А.Цэцэнсайхан: Дэлхийд ганц байдаг баялаг сантай эх хэлээрээ бахархсан

Есхөн настай хэр нь хэвлүүхэн яриатай, эелдэг нэгэн хүү манай редакцад ирлээ. Өөрийгөө нэг амьсгаагаар дуржигнатал танилцуулаад, шууд л яриандаа орохоор яаран ярилцлагаа эхлүүлэхийг хүслээ. Ингээд бид Нийслэлийн ерөнхий боловсролын 62-р сургуулийн 4Е ангийн сурагч, “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын ялагч гэдгээрээ олон хүмүүсийн бахархлыг төрүүлж яваа Анар-Эрдэнэ овогтой Цэцэнсайхантай ярилцлаа.
-Тэмцээнд орох санааг хэн анх санаачилсан бэ?
-Анх хоёрдугаар улирлын тэмцээнийг үзээд би өөрөө энэ тэмцээнд орохыг хүссэн.Харамсалтай нь тухайн үед миний нас тэмцээний журамд заасан ангилалд хүрээгүй. Тийм болохоор дараа улирлын тэмцээнд нь заавал орно гэж бодоод энэ жил орсон.
-Гаргаж байсан амжилтуудаасаа дурдвал?
-Би нэгдүгээр ангидаа уншлагын аварга, алтан хонх, аха тэмцээнүүдэд нэгдүгээр байр мөн монголын хүүхдийн ордны хятад хэлний сорилго уралдаанд ороод нэгдүгээр байр эзэлсэн. Үндэсний үсэглэлийн аваргын “АХА” тэмцээн есдүгээр дугаарын үеэр болоход бас ялсан.
-Тэмцээндээ бүртгүүлээд бэлтгэлээ яаж хийж байв. Эхний шатандаа сандарсан уу?
-Гэр бүлийн хүмүүстэйгээ хамтдаа өдөр бүр бэлдэж байсан. Бас хичээлээ тараад харьж явах замдаа түгжрэлийг ашиглаад үгээ бэлдээд явдаг байсан. Анх удаа камерын өмнө гарсан учраас эхний шатны тэмцээндээ маш их сандарсан. Олон танихгүй хүүхдүүд намайг хараад зөв үсэглэх нь үү, буруу үсэглэх нь үү гээд хүлээж байгаа нь бага зэрэг эвгүй, өөр мэдрэмж. Гэхдээ бүгд найзууд болоод, хамтдаа үгээ бэлдэнэ гэж бодоход гоё байсан. Өгөгдсөн үгнүүд ч бас бодож байснаас илүү хэцүү санагдсан. Дотроо өөрийгөө зоригжуулаад, өөртөө чадна гэж хэлээд орсон. Сандралтай ороод эхний шатандаа тэнцээд гараад ирэх үе үнэхээр гоё.

