Нийгэм мэдээ

Сингапур улс вэйпийг хар тамхитай адилтган үзэхээ зарлалаа

“…Тамхи татах үед тамхины үнэр гар, хурууны үзүүр, хувцас, үс бүх зүйлд шингэдэг. Харин вэйп татахад зүгээр л сайхан үнэртэй, амттай байдаг" хэмээн өсвөр насны охин Сингапурын CNA insider нэвтрүүлгийн сэтгүүлчийн “Электрон тамхины юунд нь татагддаг вэ?” гэсэн асуултад хариулав. Тус нэвтрүүлэгт цахимаар ярихыг зөвшөөрсөн гурван оролцогчийн нэг Мишел үнэр, амтны олон сонголттой болсон нь супер гэсэн бол Тим үүнийг яг л уух зүйл худалдан авч байгаатай зүйрлээд хэрхэн электрон тамхинд орсноо ярив.

Тэгвэл вэйп тамхи аманд амтагдаж байгаа шиг ээ гоё зүйл мөн үү? Өсвөр насны хүүхдүүдийг амтаараа хуурч, татан оруулж буй вэйп тамхины шингэний найрлагад чухам юу агуулагдаж байгааг CNA insider Сингапурын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газрын лабораторид шууд шинжлэн харуулжээ.

Youtube эх сурвалж линк: https://www.youtube.com/watch?v=dzOCQM5jr98

Цахилгаан тамхины нэг соролтоос үүссэн утааны агуулагдах элементүүдийг шинжлэхэд мэдээж янжуурт ч агуулагддаг, тамхины гол орц болох никотиноос гадна пропинел гликол, бензол, диацетил гэх мэт хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг хорт нэгдлүүдээс гадна халалтын явцад хар тугалга бий болж байгааг бодитоор харуулав. Түүнчлэн химийн нэгдлийн урвалын үр дүнд маш нарийн ширхэгт дусал тоосонцор(аэрозол)-оос их хэмжээний формальдегид илэрч байгааг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, цахилгаан тамхины шингэнд анхнаасаа байгаагүй ч халаах буюу урвалын үйл явцад энэхүү хортой нэгдэл үүсдэг байна.

Никотин бол донтуулагч бөгөөд хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдгийг олон судалгаагаар нотолсон байдаг билээ. Диацител нь уушгины бронхиолитыг бөглөж, "popcorn lung" гэсэн эмгэг үүсгэдэг. Пропинел гликол нь машины  үл хөлдөөх шингэн, будаг уусгагч, хиймэл утаа үүсгэхэд ордог бодис бол формальдегид хорт хавдар үүсгэхэд нөлөөлдөг. Тэгвэл дээрх туршилтын явцад аэрозол дотроос яг юу нь мэдэгдэхгүй, танигдахад бэрхшээлтэй маш олон химийн нэгдлүүд байгааг олсноо лабораторийн ажилтан ярьсан юм.

Сингапур улс цахилгаан тамхины хор хөнөөлөөс иргэдээ хамгаалах арга хэмжээг эрт эхлүүлсэн орнуудыг нэг. Тус улсын Засгийн газар 2018 онд вэйп буюу электрон тамхины хэрэглээг хуулиар хориглосон (линк). Гэвч гурван жилийн өмнө хийсэн уг нэвтрүүлгээр сурагчид, хүүхдүүд, иргэд нь ямар нэгэн аргаар олж авч байгааг CNA insider сурвалжилж нийгмийн анхаарлыг дахин энэ асуудал руу хандуулсан байгаа юм. Энэхүү эрэн сурвалжилсан нэвтрүүлгийг хийх явцдаа сурвалжлагч гол худалдаалдаг талбар нь Telegram болохыг олж мэдээд мөшгөхөд тухайн борлуулагчид 18 нас хүрээгүй хүүхдүүдэд вэйп зарахгүй ч вэйпний жүүс болох ТНС гэдэг зүйлийг санал болгосон юм.

Тэр нь каннабисаас гаргаж авсан буюу хар тамхины нэгэн төрөл электрон тамхитай холбогдсоныг олж мэдэв. Өөрөөр хэлбэл, цахим орчинд худалдаалдаг зарим электрон тамхи хар тамхи агуулдаг болохыг энэхүү нэвтрүүлгээр гаргаж тавив.


Нэг ёсондоо вэйп нь зүгээр нэг тамхи биш мансууруулдаг хэрэгсэл болж хувирсан ноцтой баримт сөхөгдсөн юм. Тийм ч учраас Сингапурын Ерөнхий сайд “Өмнө нь бид вэйпийг уламжлалт тамхитай адилтган үзэж, торгууль ногдуулдаг байсан. Гэвч энэ нь хангалтгүй болж байна. Одоо бид үүнийг хар тамхины асуудал хэмээн үзэж илүү хатуу шийтгэл оногдуулах болно. Хорт бодис агуулсан вэйп зарж борлуулсан этгээдүүдэд илүү хүнд шийтгэл ногдуулна гэсэн үг” хэмээн жил бүрийн наймдугаар сард иргэддээ танилцуулдаг бодлогын илтгэлдээ онцлоод байна.

Тэгвэл энэ бол холын асуудал биш болжээ. Монгол Улсад ч гэсэн электрон тамхины шингэн нэрийдлээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан тохиолдол оны өмнө анх удаа бүртгэгдсэн. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр метамфетамин хэмээх мансууруулах бодисыг шингэн төлөвт оруулж, хилээр нэвтрүүлэхийг завдсаныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн талаар мэдээлээд буй. Тэрхүү бодис нь “шингэн мөс” гэж нэрлэгддэг мансууруулах бодис илрүүлсэн анхны тохиолдол болон бүртгэгдээд байгаа. Та бидний хүүхдүүд электрон тамхины шошгон дээрх найрлагад найдаад хар тамхины хэрэглээнд автаад байгаа юм биш биз гэсэн асуулт сэтгэл түгшээж байна.

Электрон тамхинд хэрэглэж байгаа амт, үнэр оруулагч нь түүний хоруу чанарыг улам нэмэгдүүлж байгааг мэргэжлийн байгууллагууд ч анхааруулсаар байгаа билээ. Тухайлбал ванилин, синнамоны амт оруулагчид байгаа альдегид цахилгаан тамхины хорт бодисыг нэмэгдүүлж байгааг ДЭМБ-ын 2021 оны тамхины тархалтын судалгааны баримт нотолгоонд онцолсон байна.

Тиймээс ч дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон бол 20 улс амт, үнэрийг хориглоод байна. Харин Монгол Улс электрон тамхины бүтээгдэхүүнд ямар ч хуулийн зохицуулалтад оруулаагүй үлдсэн улсуудын нэг юм.

Өөрөөр хэлбэл, хүүхэд, залуус хорт бодисуудад хордож байгаа энэ үйл явцыг бид эс үйлдэхүйгээрээ хүлээн зөвшөөрсөөр байгаа нь харамсалтай.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene ulsaas jishee avaach eruul mendiin yamnii mangaa saidaa

Зочин
Зочин

Ухаантай , мэдрэмжтэй улсын удирдлагууд өөр юмаа, ард иргэдээ боддог. Манайхан үүнийг шууд хуулаад хэрэгжүүлэх хэрэгтэй, шуурхай.

Холбоотой мэдээ

Back to top button