Ярилцлага

С.Алтанцэцэг: Ялгуун ард үлдэг, одоо л миний амьдрал эхлэх гэж байна

“Адтай жаалууд” ОАУСК-нд Ялгууны дүрийг бүтээсэн С.Алтанцэцэгтэй ярилцлаа.


-НЭГ Ч КИНО, РЕКЛАМЫН ЗУРАГ АВАЛТАД ОРОЛГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРЛЭЭ-

-Адтай жаалууд ОАУСК-нд тоглосноос нь хойш багагүй хугацаа өнгөрч. Одоо хэдий нь их сургуулиа төгсчихсөн үү?

-Нээрэн бараг найман жил өнгөрчихсөн юм уу даа. “Адтай жаалууд” маань хүүхдэд зориулсан 195 ангит кино шүү дээ. Би өөрөө ч 4,5-р ангийн жаахан хүүхэд байж. Тэр цагаас хойш их юм өөрчлөгдсөн. Одоо СУИС-ийн Хөгжим, театр, жүжигчний ангийн дөрөвдүгээр курсийн оюутан. Энэ жил төгсөнө. Дуулах, бүжиглэх, жүжиглэх гэхчлэн олон талд хөрвөж чадах уран бүтээлчийг бэлтгэдгээрээ манай анги онцлог. Дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг.

-Дөрвөн жилийн мөчлөгт нь азтай таарч, элсжээ?

-Тийм шүү. “Guys” хамтлагийнхан, топ модель Д.Пүрэвсүрэн, жүжигчин Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр нар манай ангийн эхний төгсөгчид юм. Харин бид гурав дахь төгсөлтийнхөн. Би анх СУИС-ийн Драмын ангид ч мөн шалгалт өгөөд тэнцсэн. Тэгээд илүү олон талд хөгжих боломжтой юм байна гэж хараад Хөгжим, театр, жүжигчний ангийг сонгож орсон.

-“Адтай жаалууд”-аас хойш дэлгэцийн уран бүтээлд тоглов уу?

-Би оюутан болсноосоо хойш ямар ч кино, рекламын зураг авалтад ороогүй. Гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудыг чөлөөт уран бүтээл хийхийг нь багш нар зөвшөөрдөг ч, би төдийлөн хүсээгүй. Нэг мөсөн сургуулиа төгсөж, хангалттай хэмжээнд боловсорсныхоо дараа өөрийгөө сорьё гэж бодсон. Хэд хэдэн киноны санал ирсэн ч багш нартайгаа зөвлөөд татгалзсан юм. Тэгээд ч хичээлийн ачаалал их.

-Хөрвөх чадвартай уран бүтээлч болон бэлтгэгдэж байгаа юм байна. Төгсөөд яг аль салбарт хүч үзье гэж төлөвлөв?

-Ер нь багаасаа телевизийн салбараар дамжин олон нийтэд танигдсан тул энэ салбарт ажиллах, хүч сорих бодол бий. Жүжигчин хүн яагаад хөтлөгч хийж болохгүй гэж. Мөн “The Voice” ч гэдэг юм уу, уралдаан тэмцээнүүдэд өөрийгөө чөлөөтэй сорьж үзмээр санагддаг. Дөрвөн жил яг юу сурч, мэдсэнээ ингэж ямар нэгэн байдлаар батлан харуулах хэрэгтэй юм шиг. Ер нь төгсөх дөхөөд ирэхээр “Би ер нь ямар хэмжээнд хүрсэн юм бэ, үүнийгээ юунд сорьж, шалгавал болох вэ” гэх мэт бодол орж ирдэг юм байна.

-Гэр бүлд нь урлагийн хүн бий бил үү?

-Өвөөгийн маань талд жүжигчин хүн бий. Мэргэжлээ болгож чадаагүй ч урлагийн хүсэл, мэдрэмжтэй хүмүүс миний гэр бүлийн хүрээлэлд цөөнгүй.

