн. Тодруулбал, 87 гишүүн дэмжин 23 гишүүн татгалзсан.

Татгалзсан гишүүдээс зарим нь "Дэмжсэн" хэмээн тэмдэглүүлэхээр санал гаргасан. Саналаа буруу өгсөн, эсвэл төхөөрөмж гацсан бололтой.

Ингэснээр хэлэлцээрийг дэмжээгүй гишүүд: Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ж.Баясгалан, Х.Болормаа, С.Замира, П.Мөнхтулга, А.Ундраа, О.Цогтгэрэл, Д.Энхтуяа болж байна.

Хэлэлцээрийг соёрхон баталснаар УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Нэмэлт: 11.48 цаг

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Жолооч нар ажилгүй болох уу. Төмөр зам хэний өмчлөлд байх вэ, ашиглалтыг хэн хариуцах вэ. Мөн Л.Мөнхбаясгалан гишүүнтэй санал нэг байна. Хариуцлага ярихгүй юм байна л даа. 15 жилийн өмнө ашиглалтад оруулчихсан бол олон зүйл өөр байх байсан. Нэр усаар нь дурдаж байх шиг байна лээ. Гацаасан хүмүүсийн зарим энэ дотор сууж л байгаа. Огт хариуцлагын асуудал яригдахгүй юм байна гэж ойлголоо.

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Хэлэлцээрийн 4-р заалтад нүүрсний худалдаатай холбоотой асуудал багтсан байгаа. Хамгийн сүүлд баталгаажсан гэрээний үнэ дээр индексүүдийн тохируулгыг ашиглаж үнэ гарч ирнэ. Хүмүүс тээвэргүй үнийг нь хараад хямд юм биш үү гэж хараад байдаг. Биржийн үнүүд жишээ нь хил хүртэлх тээврийн үнэ багтсан байгаа. Өнөөдрийн байдлаар нүүрсний дундаж үнэ 80 ам.доллар байна.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Жолооч нарын асуудлын хувьд машины тээвэр цаашид үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулж ЗГ-ын ажлын хэсэг ажиллаад ирсэн. Жолооч нарын нийгмийн асуудлыг шийдэхэд нэлээд анхаарсан. Хайрхан баг дээр гэхэд суурьшлын бүс байгуулах, орон сууцжуулах, эмнэлэг байгуулах зэргийг яриад ирсэн. Эмнэлгийг бол Б.Жавхлан сайд энэ жил шийднэ гэдгийг хэлсэн. Тавантолгойн төмөр замын ажилчдын байрыг барих 17 сая ам.доллар бий. Байраа барина. Төмөр замын өмчлөл ЭТТ ХК-д байна. Ашиглалтыг бол Монголын төмөр зам менежмент хийж явна. Арчлалт хамгаалалт, ачаа тээвэр бүгдийг “Монголын төмөр зам” шийднэ. Аль болох энд ажиллаж амьдарч буй хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна.

Д.Энхтуяа: Бүтээн байгуулалтыг дэмжинэ. Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэж заасан байгаа. Хамгийн гол нь хоёр сарын хугацаанд холбоно гэж Сангийн сайд хэлсэн. Цогцоор нь харах уу гэдэг сонин байна. Цагаанхадад суурьшлын бүс бий болсон. Тэндхийн нийгмийн асуудал маш хүнд. Үүнийг ч салбар яамд анхаарч авч үзээсэй. Хэлэлцээрийн тавдугаар зүйлд, талууд ААН-үүдийг арилжааны зарчмаар сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтран ажиллахад дэмжинэ гэжээ. Сэргээгдэх эрчим хүчээр урьд нь яаж хамтарч ажилласан бэ. Ажилласан болоод “Үргэлжлүүлнэ” гэсэн болов уу. Хятадын талаас хэрэв худалдан авалт байвал манайд энэ чиглэлээр хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний асуудлыг яг ямар хэмжээнд ярьсан бэ? Хоёрт, талууд дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэсэн. Манай улс зөвхөн байгалийн баялгаа гаргачихаад хүнээ орхигдуулдаг. Цагаанхадыг би онцолсон. Тэдгээрт хэрхэн цогц анхаарах вэ, төлөвлөгөө байна уу? Гуравт, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэлт хоёр дахин нэмэгдэнэ, зорчигч аюулгүй нэвтэрнэ гэжээ. Зорчигч үүгээр хэзээ явж эхлэх вэ? Би өөрөө Өмнөговь аймагт төрсөн. Баялагтай байсны “хар гай”-гаар байгаль орчин нь маш сүйдсэн.