-Үсэглэж дуусаад хариуг сонсох гээд хүлээх тэр хугацаа ямар байдаг бол. Үсэглэх үгийг дотроо хурдан хугацаанд боловсруулах арга чинь юу вэ?
-Миний мэддэг, бэлтгэл хийсэн үг таарвал сандралгүй өөртөө итгэлтэй хүлээдэг. Харин эргэлзээтэй, урт үг таарвал дотроо сандралтай хүлээдэг. Хөтлөгч хариулт зөв байна гэж хэлэхэд санаа амраад маш гоё санагддаг. Заримдаа мэддэг үгээ алдах тохиолдол ч байдаг.
Хурдан үсэглэлд үгийг бодох хугацаа байдаггүй. Шууд цээжилснээрээ хэлдэг. Үндсэн үсэглэлд цаг заадаггүй учраас нямбай, няхуур хандаж маш сайн бодох хэрэгтэй. Харин хурдан бичиглэлд амаар хэлэхгүй учир илүү амархан. Үг болгон өөр өөр онцлогтой. Урт боловч амархан үг, богино боловч эгшиг жийрэглэх, эгшиг гээгдэх зэрэг дүрмийн хувьд хэцүү үг бий. Ерөнхийдөө миний арга барил бол дүрмээр нь цээжлэх.
-Чамд мартагддаггүй хэцүү ч юм уу содон үг байдаг уу?
-Сүүлийн шатандаа үсэглэсэн эмхэтгэгчдийнхээ гэдэг үг. Тухайн үед өөр үг шиг сонсогдоод их эргэлзэж байсан. Их урт үг байсан болохоор хөтлөгчөөс давтаж асуусан. Энэ үг л мартагдаагүй хамгийн хэцүү үг шиг санагдаж байна.
-Монгол хэлний юу нь илүү онцгой бол?
-Монгол хэлэнд миний мэддэггүй, өмнө нь сонсож ч байгаагүй олон үг байсан. Би тэмцээндээ бэлдэж байх үедээ монгол хэлийг ямар баялаг юм бэ гэж бодож дэлхийд ганц байдаг эх хэлээрээ бахархсан.
Би өөрийгөө хэл, бичиг сурахдаа авьяастай гэж боддог. Миний ах үндэсний бичигтээ сайн учраас ахаасаа асууж, туслалцаа аван хамтдаа сурдаг. Манай ангид хоёр жилийн дараа үндэсний бичиг заана. Түүнээс өмнө сонирхолтой санагдаад сурмаар байсан тул ахаасаа асууж сурч эхэлсэн. Монгол бичгийн галиг олон үгний үндэс нь болж өгдөг. Надад сонирхолтой байгаа.
-Түрүүн хятад хэл сурдаг гэж ярьсан. Монгол, Хятад хэлний ялгааг нь юу гэж бодож байна?
-Хятад хэлний ханзнууд тухайн үгний утгатайгаа төстэй хэлбэртэй байдаг. Жишээ нь шувуу гэдэг үгний ханз шувуутай төстэй харагддаг. Тийм ч учраас хятад хэлийг сурах сонирхолтой. Гэхдээ нэг үг олон дуудлагаар уншигддаг нь хэцүү. Монгол хэлэнд тийм асуудал байхгүй. Харин ч эсрэгээрээ илүү баялаг олон үгийн сантай.
-Хамгийн бага настай ялагч болсон. Өөрөөсөө насаар ах хүүхдүүдтэй өрсөлдөхөд хэцүү байв уу?
-Өөрөөсөө том хүүхдүүдтэй өрсөлдөхөд надад ямар ч ялгаа мэдрэгдээгүй. Яагаад гэвэл насны ялгаа хамаагүй өрсөлдөх чадвар, үгээ хэр их мэдэж байгаа нь л чухал.
-Мэдээж тэмцээнд ялна даа гэж бодож орсон байх. Гэхдээ өөртөө эргэлзэх бодол төрсөн эсэх?
-Би энэ тэмцээнд ялах зорилготой бус дурсамж бүтээх зорилготой оролцсон. Харин үе ахих тусам бодол өөрчлөгдөж байсан. Анх шилдэг 52-т л орж байвал болоо доо гэж бодсон. Дараа нь шилдэг 24-т орох л миний зорилго болсон. Энэ хүртэл яваад олон удаа зурагтаар гарчихсан болохоор сэтгэл ханасан. Гэвч би төсөөлж байснаасаа илүү амжилттай явсаар шилдэг гуравт багтах үедээ өөртөө улам итгэл төрж заавал цомын эзэн болно гэж дотроо амласан.

- Удаан үргэлжилсэн тэмцээнээ өндөрлүүлж, эцсийн шатандаа найзуудтайгаа өрсөлдөөд ялах мэдрэмж?
-Тэмцээний өглөө гоё бас сандрал ихтэй байсан. Өөрийгөө дотроо их хурцалж орсон. Тэмцээндээ ялаад цомын эзэн болох маш гоё байсан. Хантүшиг найзыгаа ялагдаад бага зэрэг гуниглаж байгааг харахад надад бас гуниглах мэдрэмж төрсөн. Бид хоёр эцсийн шат хүртэл хамтдаа байсан учраас сайн найзууд болж чадсан. Найзыгаа би өөрөөс минь илүү мундаг гэж боддог. Насны хувьд ч тэр, тавдугаар дугаар дээр багаа аварч үлдэхэд ч тэр тийм бодолтой болсон. Гэхдээ би улам хичээж өөрийгөө дайчилж хувилгасан үгнүүдийг өмнөхөөсөө ч илүү анхаарсан. Бид адил үг үсэглээд секундээрээ ялгарч би ялсан.