-БИ УРЛАГТ ДУРЛАСАН, ЭЭЖ Ч ДУРЛУУЛСАН-

-“Адтай жаалууд”-д тоглож байсан, жүжигчин болох сонирхолтой охин жанжин шугамаа орхилгүй явсаар СУИС-ийг төгсөх даваан дээр ирж. Энэ хооронд өөр мэргэжилтэй болохыг хүссэн удаа байгаа юу?

-Би аливаа юманд тууштай, тэвчээртэй байхыг эрхэмлэдэг. Олон зүйл рүү зэрэг самгардвал өөрт байгаа том боломжийг сүйтгэх эрсдэлтэй  гэж боддог. Багаасаа л жүжигчин болох хүсэлтэй байсан, СУИС-д шалгалт өгсөн, тэнцсэн. Одоо эзэмшсэн мэргэжлээрээ хоолоо олж идэх шаардлага ойртож, шинэ сорилтуудтай тулах гэж байна.

-Энэ бат хүсэл нь юунаас эхтэй юм бол. Магад гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн болов уу?

-Хамгийн түрүүнд, миний дотоод сэтгэл үүн рүү чиглэж байсан. Мөн миний ээжээс шууд хамааралтай. Ээж маань надад аливаа зүйлд шантралгүй, тууштай хандаж, асар их тэвчээр гаргаж гэмээ нь амжилтад хүрдэг гэдгийг ойлгуулсан. Үүний дараа мэдээж багш нарыгаа дурьдах хэрэгтэй. Энэ хүмүүсийн удирдлага дор өдөр бүр хөгжиж, боловсорч байгаа шүү дээ. Харин урлагийн хүн болохыг хүсэх үүд хаалгыг маань ээж л нээж өгсөн юм шиг санагддаг.

-Ээж нь ямар мэргэжилтэй хүн юм бол?

-Ээж залуудаа аймгийнхаа театрт жүжигчнээр ажиллаж байсан. 1970-аад онд амьдрал ямар байлаа, амьдралын эрхээр театраасаа гарсан. Одоо үсчин хийдэг. Ээж эхэндээ намайг дуулах, бүжиглэх сонирхлыг маань нээх гэж уралдаан, тэмцээн, дугуйлангуудад явуулдаг байсан юм билээ. Урлагт дуртай байгаа эсэхийг маань шалгах гэсэндээ тэр. Би дурласан, ээж ч дурлуулсан.

-Айлын хэд дэх охин бэ?

-Би айлын том. Хорин жилийн дараа дүүтэй болсон доо /инээв. Сурв/. Манай гэр бүл гурвуул. Ээж маань өрх толгойлдог гэсэн үг.

-20 настайдаа дүүтэй болсон гэхээр айлын ганц охины хувиар өсөж, төлөвшсөн юм байна?

-Тийм ээ. Гэхдээ би эрх дураараа өсөөгүй. Ээж минь намайг эх хүний халуун сэтгэлээр аль чадахаараа бэлэн, зэлэн байлгадаг байсан ч би тэр хэрээр дэврүүн, эрх танхил төлөвшөөгүй.

-МИНИЙ ҮЕИЙН ОХИД 37-Р ТОЧКА-Д ТОГЛООД Л ЯВЖ БАЙНА, БИ ТЭГЖ БОЛОХ БАЙСАН-

-Өөрийг тань “Адтай жаалууд” киноны Ялгууны дүрээр ихэнх хүн таньдаг. Эрх танхил, дураараа охины дүр шүү дээ?

-Бас бүх зүйлийг өөрийн хүслээр болгох гэж зүтгэдэг.

-Тийм. Харин уулзаж ярилцахад тэс ондоо хувь хүн гэдэг нь харагдаж байна. Ялгуун Алтанцэцэг хоёр юугаараа өөр вэ?

-Мэдээж дүр гэдэг бол дүр л байдаг. Хувь хүнээс төс өөр дүрийг жүжигчинд оноодог, жүжигчин тэр дүрийг хамгийн сайнаараа гаргах үүрэг хүлээдэг.

