"Хүүхдийн бэлэг дотор чипс, хийжүүлсэн ундаа, чихэр гурав байдгийг өөрчлөх хэрэгтэй”

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун "COVID-19 цар тахлын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хамгах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм. ГБХЗХГ-аас гаргасан удирдамжийг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна” гэв.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул "Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд хоёр байгууллага хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд төв талбай дээр арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд хоёр ажлыг төлөвлөж байгаа. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газраас долоон цагийн контент бэлтгэж байна. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж хотын гудамж талбай, олон нийтийн сүлжээнд байршуулах ажлыг хийнэ. Түүнчлэн хүүхдийн бэлэг гэхээр хүүхдэд хортой гурван зүйл төсөөлөлд буудаг болсон байна. Хүүхдийн бэлэг дотор чипс, хийжүүлсэн ундаа, чихэр гурав байдгийг болиулахаар хүүхдэд юу бэлэглэж болох талаар контентыг бэлтгээд байгаа” гэлээ.
Б.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.