Коронавирусийн дэгдэлтээс шалтгаалж зэсийн ханш унаж байна

БНХАУ-ын Ухань хотоос эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдварыг хязгаарлахын тулд авч буй арга хэмжээнүүд дэлхийн эдийн засагт тодорхой нөлөөг үзүүлж эхэллээ. Тодруулбал зах зээл дээрх үнэт металуудын ханш буурч, хувьцаануудын үнэ унан, бондуудын үнэ өсжээ. "S&P 500", "Dow Jones Industrial Average" зэрэг индексийн үзүүлэлт өнгөрөгч оны наймдугаар сараас хойших хамгийн том уналтыг заалаа гэдгийг Bloomberg агентлаг тодотгоод байна.
Хятадын эрх баригчид Цагаан сарын баярын амралтыг гурав хоног сунгаж, үүний дээр олон нийтийг хамарсан бүх үйл ажиллагааг цуцлах шийдвэр гаргасан нь зах зээлийн процесс удаашрахад хүргэсэн. Түүнчлэн жижиглэн худалдаа, аялан жуулчлал зэрэг чухал салбарт хязгаар тавьсан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
Дөнгөж өнгөрсөн долоо хоногт 6 мянга 2678 ам.доллар байсан зэсийн ханш Лондонгийн металын бирж дээр өчигдөр /2020.01.29/ 5 мянга 778 ам.доллар болтлоо буурсан байна. БНХАУ өөрөө металын хамгийн том хэрэглэгч орнуудын нэг.
Харин алтны ханш 0.3 хувиар өссөн бол, Сингапурт төмрийн хүдрийн үнэ 6 хувиар буурчээ.
Х.ЭРХЭС








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.