Ялгуун Алтанцэцэг хоёр тэс өөр хүмүүс. Би энгийн л амьдралтай, энгийн нэг охин. Харин Ялгуун баян айлын, ахуй амьдрал нь элбэг хангалуун нэгэн. Хүүхдэд багаас нь “Эд хөрөнгө байхад л болоо” гэсэн бэлэнчлэх сэтгэлгээг суулгачихвал ямар муухай хүмүүжилгүй, “Би”-гээр өвчилсөн хүн болж төлөвшдөг вэ гэдгийг энэ дүр харуулах зорилготой. Би бол ээжтэйгээ бор цайгаа хувааж уугаад л өссөн охин.

Үүгээр нэг зүйлийг хэлмээр байна. “Адтай жаалууд”-ыг үздэг байсан хүүхдүүд одоо том болчихсон байгаа. Тухайн үед дурлаж, үзэж өсчхөөд одоо тэр киног маш их муучилж, шүүмжилдэг. Энэ хандлага надад огт таалагддаггүй. “Адтай жаалууд” тухайн үедээ хүүхдүүдийг байлдан дагуулж л байсан. Одоо “Шал хогийн кино, хүүхдүүд нь хүртэл дүрдээ орчихсон, ийм дүрд тоглохоосоо ичдэггүй юм байх даа” гэхчлэн сэтгэгдэл бичицгээдэг.

Үеийнхэнтэйгээ харьцуулахад би тэр үед юм хийж явсан юм. Бид жаахан хүүхэд байхдаа киноны зураг авалтанд шөнө, өдөргүй ваад л, найруулагчид загнуулж, нэвтрүүлгийн асуулт боловсруулан суудаг байсан.

Мэдээж шүүмжлэх нь зөв. Гэхдээ олон нийтийн энэ хандлага сүүлдээ ичиж айх “Би ер нь яагаад ийм дүрд тоглочихсон юм бэ” гэж бодоход хүргэдэг юм билээ.

-Тэр дундаа Ялгуун хамгийн муу нэртэй дүр нь?

-Тийм ч байх. Би Ялгуунаас шал өөр хүн шүү гэдгээ батлах гэж нэг хэсэг “алга болж”, нам жим амьдрахыг хүссэн. Надаас “Энэ хугацаанд дахиж кинонд тоглов уу” гэж асуулаа. Би үнэхээр хүсээгүй. Ямар ч дүрийн сонгон шалгаруулалтад очоогүй. Миний үеийн, дөрөвдүгээр курсийн охид “37-р точка”-д тоглоод явж л байна. Би тэгж болох л байсан.

Гэхдээ илүү суръя, суралцъя, тэгээд өөр өнцгөөр гарч ирье гэж бодоод нэг талаар өөрийгөө дарсан. Үнэхээр сурах, ойлгох зүйл асар их байна. Одоо л миний эхлэх цаг ирэх гэж байна. Ялгуун өнгөрсөндөө үлдэг, тэр зүйлд одоо би сэтгэл чилээхгүй.

-Нэг мөсөн, даацтай уран бүтээлээр гарч ирье гэж бодож ээ?

-Тийм ээ. Хэрэв аз тохиовол түүхэн, монгол өв уламжлалыг харуулсан кинонд тоглохыг хүсдэг юм. Энэ нөгөө яриад буй өөр өнцөг, би өөрчлөгдсөн байна гэсэн үг. “Өө, нөгөө Ялгуун л байна шүү дээ” гэж хүмүүс харвал дөрвөн жил харанхуйд нуугдаж хичээлээ хийсэн хөдөлмөр байхгүй болно.

-СУИС-Д ОРСНЫ ДАРАА ХАНД НЬ ХАВ ДАРАГДАНА ГЭДЭГ ШИГ Л ЗҮЙЛ БОЛСОН-

-Ялгууны дүрд тоглох үед нас нь ч бага байж. Түүнээс хойш өсвөр насны, сэтгэл зүйн эмзэг үеүдийг бусдын л адил туулсан байх. Ялгуунаас болж хэр дарамт мэдэрдэг байв?

