"Амь эрсэдсэн дөрвөн иргэнийг мартчихсан хэр нь 207-р байрыг нураагаад дахин барих гэж байна"
Дүнжингаравын дэлбэрэлт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан. Тодруулбал, шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан байдаг.
Улмаар долоон хүний амь нас эрстэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм. Уг дэлбэрэлтэд амиа алдсан иргэдийн ар гэр болон эрүүл мэндээрээ хохирсон иргэд Төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй талаар өнөөдөр Төрийн ордны гадна мэдээлэл өглөө.
Хохирогчийн ар гэр #1
Г.Ган-Эрдэнэ “Миний аав Ж.Ганболд 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө аав минь сэхээнд байгаа эгчтэйгээ уулзахаар явж байгаад энэхүү осолд өртсөн. Түлэгдэлт нь гуравдугаар зэрэг буюу 39 хувийн түлэгдэлтэй гэж тодорхойлогдсон. Тухайн нөхцөл байдал маш аймшигтай, танихгүй хүн шиг болчихсон байсан. Бие махбодь, сэтгэл санааны хувьд маш хүнд. Байнгын даралт нь ихсэж, зүрх нь өвддөг. Чимээ гарахаар айж, түгшдэг. Түүнээс болоод зүрх нь өвддөг. Гар, хөлөөр нь байнгын шархирдаг. Ялангуяа нүүр орчмоор наранд удаан гарч болохгүй, хүйтэнд удаан зогсвол улайлт үүсэж, цэврүү үсэрдэг. Биеийн байдлын хувьд хүнд байдалтай болсон.
Унаж явсан Prius маркийн автомашин бүрэн шатаж, ашиглах боломжгүй болсон. Тогтмол орлоготой байсан хүн тогтмол зарлагатай болж, амьжиргааны түвшин тодорхой хэмжээнд буурсан. Гэтэл улс орны түвшинд болсон энэ аймшигтай ослоос хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрсөн байхад дорвитой арга хэмжээ авахгүй байна. Шүүх, цагдаагийн байгууллагууд ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар байна. Амь нас, сэтгэл санаагаараа хохирсон хүмүүсийг дуудаж, гарын үсэг зуруулаад л буцаадаг. Тэгэх болгонд аав бие нь муу ч гэсэн очиж байна. Одоо л шийднэ гэхээр гарын үсэг л зуруулдаг"
Хохирогчийн ар гэр #2
Э.Очир "Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн боловч ялгаварлан гадуурхалт явагдаж байна. 207 дугаар байрныхантай бид барьцаагүй. Тэдний орон сууцны асуудлыг шийдсэн атлаа хайртай хүмүүсээ алдсан ар гэрийнхнийг ялгаварлан гадуурхаж байна. Тиймээс шаардлага хүргүүлж, нэгдүгээр сарын 30-нд хариугаа авна гэсэн боловч одоогоор бидэнд ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй.
Миний аав Төмөрийн Эрдэнэбаатар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт алхаад харьж байх үедээ газын дэлбэрэлтэд өртөж, амь насаа алдсан. 2025 оны дөрөвдүгээр сард шүүхийн анхан шатны хэлэлцүүлэг болсон. Тухайн үед Дашваанжил компанийн гүйцэтгэх захирал агсныг яллагдагчаар татсан байсан бөгөөд дахин мөрдөн байцаалт руу шилжүүлсэн.
Хоёр жил болоход хэн нэгэн биднээс уучлалт гуйгаагүй. Гэтэл одоо 207 дугаар байрыг нураагаад дахин барих гэж байна, энэ бол ялгаварлан гадуурхалт шүү дээ. Дэлбэрэлтийн улмаас амь нас нь эрстсэн дөрвөн энгийн иргэнийг мартчихсан"
Хохирогчийн ар гэр #3
Б.Гантулга "Аав маань тухайн үед сантехникийн дуудлагатай явж байгаад дэлбэрэлтэд өртсөн. Эмнэлэгт долоо хоноод бурхан болсон. Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Дараагийн шатанд суулт зарлана гэсэн бодолтой байгаа. 207 дугаар байрыг асуудлыг шийдэж, дараа нь буруутай этгээдээс хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж авна гэсэн. 20 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасан гэж мэдэгдсэн. Бидний асуудлыг уг 207 дугаар байрных шиг шийдэхийг хүсэж байна. Тухайн үед сэтгэл санааны хохирол тогтоогоогүй атлаа 18 сарын дараа дүгнэлт гаргасанд дургүйцэж байна" гэлээ.
Эргэн сануулахад, Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” энэ оны есдүгээр сараас буулгаж эхэлсэн. Ингэхдээ нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженерүүдийн хяналт дор буулгасан бөгөөд Улсын комисст 2025 оны 12 сард хүлээлгэн өгсөн байдаг.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.