Нийгмийн

ТҮҮХЧ БА ОЛОН НИЙТ: XII сарын 29-нд яагаад бүх нийтээр амардаг вэ

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 29 буюу бүх нийтээр амрах өдөр. Энэ өдрийг "Бүх нийтээрээ амарч өнгөрүүлдэг тухай мэдэх үү” гэх асуултыг иргэдийн дунд асуухад тэд хэрхэн хариулсан бэ. Энэ асуултыг бид 20 гаруй иргэнээс асуусан бөгөөд тэдний 80 хувь нь "Өнөөдөр амрах юм уу, мэдээгүй ш дээ” гэв.


Харин мэдэж байна гэх иргэд "Ямар учраас энэ өдөр амарч байгаа юм бол” гэж асуухад "Тэмдэглэлт өдөр гэсэн байх аа”, "Хууль батлагдсан гэсэн үү”, "Тусгаар тогтнолтой холбоотой гэж сонссон, гэхдээ тусгаар тогтнолын өдөр арваннэгдүгээр сард болчихсон биз дээ”, "Монголд өдөр болгон л баяр болдог ш тээ, тэднийх нь нэг юм байлгүй”, "Дандаа л баяр тэмдэглэх юм. Оронд нь тэтгэвэр нэмэх хэрэгтэй. Амарч байхаар ажлаа хийж байсан нь дээр. Амьдралд нэмэртэй” зэргээр хариулж байсан юм.


Бид дараа нь Богд хааны ордон музейн захирал, түүхч Ц.Эрдэнэбаатартай товч ярилцлаа.


ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛ БОЛ БУСДЫН МЭДЭЛД БАЙСАН МОНГОЛ УЛСЫГ ТУСГААР БОЛГОСОН

-Арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн ач холбогдол юу вэ?

-Наймдугаар Богд Жавзандамба хутагтаар тэргүүлүүлсэн алтан ургийн ноёд, өндөр мяндагтан цолтой лам хуврагууд нийлж Манж Чин гүрнээс тусгаар болж байгаагаа зарласан өдөр. 110 жилийн тэртээх Монголыг төсөөлөх юм бол өөр улсын харьяалалд байсан. Мөн дэлхийн газрын зураг дээр манай улсын нэр байдаггүй тийм он цаг байлаа.

Бид өөрсдийнхөө түүхийг дэлхийн түүх хэмээж омогшдог. Үнэндээ 17-р зууны сүүл үе, 20-р зууны эхэн үе буюу 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нийг хүртэл дэлхийн улсын тооноос арчигдсан үе байв. Тиймээс Богд хааны сэтгэж байснаар Цагаан хэрмээр зах хязгаараа тогтоон хуучин Монгол Улсаа сэргээн мандуулах тухай буюу өөрөөр хэлбэл эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын хэмжээнд Монгол Улсыг тусгаар тогтнуулах хүсэл мөрөөдөлтэй явсан. Тиймээс энэ өдөр бол Монгол Улс дэлхийн газрын зурагт бичигдэж, Монгол Улс гэх нэрийг авсан өдөр юм. Мөн өнөөдрийн байгаа газар нутгаас 2.2-2.3 дахин том нутаг дэвсгэртэй Монголыг байгуулсан өдөр.

ЦАХИУР БУУ, ТАШУУРААРАА ДУНДАД ИРГЭН УЛСЫН ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАЛТАД ОРСОН

-Энэ өдөр бидэнд ихээхэн үнэ цэнээр иржээ?

-Өнөөдрийн Монгол Улсыг байгуулахын төлөө 1913 онд Таван замын байлдаан хийсэн. Энэ байлдаан тухайн цаг үед Дундад Иргэн улсын цэргийн эрхшээлд байсан Өвөр Монголын 49 хошууны 38-ыг нь Дундад Иргэн улсын бүрэн зэр зэвсэгтэй цэргийн армитай тулгаралтад орсон байдаг. Тэд Монголын цэргүүдээс хэд дахин олуул. Харин Монголын цэргүүдэд цахиур буу, ташуур л байв. 10 хүрэхгүй хувьд нь Оросын тусламжийн зэвсэг ирсэн.

Гэлээ ч Монгол туургатнаа нэгтгэх гэсэн хүсэлтэй Монгол цэргүүд Өвөр Монголоо чөлөөлж байсан бахдам түүхтэй. Энэ бол Богд хаан болоод түүнийг тойрон хүрээлж байсан алтан ураг, өндөр мяндагтай лам хуврагуудын улс төрийн агуу их суу заль, олон улсын гэрээг мэдэрч чадсан мэдлэг туршлагын ач.

-1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал өнөөдрийн Монгол Улсаас газар нутаг болоод засаг төрийн байдлаараа огт өөр байж?

-1911 оны хувьсгалын дараа Ардын хувьсгал болсон. Энэ жил 100 жилийн ой нь тохиож байна. Үүгээр яг өнөөдрийн Монгол орших болсон. Өөрөөр хэлбэл 1915 оны Хиагтын гэрээний шалтгаар Монгол Улс гурав тасарсан юм.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал бол гаднын нөлөөлөлд байсан Монгол Улсыг тусгаар тогтнуулж шинэ улс байгуулж чадсан хувьсгалын өдөр. Энэ үед Оросын тусламжтайгаар өөрсдөө энэ бүхнийг босгосон. 1915 оны хиагтын гэрээгээр автономик улс байсныг тусгаар улс болгосон хувьсгал аж.

1921 оны хувьсгал бол 1915 оны Хиагтийн гэрээгээр Хятадын өнөөдрийн Өвөр Монгол шиг улс байсан. Түүнийг үгүй болгосон.

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР БОЛ УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨР БИШ

-Арваннэгдүгээр сарын 26 бол Улс тунхагласны баяр. Иргэд энэ хоёр өдрийг андуурах тохиолдлууд байна?

-Харин 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр улсаа тунхагласан өдөр гэхээсээ илүү шинэ Үндсэн хуультай болсон өдөр юм. Богд хаан 1924 онд нас нөгчсөн учраас хаангүй улс болсон. Тиймээс ард түмэн сонгуулийн зарчмаар төрөө удирдах өнөөдрийн байгаа ардчилсан зарчмаа олж авсан өдөр гэж ойлгох хэрэгтэй. Энэ өдөр бол улсаа тунхагласан өдөр биш, Үндсэн хуулиа баталсан өдөр юм.

1924 онд анхны Үндсэн хуулиа зохиож, төрийн эрх мэдэл ард түмний гарч байх тухай боловсруулсан. Энэ нь хаант засаглалыг халж хамжлагат ёсыг үгүй болгосноор төрөө барих болсон өдөр хэмээн ялгаж салгах ёстой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иргэд өөрсдөө ч мэдэхгүй олон өдөр амардаг

Зочин
Зочин

Монголчууд цус ойртолттой болсон нь үнэн бололтой. Яамаар ч юм. Байнга хогон мэдээлэл л сошиалаас авахаас эх орон, түүх соёл гэх мэтийн мэдлэг маш муутай хүн сүрэг боллоо

joony
joony

xxa ugasa ygd amrad bga medkv bnaa.bnaa gexde amarchgad bayrljine

Холбоотой мэдээ

Back to top button