-Би яагаад ч юм бэ маш уяхан. Амархан гомддог, амархан итгэж үнэмшдэг хувь хүн. Одоо гэхээс илүү хүүхэд насанд ирдэг сөрөг хандлага илүү их байсан. “Ийм дүр хүүхдүүдэд үзүүлээд байх даа яадаг юм” гэхчлэн. “Яаж тэвчсэн юм бол” гэж би одоо гайхдаг. Одоо хүмүүс олон нийтийн сүлжээгээр Ялгууныг, “Адтай жаалууд”-ыг муучлахад ингэж эмзэглэж байгаа хүн, тэр үеийг ёстой хүүхэд насны дэврүүн хүсэл тэмүүллээр л давж, гарч дээ гэж боддог.

-Ялгууныг эргээд үзэн яддаг ч болов уу гэж эрхгүй бодогдмоор.

-Харин тийм, олон нийт яах ч аргагүй тийм хэмжээнд хүргэсэн. Гэхдээ одоо би ингэж бодож байна. Үнэхээр би жүжигчин гэдэг их мэргэжлийг сонгосон юм бол, юун утгагүй зүйлд шаналж байгаа нь энэ вэ. Цаашид энэ байтугай том цохилт ирнэ, ийм зүйлд шантраад байвал юу болох вэ.

-Гэхдээ зарим зүйлийг бусдаас түрүүлж мэдэрч, ойлгоход нь түлхэц болж?

-Ойлгуулсан зүйл их ээ. Их сургуульд анх ороход багш нар олон танигдчихсан оюутнуудад дургүй байдаг юм билээ. Би нүд үзүүрлэгдэх мэдрэмжийг авч үзсэн, үнэхээр хэцүү байдаг. Юм л бол “Аа, кинонд тоглочихсон гээд ингэж байна” гэх байдлаар ханддаг байсан. Би хүүхдийн гэнэн цагаан сэтгэлд хөтлөгдөж яваад л “Адтай жаалууд”-д тоглосон шүү дээ. СУИС-д хөл тавихад үнэхээр “Ханд нь хав дарагдана” гэдэг шиг л зүйл болсон. Магадгүй “Одын өвчин” тусчихсан байсан болоод багш нар надад тэгж ханддаг байсан ч юм бил үү.

-Тэр Одын өвчин гэгчээр хэр их өвчилсөн охин нэгдүгээр курст орж байв, үнэндээ?

-“Яагаад багш нар надад ингэж ханддаг юм бол” гэх мэт бодол их төрнө. Хүүхдүүд хүртэл, “Аль хэдий нь олонд танигдчихаад СУИС-д яах гэж ордог байна” гэсэн хандлага үзүүлнэ. Тэр бүрт өөрийгөө хамгаалах гэж бардам, ихэмсэг зан гаргаж нэг хэсэг суралцсан. Энэ нь эргээд өөрийгөө хэт мэдэрчихсэн охин шиг сэтгэгдэл төрүүлдэг байсан байх. Гэхдээ сүүлд нь багш нарын зөв байжээ гэдгийг ойлгож байгаа юм. Нээрэн би хэн юм бэ, хэн ч биш. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр л ойлгодог юм билээ, өөрийгөө.

-Ингээд харахад Ялгуун амьдралд нь эерэг нөлөөллийг илүүтэй үзүүлж ээ?

-Тийм, надад бодох, суралцах боломжийг олгосон. Их зан гэдэг зүйл хүнийг яаж алдгийг ойлгуулсан. Бас хүүхэд насандаа элдэв юманд оролцоод явж болох ч, хэт туйлшраад дэмий юм байна гэж бодсон. Одоо зарим эцэг эх хүүхдүүдийнхээ мэргэжлийг өөрсдөөс нь асуулгүй, юу юуны туханд хүрэлгүй шийдчихэж байна. Хүүхдээ битгий тэгж эвдээсэй л гэж боддог, би үүнийг яг биеэрээ үзсэн. Хожим нь хувь хүүхэд өөрөө ухаантай байж гэмээ нь алдаагаа залруулна шүү дээ. Гэвч өнөөгийн нийгэмд тэгж ухаарах чадамжгүй хүүхдүүд олон бий.

-Энэ бүгд дээр ээж нь хэрхэн ханддаг байв?