Шадар сайд Т.Доржханд: БНХАУ-ын ЗГ-тай байгуулж байгаа анхны гэрээ гэдгийг онцолж хэлье. Тус улсыг тойрсон 14 улс бий. Алинтай нь ч ийм гэрээ байгуулж байгаагүй гэдгийг хэлье. Мэдээж эрчим хүчний хамтын ажиллагааг тусгаж өгсөн онцлогтой. БНХАУ манайхаас эрчим хүч авъя гээд 2005, 2015 онд хоёр удаа хүссэн юм билээ. Харамсалтай нь бид ажлаа хийж чадаагүй. Сэргээгдэх эрчим хүч нийтийн хэрэглээ болсон. Тэр зах зээлийн үйлдвэрлэлийг БНХАУ бараг дангаараа хангадаг. Хамтарч ажиллая гэдэг үг үсгээ тодорхой тусгасан нь амжилт. Үүгээр Шанхайд болсон айлчлалаар ярилцсан. Сарын өмнө Хайнаньд ч айлчилсан. Одоо эрчим хүчний хамтын ажиллагаагаа хийе, цэвэр сэргээгдэх эрчим хүчийг манай талаас авъя гэдгээ протоколд тусгаад явж байгаа. Их өгөгдлөөс шалтгаалан дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ огцом өсөж байгаа. Араас нь Арабтай ярилцаж байна. 10 гегаватаас эхлээд явна.

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Гэрээндээ бид олон хэлэлцээрт, протоколд, дараа нь байгуулах гэрээгээ анхаарч заалтууд оруулсан байгаа. Сэргээгдэх эрчим хүчээ анхаарсан, хот байгууүлалт орон сууцжуулалтын төсөл хийнэ гэх мэтээр. Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг дээр бол Цагаанхадын суурьшлын бүсийн асуудлыг бас ярьж байна. Ханбогд сумтай холбоотой асуудлыг ч тэр. Газар нь өөрөө тусгай хамгаалалттай учир шийдвэрлэхэд төвөгтэй. Өчигдөр үүнийг шийдэж, тэндэх хүмүүсийн нийгмийн асуудлыг анхааръя гэж байгаа. Хайрхан багт баригдах эмнэлгийн асуудлыг шийдээд ирсэн.

Л.Мөнхбаясгалан: Төмөр замын дайнг эцэслэх өдөр ирдэг юм байна. 2014 оны 8 сард Ц.Элбэгдорж удирдан, “Энержи ресурс” компани нэг нууц гэрээ байгуулсан. Тэр гэрээ өнөөдөр Монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ очиж, хятад хэл дээр олж ирсэн. Тэр гэрээг ил болгомоор байна. Би шударга ёсыг нэхэмжилмээр байна. Тавантолгойг 100 жилээр өгөх гэж оролдсон. Хятадын компанийг олборлолтод оруулна, төмөр замыг нарийн царигаар барина гэж УИХ-ын тогтоолын эсрэг явж байсан. 10 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал, нэр төрөөр хохирсон. Хариуцлага тооцохгүй юм уу. Тэр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчрахгүй юм уу. Хуйвалдаан хийсэн нь өнөөдөр ил боллоо. 15 жил гэдэг ямар урт хугацаа билээ.

