НийгмийнЯрилцлага

56 настай сагсан бөмбөгчин: Би хэн нэгнээр заалгаагүй, бусдын тоглохыг харж байгаад л сурсан

-Надаар олон хүн бахархаж, үлгэрлэн, урам авч буйг хараад сайхан санагдлаа-

Нас бол зүгээр л тоо гэдгийг үлгэрлэж, олон хүнд итгэл, найдвар, урам зориг бэлэглэж яваа түүнийг Ж.Аяжан гэдэг. Волейболын дасгалжуулагч мэргэжилтэй тэрбээр 56 настай. Энэ жил сагсан бөмбөгийн ахмадын УАШТ-ий үеэр Ж.Аяжан ёстой “од” болсон.

Түүний бөмбөг залалт, хууралт, шидэлтийн ур чадвар, өөрөөсөө олон насаар дүү тамирчидтай ана мана өрсөлдөж, хөнгөн шингэн байгаа нь олны анхаарлыг ихэд татсан юм. Түүний охин ээжийнхээ тоглолтын бичлэгийг хийн, цахим хуудсандаа нийтлэснийг одоо ч хүмүүс үзэн, Ж.Аяжаныг бахадсаар, бахархсаар байна. Өвөрхангай аймагт болж буй волейболын УАШТ-д оролцохоор явахынх нь өмнө түүнтэй ярилцлаа.

САГСАН БӨМБӨГИЙН УЛСЫН АВАРГАД АНХ УДАА ОРОЛЦЛОО

-Дорноговь аймагт амьдардаг юм билээ. Сайн явж ирэв үү, Та?

-Сайн явж ирлээ. Би Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. Одоо Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газарт волейболын дасгалжуулагчаар ажилладаг. Энэ жилийн волейболын УАШТ Өвөрхөнгай аймагт болно. Би тус тэмцээнд оролцох гээд хотод ирчихсэн байна. Маргааш (энэ сарын 21) Өвөрхангай руу явна.

-Үндсэн мэргэжил, гол тоглодог төрөл тань волейбол юм байна. Сагсан бөмбөгийн УАШТ-д өмнө нь оролцож байв уу?

-Сагсан бөмбөгийн улсын аваргад анх удаа өрсөлдлөө. Энэ тэмцээн их гоё болдог юм байна Ер нь гэнэтийн байдлаар оролцсон гэх юм уу. Сагсан бөмбөгийн спортын мастер хоёр найз минь “Хэдүүлээ аймгаасаа баг бүрдүүлээд улсын аваргад оролцъё” гэж гэнэт шийдсэн юм. “Хэн, хэн тоглох боломжтой байна” гэж багаа бүрдүүлээд л өрсөлдлөө. Тэмцээний өмнө бэлтгэл хийж амжаагүй.

Есдүгээр ангид байхдаа улсын аваргад бил үү бүсийн тэмцээнд оролцож байснаас өөр сагсан бөмбөгийн тэмцээнд өмнө нь өрсөлдөж байгаагүй. Шууд волейболоо дагнасан.

-Танай баг хүрэл медалийн төлөөх тоглолтод хожигдсон. Та хэдэн оноо дундажлав?

-Медаль авах боломж манай багт байсан. Бэлтгэл сайн хийж амжаагүй нь тоглолтод их нөлөөллөө. Хамгийн өндөр оноогоо би хүрэл медалийн төлөөх тоглолтод авсан.

ӨРСӨЛДӨГЧӨӨ ХУУРЧ, ОРОЛТ ХИЙЖ ТОГЛОХ ДУРТАЙ

-Таны тоглолтын ур чадвар, хууралт, бөмбөг залах, цацах, шидэлтийн техник их өвөрмөц, онцгой. Та яаж сурсан бэ?

-“Ингэж шид, бөмбөгөө тэгж цац” гэж хэн нэгэн надад зааж өгөөгүй. “Сагсан бөмбөг яаж тоглох вэ” гэж би бусдаар заалгаагүй. Зүгээр л бусдын тоглож байхыг хараад л сурсан.

Манай нутагт уурхайчдын тосгон байсан. Аймагт байхгүй том заалтай. Би шөнө болтол зааланд суун, хүмүүсийн тоглохыг хардаг байлаа. Над дээр бөмбөг ирвэл барьж үзэхийн бөөн хүслэн. Бөмбөг л тоглох хоббитой хүүхэд байсан.

