
АНУ-ын цэргүүд Афганистан Улсаас 20 жилийн дараа ийнхүү бүгд гэртээ харих боллоо. Тэд бүгд тус улсаас бүрэн гарч дууссан талаар Пентагон батлав. Харин НҮБ-аас Афганистаны нүүлгэн шилжүүлэх ажлыг үнэлсэн байна.
Афганистанаас нүүлгэн шилжүүлэх ажил дууссаны дараа тус улс хүмүүнлэгийн хямралд ороход ойрхон байгааг НҮБ-аас сануулав. Хүмүүнлэгийн хямралд Афганистаны 39 сая хүн ам тэр чигээрээ өртөнө гэжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди хэлэхдээ, Афганистаны хилийг нээлттэй байлгаж, олон улс хүмүүнлэгийн үүрэг хариуцлагаа хуваалцаж, хоёр сая афганы дүрвэгсдийг аль хэдийн хүлээн аваад байгаа улс орнуудыг Иран, Пакистантай хамтран ажиллахыг дахин уриаллаа.
“Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудлаас хэдхэн хоногийн дараа сүүлчийн нислэгүүд хийгдэж дуусах бөгөөд дүрвэгсдийн урсгалтай холбоотой тус улсад өрнөж буй эмгэнэлт явдал цаашид дахин гарахгүй. Гэвч, энэ нь сая сая афганчуудын өдөр тутмын бодит байдал хэвээр үлдэх болно. Бид тэднээс нүүрээ буруулах учиргүй. Илүү ноцтой хүмүүнлэгийн хямрал дөнгөж эхэлж байна” хэмээн Филиппо Гранди мэдэгдэлдээ дурьджээ. Энэ талаар “Рёйтерз” /Reuters/ агентлаг бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.