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Таны хэлсэн асуудлуудыг тусгасан. ЗГ хооронд гуравдагч талын зуучлал оролцуулахгүй. ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшил, лицензийг бусдад шилжүүлэхгүй. Тийм саналыг айлын талаас тавихгүй гэсэн заалттай. Олборлолт хийж, нүүрс худалдан авах гэрээ бол байгаа. Царигийн асуудал шийдэгдсэн. Өргөн нарийн царигийн алив маргаан дахиж үүсэхгүй гэж оруулж өгсөн. Мөн төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж, өнгөрсөн хугацааны алдагдлыг нэхэмжлэхгүй гэж оруулсан байгаа.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хариуцлага олон янз байгаа. Ер нь эрүүгийн хууль ямар ч асуудал ярих боломжгүй болчхоод байгаа. Хөөн хэлэлцэх хугацаатай. Үүний араас явъя гэвэл хуулиар боломжгүй гэсэн үг. Гэхдээ ой санамжтай байх ёстой. Тийм ч учраас Ухаа худагтай холбоотой асуудалд ЗГ-аас ажлын хэсэг гарч, дүгнэлт хийж, УИХ-д өргөн мэдүүлэх гээд товоо хүлээж байна. Зарим нэг материал тодруулахтай холбоотой ажил хүлээгдэж байна. Бүхэл бүтэн стратегийн ордтой холбоотой байгуулсан гэх гэрээ нь төрд нь байдаггүй. Айлын талтай асуудал ярихаар бидэнд байхгүй гэрээ гаргаад ирдэг. Ийм байж болохгүй. Төрийн хувьд шийдвэрээ гаргаад цэгцлээд явахгүй бол цаашдаа ч тасрахгүй. Тийм учраас онцгой анхаарал тавьж, өнгөрсөн хугацаанд хууль зөрчсөн байж болзошгүй хүмүүсийг шалгана.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хэнийг ч зөвтгөх эсвэл буруутгах өнцгөөс яримааргүй байна. 70 жилийн дараа хоёр дахь боомтоо төмөр замаа холбож байна. Анх яригдсанаас хойш энэ асуудал 20 жил, 2014 оны 8 сард төрийн тэргүүд ойлголцсоноос 10 жил өнгөрлөө. Дүгнэлтийг цаасаар оруулж ирнэ, тэгээд баримттай ярьж, шүүн хэлэлцэцгээе.

Л.Мөнхбаясгалан: 15 жилийн тэмцэлд хамт явсан хүмүүстээ баярлалаа. Эрүүгийн хариуцлага тооцоход хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг юм бол, нэмэлт өөрчлөлтөө хийж болно шүү дээ. Заавал хэн нэгнийн цоллочихоод зөв бурууг нь тогтоох ёстой. Тэгэхгүй бол Монголын төрд хэн ч итгэхгүй. Цагаатгах бол бас цагаатгах ёстой. Тэгэхгүй бол нэр төр, амьдралаараа хохирч байна.

Ж.Бат-Эрдэнэ: Үндсэндээ бид нүүрсээ ганзагын байдлаар зарж ирсэн. Одоо Засгийн газар хоорондын гэрээгээр зарж эхлэх нь. ЗГ хооронд яг хэдэн сая тонн нүүрсийг ямар хугацаанд зарах юм бэ. Энэ тоонууд алга. Хоёрт, 20-25 сая тоннын хүчин чадалтай, энэ төмөр зам. Гэрээний дагуу 20 сая тонн тээвэрлэлтээ хийчихвэл нөгөө ААН-үүд чинь яаж гаргах юм. Гаргаж чадах юм уу. Тавантолгойн өмчлөлт байгаа автозамаа ашиглах уу. Нийт боомтоор төмөр зам, автозамтай нийлээд хэдэн сая тонн нүүрс гаргах юм. Ж.Ганбаатар сайдын үед уул уурхайн биржийн хууль орж ирсэн. Хэдэн сая тонн нь цаашид биржээрээ гарах юм бэ гэдэг сонин байна. Нүүрсний үнэ унах, өсөх бүх үед тохирдог хамгийн дээд үнээрээ биржээр зарах боломж л гарсан. Үүнийгээ хангаж байна уу?

