
НҮБ-ын Хүний Эрхийн дээд комиссар Мишель Бачелет Афганистаны “Талибан” хөдөлгөөнийхнийг цуст халдлага үйлдэхээ нэн даруй зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриаллаа. “Талибан” хөдөлгөөн нь ямар нэгэн байдлаар ОХУ-д үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон алах хядах бүлэглэл юм.
“Афганистаны талибанчуудад олзлогдсон бүс нутгуудаас аймшигт мэдээллүүд ар араасаа ирсээр байгаа юм. Талибанчууд хүмүүсийг үй олноор нь цаазалж амийг нь хөнөөх, төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийнхэн рүү дайрах, байшин барилга, сургууль, эмнэлэгийн барилгыг эвдэж сүйтгэх, хүчирхийлэл үйлдэх гээд маш харгис хэрцгий үйлдэл гаргаж байгаа аж. Тиймээс талибанчуудад эзлэгдсэн бүс, дүүргийн удирдлагууд охид, эмэгтэйчүүдийг аль болохоор гэрээсээ гарахгүй, гарахаар бол эрэгтэй хүнтэй цуг гарч байхыг сануулж байна. Энэ талаар НҮБ-ын вэбсайтад нийтэлжээ.
Талибанчууд олзны хүмүүсийг хүлээлгэн өгч, тэдний аюулгүй байдлыг нь хангана гэсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн ч олзны хүмүүсийн амийг зэрлэгээр хороож байгааг онцлон тэмдэглэв.
Нөгөөтээгүүр, Афганистаны Цагдаагийн Газраас мөн олзлогдсон бүх талибанчуудыг устгах тушаал гаргасан нь олон улсын хүмүүнлэгийн хуультай зөрчилдөж байгаа хэмээн НҮБ-ын Дээд Комиссарын газраас мэдэгдлээ. Ерөнхийдөө, тус мэдэгдэлд дурьдсанаар, тус улсад аллага, хүчирхийллийн түвшин нэмэгдэж байгаа нь нутгийн иргэдэд гамшигт үр дагавар авчирч байгаа аж.
"Долдугаар сарын 9-ний өдрөөс хойш Афганистаны зөвхөн Лашкаргах, Кандагар, Герат болон Кундуз гэсэн дөрвөн хотод 183 энгийн иргэн амиа алдаж, 1,181 хүн, түүний дотор хүүхдүүд шархадсан байна. Эдгээр тоонууд бол зөвхөн бидний олж баримтжуулсан тохиолдол. Харин жинхэнэ бодит тоо үүнээс ч хамаагүй өндөр байна” хэмээн мэдэгдэлд дурьджээ.
НҮБ-ын Хүний Эрхийн дээд комиссар Афганистан дахь хүчирхийллийг таслан зогсоохын тулд Дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, нөлөөгөө ашиглахыг уриаллаа.
НҮБ-ын мэдэгдэлд, талибанчууд хамгийн багадаа зургаан мужийн 192 дүүрэг, нийслэлийг хяналтандаа авч, дайралтаа үргэлжлүүлж байгааг тэмдэглэжээ. Улмаар, Афганистанд энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахыг Хүний Эрхийн Зөвлөл, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэрэг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалга хүргүүллээ.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.