- Үсэглэлийн аварга тэмцээнд орсноос хойш амьдралд нь гарсан өөрчлөлт байв уу?
-Тэмцээнд орж байх хугацаанд хичээлийн хажуугаар тэмцээний бэлтгэл, дугуйлан, хятад хэлэндээ явах гээд олон зүйл зэрэг давхцаж байсан болохоор тухайн үедээ хэцүү санагдсан. Тэмцээндээ өдөрт 1-2 цагийн хугацаатай л бэлтгэл хийж амждаг байсан. Харин сургуулиас түр зуурын чөлөө аваад бусад оролцогчидтой адил илүү олон цаг бэлдэж эхэлсэн болохоор өмнөхөөсөө ч илүү хичээж бэлтгэлээ үргэлжлүүлсэн.
Харин тэмцээний дараа бол цээж бичиг дээрээ алдахаа больсон. Өмнө нь дуудлагаараа шууд бичдэг байсан бол одоо дүрэм, үгийн үндсийг сайн бодоод алдаагүй бичиж чаддаг болсон.Гадуур явж байхад зарим хаяг рекламууд буруу бичигдсэн байгааг анзаардаг. Дугуй завсар, солонгос хүүхдийн арьсан гутал гэх мэт алдаатай бичигдсэн үгнүүд их байдаг. Тэмцээнд орж эхэлснээс хойш үг үсгийн алдаа их шалгаж, анзаарч байгаа. Хүмүүс жишээ нь, саримс гэдэг үгийг сармис гэж бичдэг. Уг үндэс нь саримсаг гээд ургамлаас гаралтай учир саримс гэж бичих нь зөв.
-Сургуульдаа явахад ангийн найзууд, сургуулийн хамт олон нь яаж угтав?
-Ангийн найзууд бүгд надад баяр хүргээд, бүх дугаарыг нь алгасахгүй үзэж байгаа гэсэн. Ялагчийн дугаар гарснаас хойш ангийн хүүхдүүд бүгд баяр хүргэж, сургуулийн хүүхдүүд бүгд таньдаг болсон. Дэлгүүр орох үед үсэглэлийн аварга Цэцэнсайхан байна гэж хэлэхэд их баярладаг.
-Чамайг хамгийн дэмжиж байсан хүн хэн бэ?
-Ээж минь хамгийн их дэмжиж байсан.Миний алдсан үгнүүдийг тэмдэглэж аваад надтай хамт дараа нь цээжилдэг. Мөн миний багш, гэр бүлийн бүх хүмүүс дэмжсээр ирсэн.

-Найзуудтайгаа тоглох завгүй байх хэцүү байв уу?
-Энэ тэмцээнд шилдэг 24-т багтах зорилготой байсан учраас тоглож амжаагүйдээ харамсаагүй. Ялчихвал тоглох бол дараагийн л асуудал.
-Чөлөөт цагаараа юу хийдэг бэ. Дуртай хичээл нь?
-Чөлөөт цагаараа зураг зурж, ном унших дуртай. Үүнээс гадна Монголын хүүхдийн ордны хятад хэлний дугуйланд явдаг. Монгол хэл, математик, дуу хөгжмийн хичээлүүддээ илүү сонирхолтой. Энэ зунаас эхлээд спортоор хичээллэж гар бөмбөгийн дугуйланд явж эхэлнэ гэж бодож байна.
-Ном унших дуртай гэлээ шүү дээ. Ямар төрлийн ном унших дуртай вэ?
-Би цэцэрлэгт байхдаа уншиж сурсан. Тийм ч учраас номтой их нөхөрлөдөг. Тэмцээний үеэр журмалсан толийг илүү их уншиж, үг цээжлэхдээ ашигласан. Харин бусад үедээ уран зохиол, үлгэр, танин мэдэхүйн ном унших дуртай.Ихэнхдээ зурагтай ном уншдаг. Үйл явдал нь давхар зургаараа байдаг учраас тодорхой, ойлгомжтой санагддаг. Үлгэрийн ном уншиж байгаад нохойныхоо нэрийг бодож олж өгч байсан. Манай нохойг Бэхэ гэдэг. Бэхэ гэдэг дүр нь чонын бэлтрэгийн дүр байсан. Энэ нь надад их таалагдсан.
-Дараагийн үсэглэлийн аваргад оролцохыг хүсэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгвөл?
-Тайван, няхуур хандаж үгээ цээжлэх хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол дүрэм. Дүрмээ л сайн бодох хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мундаг хүүд баяр хүргэе. Хол явах хүү байна. Ар гэрт нь зөвлөхөд, хүүд хэт их ачаа үүрүүлж болохгүй шүү! Хүүгийн хүүхэд насыг баярлаарай!