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Нүүрсний хэмжээ, хугацааг хэлэлцээрт тодорхой зааж өгсөн. 2025-2029 онд 27 сая тонн, 2030 оноос хойш 20 сая тонн, нийт 16 жилд 247 сая тонн болно. Протокол дотроо он оноор нь заачихсан байгаа. Зарагдаж байгаа нүүрсний 100 хувь гэвэл 55 хувь нь коксжих гэх мэтээр заасан. Биржийн хууль хэрэгжиж байгаа. Нүүрсний үнэ өсөж байгаа үед таарч байна. Өнөөдөр шиг буурч байгаа үед, индексжүүлэх заалтгүйгээс болж худалдан авагчид орж ирэхгүй болчихлоо. Энэ утгаар хуулиа өөрчлөх гэж байна. Өчигдөр ЗГ-ын хуралдаанд танилцуулсан. Өндөр үнэтэй байх үед биржээр худалдаа хийсэн компаниудын нүүрс овоолго болчихоод, цаашаа унасан үнээр зарж чадахгүй байгаа. Тийм учраас гацалт үүсээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.


Нэмэлт: 10:50 цаг

ҮХЦ-ийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсангүй

УИХ-ын гишүүдийн олонх Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсангүй. Бие даан нэр дэвшигч нь тойргийн 801-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулдаг нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнээд байв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байв.

Ж.Батжаргал: Бие даан нэр дэвшигчид квот тавьсан нь хэдэн оны сонгуулиас хойш орсон юм бэ. Нэлээд тогтсон ойлголт гэж ойлгодог. Нэр дэвших хүсэл байж болно. Гэхдээ сонголтын үр дүнгээр гарч ирдэг. Үүгээр сонголтын эрх хаагддаг гэж бодохгүй байгаа. Бид дунджаар 45 мянган хүний саналаар УИХ-ын гишүүн болсон. Гэтэл 801 гарын үсэг цуглуулах бол тийм өндөр босго биш. Тийм хэмжээний дэмжигчидтэй байх ёстой. Энэ ямар хүний нэр дэвших эрхийг зөрччихөөд байгааг мэдмээр байна.

Ц.Сандаг-Очир: 1992 оноос хойш парламентын есөн удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигч 801-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулна гэдэг заалт хэрэгжсэн. Нэр дэвших эрхээ хязгаарлуулсан нэр бүхий хүмүүс нь ҮХЦ-д уг асуудлаар гомдол гаргасан байна. Сүүлийн гурван сонгуульд 21 бие даан нэр дэвшигч нь 801-ээс доошгүй гарын үсэг цуглуулах асуудлаас болж оролцож чадаагүй юм байна. Тийм учраас ҮХЦ-ийн дүгнэлтийн гол агуулга бол шалгуур тавьж байгаа нь буруу биш, тухайн тойргийн сонгогчтой харьцуулахад өндөрдөөд байна. Хуульчлагдаагүй байна, журмаар зохицуулж байна гэдэг дээр байгаа. Иймд УИХ дүгнэлтийг хүлээж авна гэдэг нь бие даан нэр дэвшигчид шалгуур тавихгүй гэсэн үг биш шүү.  

А.Ариунзаяа: 1992 оноос хойш энэ босго тавьсан гэхээр сонгогчийнх нь тоо ч бага байсан байж таарна. Тэгэхээр хүний тоо одоо нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Тухайн үед 801 гэж тоо тавьсан зарчим үндэслэл юу байв. Хоёрт, улс төрийн намын байгуулахтай адил 801 гэдэг зарчим тавьдаг нь зөв. Хүн гэхээсээ нэр дэвшиж байгаа субъект гэж намтай адилтгасан хэрэг тэр болов уу. Бие даагчдад давуу байдал үүсгэсэн хэрэг дахиад цэц дээр очих юм биш биз дээ. Нам байгуулахад 801 гарын үсэг цуглуулдаг нь бас асуудал дагуулах вий дээ. 801 биш бол хэд юм бэ?

