Б.Бат-Өлзий, Б.Орхонбаяр нарыг өвдөг шороодуулсан сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Өчигдөр хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болсон ба улсын харцага М.Дармаабазарын хүү Д.Мөнхтулга нэгийн даваанд Б.Бат-Өлзий зааныг, хоёрын даваанд улсын арслан Б.Орхонбаярыг давлаа.
Тэгвэл таамаг эвдэж, улсын цолтнуудыг нэг, хоёрын даваанд унагаасан сумын заан Д.Мөнхтулга гэж хэн бэ?
Д.Мөнхтулга нь 2001 оны арваннэгдүгээр сарын 1-нд Завхан аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Биеийн өндөр 189 см. 2019 онд 18 настайдаа сумын заан цолтон болжээ. 2022, 2025 онд цолоо баталсан.
Д.Мөнхтулга 2025 оны гуравдугаар сард болсон сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд найм давж, үзүүрлэж байсан. Мөн Багануур дүүргийн 45 жилийн ойн барилдаанд дөрөв давж байв. Тэрбээр Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдааны нэгийн даваанд Улсын аварга О.Хангайг, хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболдыг, гурвын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг хаяж, дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодож байсан билээ.
Тэрбээр Хилчин спорт хороо, Дохиолол, харуул хамгаалалтын Шинэ харцага ХХК, Завхан Даян дэвжээний бөхийн дэвжээний нэр дээр барилддаг байна.
Д.Мөнхтулга нь үндэсний бөхөөс гадна жүдо, самбо бөхөөр хичээллэдэг бөгөөд өнгөрсөн жилийн Самбо бөхийн улсын аварга болсон юм. Мөн Эрдэнэт хотод өнгөрсөн жил болсон буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн "УАШТ"-ний -100 кг жинд мөнгөн медаль хүртэж байжээ.
Түүнчлэн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагддаг сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилддаг юм. Тэрбээр сумын заануудын барилдааны шөвөгтэй аж. Тэрчлэн Д.Мөнхтулга 16 насандаа үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга болж байжээ.
Д.Мөнхтулгын аав М.Дармаабазар нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат бөх. Мөн самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер ажээ. 1992 оны ардын хувьсгалын 71 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Улаанхүүгээр дөрөв, улсын начин П.Эрдэнэбаяраар тав, улсын заан Ж.Ганболдоор зургаа даван шөвгөрч Монгол улсын өсөх идэр начин цол хүртэж байжээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын харцага цол хүртсэн юм.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.