-Би ээжийг яг л надтай адил шаналж, надтай адил баярлаж ирсэн байж гэж боддог. Миний адил мэдрэмжийг цаг, минут тутамд авсаар байгаа мэт. Надад ирсэн цохилт бүрийг би гэхээс илүү ээж бүр ч илүү хүчтэй мэдэрдэг юм шиг санагддаг. Ээж байгаагүй бол энэ мэргэжлийг сонгохгүй, эзэмших гэж чармайхгүй байх байсан болов уу. “Эзэн хичээвэл заяа хичээнэ, чи өөрөө л хичээ, би ард чинь үргэлж бэлэн байна” гэдэг үгийг хэлж, итгэл үнэмшил нэмдэг байсан даа, ээж минь.

-Өөртэй чинь адил бага насандаа дэлгэцийн салбар руу эрт орж байгаа хүүхдүүдийг хараад ямар бодол төрдөг вэ?

-Би тэдэнд багшийнхаа хэлсэн мундаг үгнүүдээс сонсгох юм сан даа л гэж боддог. Ц.Батнайрамдал багш маань биднийг маш зөв хүмүүжүүлсэн.

Нүдний харц, үйл хөдлөл бүрээрээ “Чи энэ зангаа засахгүй бол өөрчлөгдөхгүй, дөрвөн жил сураад ч өөрийгөө олохгүй” гэж хэлээд байх шиг санагддаг байсан. Тиймдээ ч эвдэрсэн занга засахад том түлхэц болсон багшийнхаа эрдмээр бахархаж явдаг. Өнөөдөр багш хүн шавьдаа үнэн үг хэлэхээ байсан цаг шүү дээ. Багш нэр зүүдэг хэрнээ өөрийнхөө эрдмээс хуваалцахыг хүсдэггүй хүн цөөнгүй.

Ер нь хүүхдийг багаас нь нэг зүйлд туйлшруулж л болохгүй юм шиг. Зүгээр чиглүүлээд л болоо байхгүй юу. Их сургуульд орсон хойноо над шиг шаналал мэдрэхийг нь үгүйсгэхгүй. Хүний ад болж, бусдын сөрөг хандлагыг үүрч дийлэх тэнхээтэй нь ч байна, тэнхээгүй нь ч байна. Надад багш нартаа загнуулж, занчуулж өдий хүрсэн тулдаа л явж байна даа гэж нулимс унаган бодох удаа бий.

-Нэг талаар Ялгууны дүрийг сайн бүтээсэн болоод л өдийг хүртэл амьдралд чинь нөлөөлсөөр ирсэн шиг?

-Түүнийг “дүр бүтээлээ” гэхгүй ээ. Ардын том жүжигчдийн тухайд л тэгж ярина. Багадаа “дүр бүтээсэн” гэж ярьдаг байснаа бодохоор одоо аягүй ичдэг. Оронд нь “ажилласан” гэвэл арай тохирч байгаа юм. Тэр бүү хэл би энэ амьдралынхаа туршид хүний сэтгэлд үлдэхээр ганц дүр бүтээж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй хэрэг.

-Ярилцлагаар дамжуулж хэлэх зүйл үлдэв үү?

-Энэ завшааныг ашиглаж хэд хэдэн хүнд заавал талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Юуны өмнө Хөгжим, театр, жүжигчний ангийг маань дааж авсан Ц.Батнайрамдал багшдаа баярлалаа. Багш маань тодорхой шалтгааны улмаас биднийг төгсгөлгүй, Г.Амгаланбаатар багшид шилжүүлсэн. Төгсөх курсийн оюутнуудыг дааж авах бэрх ажлыг гүйцэтгэж яваа Г.Амгаланбаатар багшдаа бас баярлалаа. Мөн Б.Буянтөгс, Ш.Цогзолмаа багш нар болон анги хамт олондоо маш их баярлаж явдгаа хэлмээр байна.

Надад “Адтай жаалууд” киноны зохиолыг бичиж, найруулсан Д.Эрдэнэцог гэдэг хүнд талархал илэрхийлэлгүй өнгөрөх эрх байхгүй. 195 ангитай хүүхдийн кино хийнэ гэдэг амар ажил биш.