Ц.Сандаг-Очир: Цэц үзэхдээ 801-ийг өндөр гэсэн ч зохимжтой тоог хэлээгүй. Ямар ч гэсэн улс төрийн намыг байгуулдагтай адилтгасан нь, мөн тухайн тойргоос 801 гарын үсэг цуглуулна гэдэг амаргүй юм. Адил тэгш байх Үндсэн хуулийн зарчим хөндөгдөж байна гэсэн.

Х.Баасанжаргал: Хэд хэдэн улс орны жишгийг авч үзээд 801 нь өндөр байна гэж дүгнэсэн. ХБНГУ гэхэд бие даагч нар нь 200, БНСУ 300-500, Их Британи 10 хүний гарын үсэг цуглуулдаг юм байна. Тэгэхээр манай улсад хэт өндөр босго тавигдаж байгаа нь харагдаж байна. Мөн намд тавигддаг шаардлагыг хувь хүнд тавих нь буруу гэж хүний эрх талаас дүгнэж байгаа. Мөн 801 гарын үсгийг түүврийн аргаар шалгангуутаа шаардлага хангахгүй байна гээд буцаачихдаг. Харин түүнийг залруулах хугацаа байдаггүй. Тийм учраас ихээхэн субъектив, тэгш бус хандлага гэж үзсэн. Иймд цэцийн дүгнэлтийг хүлээн авна уу гэж хүсэж байна.

Э.Бат-Амгалан: Миний хувьд цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Босгогүй болчихвол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүс нэр дэвшихээс гадна орон нутгийн сонгууль ч будилаантана. Хэн дуртай нь ижил нэртэй хүн дэвшүүлэхээс эхлээд асуудал гарна. Өнгөрсөн есөн удаагийн сонгууль энэ заалт дээр асуудал гаргалгүй шийдээд ирсэн. Яг одоо 801 гэдгийг бүр аваад хаях юм уу, эсвэл багасгах юм уу гэдэг тодорхойгүй байна. Мэдээж 801 хүний дэмжлэг бол авсан хүн нэр дэвших ёстой л гэж үзэж байна. Орон нутагт бол 201 гэсэн тоо байгаа. Энэ бас хүчингүй болох юм уу. УИХ-ын гишүүддээ хэлэхэд энэ дүгнэлтийг эргэж хараарай.

Ц.Сандаг-Очир: Цэц 801-ийг өндөр гэсэн ч хэд байх зохимжтойг дүгнээгүй. Нөгөө талаар, цуглуулсан 801 гарын үсгийг нягталж байгаа процедур тодорхойгүй байна. Үзэмжээр шийдэж байна. 801 гарын үсгийг долоон хоногийн хугацаанд нягталж байгаа нь цаг хугацааны хувьд ч боломжгүй. Субъектив байдлаар тэгш эрхэд халдаж байгаа нь л асуудал юм гээд байгаа. УИХ дүгнэлтийг хүлээж авлаа гэвэл Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, тоог шинээр тогтоож асуудалд хандана. Огт шалгуургүй болго гэсэн асуудал цэцийн дүгнэлтэд байхгүй юм шүү.


Нэмэлт: 10.14 цаг

Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлахад АҮЭБ-ийн сайд Ц.Туваан байхгүй байгаа тул гуравдугаар асуудлаас эхлэхээр болов.

Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ хэлэлцэж эхэллээ.


Эхлэл: 10.00 цаг

УИХ-ын хаврын чуулган эхний хуралдаанаа хийж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийг товч танилцуулж байна.

Пүрэв, баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн товлоод байгаа юм.