 -Сагсан бөмбөг тоглож буй бичлэг нь цахим орчинд түгэж, олон хүний анхаарлыг татаж байна. Хүмүүсийн гоё энерги, урмын үгс бичсээр буйг та анзаарсан уу?

 -Анзааралгүй яах вэ. Тэмцээнд оролцож буй бичлэгийг минь ийм олон хүн үзэж, надад урмын сайхан, сайхан үгс хэлнэ гэж ёстой төсөөлөөгүй. Олон хүн надаар бахархаж, үлгэрлэн, урам авч буйг хараад сайхан санагдлаа.

-Дараа жил улсын аваргад дахиад оролцох уу?

-Хоёрдугаар сард сагсан бөмбөгийн нэг тэмцээн болно. Манай багийнхан бэлтгэлээ сайн хийж байгаад оролцоно оо.

-Холын зайнаас шидэх, довтолж орох зэрэг тоглолтын олон арга барил бий. Та алийг нь чухалчилдаг вэ?

-Би алхамт хийгээд, дотогш довтолж тоглох дуртай.

-NBA, Монголынхоо лигийг үздэг үү. Тэдний тоглолтоос суралцдаг уу?

-Нэг их үзэх зав төдийлөн гардаггүй. Зурагтаар гарч байвал л үздэг.  Хүүхдүүдийн тоглож байхыг хараад сагсан бөмбөг тоглож сурсан. Би ингэж тоглож байгаа нь байгалийн өгөгдөл юм болов уу гэж боддог.

-Дэмждэг баг бий юү?

-Байхгүй. NBA-ийн тоглогчдын уран гоё тоглолтыг үзэн, тоглолтын хэв маягаас нь суралцах дуртай.

ВОЛЕЙБОЛЫН УАШТ-ИЙ ШИЛДЭГ ТОГЛОГЧООР СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛ ШАЛГАРСАН

-Таван настайгаасаа хойш волейболоор хичээллэж байгаа билээ. Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Яг ийм, тийм гээд амжилтаа тоочвол олон бий. Лав сүүлийн гурван жил ахмадын УАШТ-д өрсөлдөхдөө мөнгөн медаль хүртэн, шилдэг тоглогчоор шалгараад байгаа.

-Тэгэхээр энэ удаа түрүүлэх, медалийнхаа өнгийг хувиргах зорилготой явж байгаа юм байна.

-Тийм ээ. Мэдээж түрүүлэхийн төлөө зорилгүй яах вэ.

-Волейболоор хамгийн олондоо хэдэн оноо авч байв?

-Яг сайн санахгүй байна. “Тэдэн оноо авчихлаа” гэж тэмдэглэж байгаагүй.

БИ 800 ГАРУЙ ШАВЬТАЙ

-Аймагтаа хэчнээн жил дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ?

-12 дахь жилдээ волейболын дасгалжуулагчаар ажиллаж байна. Жилд 100-гаад хүүхэд бэлтгэдэг.

-Одоогоор хэчнээн шавьтай болоод байгаа вэ?

-Бүр нарийн тоолж байгаагүй. Лав 800 гаруй шавь бий. Нэлээд хэдэн шавь маань дээд лигт тоглодог. “Хасу мегастарс” багт тоглодог, шавь Төрмандах маань сая дээд лигээс мөнгөн медаль хүртлээ.

“Волейболын спортыг хэзээ ч битгий хаяараа. Багшаасаа олон жил тоглоорой. Өндөр насласан ч спорттой амьдралаа холбосоор байгаарай” гэж захьдаг.

-Та хэдэн ач, зээтэй вэ?

-Би таван зээ хүүтэй.

-Сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг хүүхэд танд бий юү?

-Хоёр охин минь волейболоор хичээллэдэг. Хоёулаа спортын мастер цолтой, волейболын дугуйлан, секц хичээллүүдэг. Гэр бүлээрээ волейболын спортыг хөгжүүлэх, сайн тамирчид бэлтгэхийн төлөө зүтгэж яваа хүмүүс, бид.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар хөөрхөн эмээ вэ

Зочин
Зочин

Энэ эмээгээс олон хүн урам зориг авсан

Baynaa
Baynaa

Гоё гоё

mongol
mongol

buun yar sharh bolson zavaan avgaig yun ch ih zaldag yum be dee emee emee

Холбоотой мэдээ

Back to top button