Харин одоо хэлэх зүйлийг би өмнө нь нэг ч сэтгүүлчид яриагүй. Миний дөрвөн жилийн сургалтын төлбөрийг “Номин” их дэлгүүрийн гүйцэтгэх захирал А.Шагдарсүрэн даасан. Түүнтэй “Адтай жаалууд” кинонд аав, охин болж тоглосон шүү дээ. Хэрвээ тийм үйл явдал болоогүй бол сургалтын төлбөрөө яаж олох вэ гээд толгойгоо маажаад л явж байх. Маш үнэтэй туслалцаа үзүүлсэн А.Шагдарсүрэн захиралд талархаж явдгаа илэрхийлмээр байна.

Мэдээж ээждээ маш их хайртай. Миний их итгэл үнэмшлийн ард та л байдаг шүү. Охин нь тууштай хичээж, юу сурч мэдсэнээ харуулна аа.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-03 03:44

shaal hogshin tsaritai batsaan bna

Woohoo
Woohoo
2020-12-03 11:19
Reply to  Зочин

Угаасаа манай үеийнхэн хөгшин царайтай болохоор тоох хэрэггүй дээ. Өөртөө л анхаар

Зочин
Зочин
2020-05-22 17:54
Reply to  Зочин

Харин ч з�##�уу

Зочин
Зочин
2020-04-03 12:50

Humuusiin demii balai ugiig bitii toogooroi, amjilt chi chadnaa

А
А
2020-12-03 20:42

Дотоод сэтгэл нь ямар мундаг юм бэ. Ярилцлагыг нь уншсан чинь толгойдоо бодож явсан хүнээс ш�##� өөр хүн бсан бн шүү дээ. Амжилт хүсэе. Бас хүмүүсийн тэнэг сэтгэгдлийг битгий тоогоорой.

Зочин
Зочин
2020-12-04 16:38

Төөрчихсөн хүүхэд байна, адтай жа�##�ууд, 37-р точка ч гэх шиг, бас л нэг хошин шогчин болж түмний хара�##� бүү идээрэй дээ. Өөр арай үнэ цэнэтэй юманд авьяасаа сориорой!

Suis
Suis
2020-12-04 20:44

Za teed tugsud bie haaguim chine hoshinshog shaagaal, svl ard n bujigleel, Dhaka ugjdee. Kino mino amjihguie ugaasaa tsarai muutai bie haach alga hahahha.

good
good
2020-12-04 23:44

hun uuruu uuriiguu l buteene. muulj bgaa humuus ihenhdee amjiltand ni sn ywaad ni ataarhsandaa muulj baga ch bolov setgelee zas#ag ym shuu. ter tusam ni iluu hicheej gylalzaad bdg ym shuu. amjilt husiy.

Нннн
Нннн
2020-12-05 01:47

Хэтэрхий атаархуу хүмүүс л хүнийг муулдаг юм шиг санагддаг шдээ мундаг охин шүү цаашдын бүх уран бүтээлд нь амжилт хүсэе

Naraa
Naraa
2020-12-05 03:59

Huurhun sergelen uhaantai ohin baga baihiin mednee amjilt duu min zorisondoo hurch uragsh temuuleerei amjilt

Зочин
Зочин
2020-12-13 13:54

Хайртай шүү???????????????????????????? новш гэж чи ингэж нэг гарж ирэх гэж

С.Алтанцэцэгт Хайртай
С.Алтанцэцэгт Хайртай
2021-02-20 01:02

Мундаг шүү????Хичээгээрэй ????

С.Алтанцэцэгт Хайртай
С.Алтанцэцэгт Хайртай
2021-02-20 01:03

Мундаг шүү Хичээгээрэй

Зочин
Зочин
2021-07-04 15:23

Хүн юу хийхээ өөрөө мэддэг юм. Элдэв сөрөг юм бичиж байгаа хүмүүсийг зүгээр л бурхан өршөөг. Амжилт хүсье охин минь

Холбоотой мэдээ

Back to top button