  •  Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 27, 2025 16:52

Ариунзаяа м�##� минь ээ. Хангайн чоныг хэн ч олноор нь хиаруулж амждаггүй юм. Учир нь газрын бартаа, байг�##�ийн хүчин зүйлс тэр аархуу баярхуу нөхдийн чинь хандыг хага дараад өгдөг. Ганц нэгээр түүж тоншвол их юм. Харин Говьд чоно агнуулахгүй т�##�аар наад хэл амаа билүүд. Хангайд боохой гаарлаа. Бид чамтай чамгүй буу муутай улсууд.

Зочин
Зочин
3 сар 27, 2025 17:15

ЧОНЫГ ЦААЗААР АВААЧИХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА ШҮҮ ПЯЗДА ХАРИН МОНГОЛ УЛС ЦААЗЫН ЯЛАА СЭРГЭЭЖ ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ ГЭЭД ЭНЭ ОЛОН ХУЛГАЙЧУУДАА ОЛНЫ ӨМНӨ БУУДААД АЛЧИЙ.ХАНГАЙН ЧОНО БОЛ ЭКОЛОГИЙН МАШ ТОМ ТӨЛӨӨЛӨГЧ ШҮҮ МАЛЫН СЭГ ЗЭМИЙГ ИДНЭ ҮЛДСЭНИЙГ НЬ ТАС ШУВУУ ШААЧИХНА ЕРӨН БОЛ СЭГ ЗЭМИЙГ ОЛОН ХОНУУЛАХГҮЙ ИДЧИХНЭ.ЭНЭ ХУУЛИА ЭРГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ ХОРЬСОН ХОРИОГҮЙ ОДОО ОРОСЫН БУУ ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬЖЭЭ ДАН АМЕРИК ИТАЛИ ГЕРМАН ВИНТОВУУД ИХ БАРЬДАГ БОЛЖЭЭ.СӨРӨГ ДАГАВАР ИХ БАЙНА МАНАЙ МАЛЧНЫ ЭХНЭР БИЕ ЗАСААД СУУЖ БАЙХАД ГЭРЭЛ ХАЯСАН ЗАЛУУЧУУД ХОТНЫ ЗАХАД БАЙСАН НОХОЙ РУУ ЧОНО ГЭЭД СУМ ТАВЬСАН БАЙГАА ЮМ ГЭТЭЛ ЯАСАН ТЭНЭСЭН СУМ ТАРХИНД ГЭГЧЭЭР ТЭР СУМ МАЛЧНЫ ЭХНЭРИЙН МААНЬ АРЫН СҮВИЙГ УРД СҮВТЭЙ НЬ НИЙЛҮҮЛЭХЭЭ ШАХСАН ДӨНГӨЖ ШҮРГЭЭД ҮСИЙГ НЬ ТАЙРААЛ ӨНГӨРСӨН БАЙГААМ.ИЙМ Л АЙМААР БАЙГААШТ ТЭГЭЭД ЦАГДААД ХЭЛЬЕ ГЭХЭЭР ХМ ЯРШИГ ИЧМЭЭР ЮМ ҮСИЙГ НЬ ШҮРГЭЭЛ ГАРСАНДАГ ШЭЖААГААШТ АЙМААР БИЗ

Ганаа
Ганаа
3 сар 27, 2025 19:20

Ариунзаяа чоно харсан уу чи хэдэн хөлтэй юм хаана ховордсон юм худ�##� бэлдсэн матери�##� уншаад сууж байдаг

Зочин
Зочин
3 сар 27, 2025 20:17

Чоно авна зарна гэсэн зар эхлэнэ дээ

Доржоо
Доржоо
3 сар 27, 2025 22:56

Эргүү м�##�нууд эхлээд чанаргүй м�##�ынхаа тоо толгойд анхаар амьтад ч бас амьдрах эрхтэй шүү

Зочин
Зочин
3 сар 27, 2025 22:57

Бид хөх чонын удам гэж онгирохоо одоо болих болждээ

Зочин
Зочин
3 сар 28, 2025 03:40

Оюунэрдэнэ хэнийг ч буруутгамааргүй байна гэнэ өө бүүр ингэж ярьдаг болоо юу хаха огцруулах хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button