25 км зайг 10 кг ачаатай туулдаг “Norcon march -2026”-г Монгол цэргүүд өнгөллөө

Бүгд найрамдах өмнөд судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Norcon march” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тухайлбал: Энэ удаагийн тэмцээнд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 50 орчим орны 300 гаруй алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд цэргийн алба хаагчдын оролцсон дөрвөн төрлийн гуравт нь монгол цэргүүд аваргаллаа.
Тус маршийн -40 насны ангилалын эрэгтэй төрөлд I мотобуудлагын ротын буудагч дэд ахлагч М.Сауыржан, эмэгтэй төрөлд Хангалт үйлчилгээний ротын хувцас, соёл гэгээрлийн нярав дэд ахлагч О.Уранбайгаль, +40 насны ангилалын эмэгтэй төрөлд Цэргийн цагдаагийн тасгийн цэргийн цагдаа ахлах ахлагч Б.Болормаа нар тэргүүн байрт шалгарчээ.
Түүнчлэн -40 насны ангилалын эрэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд гутгаар байрт I мотобуудлагын ротын буудагч дэд ахлагч Б.Жансерик удаалжээ.
Ийнхүү даян дэлхийн энхийн манаанд нэгэн далбаан дор үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг болсон тус маршид өнгөрөгч хоёр жилийн хугацаанд БНЭУ болон БНХАУ-ын дайчид тэргүүлээд байсан бол энэ удаа Монголын Зэвсэгт хүчнээс гурван ч төрөлд аваргалж тус тэмцээний түүхэнд өөрийн нэр хүндийг дахин баталгаажуулсан үйл явдал болсон юм.
Э.БАЯНМӨНХ

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол эрчүүд чаднаа