"Сангийн сайд Б.Жавхлан барилгын салбарыг дампууруулж, ажил хаяхад хүргэлээ"

Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниудын удирдлагууд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаар хэвлэлийн хурал болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт албан бичиг хүргүүлж байна. Энэ хэвлэлийн хуралд улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв зэрэг барилгын ажлыг гүйцэтгэдэг 21 аймаг, есөн дүүргийн барилгын салбарын төлөөллүүд иржээ.
Тэдний хэлж байгааг товчлон хүргэвэл, "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын ажил маш хүндрэлтэй нөхцөлд орлоо. Засгийн газар ажлаа хийхгүй байна. Барилгын салбар 100 хувь хувьчлагдсан. Бид улсын ажлыг төсвийн хязгаартай хийдэг. Бидний ажил батлагдсан төсөвт өртөгтөө багтахаа больсон. Үнийн суурь өсөлтийн тарифыг шинэчилж өгөөгүйгээс болоод барилгын компаниуд алдагдалд ороод, ажил явуулах боломжгүй боллоо.
Өмнө жил барилга барьсан барилгын компаниудын 97 хувь нь алдагдал хүлээсэн. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Сангийн сайд Б.Жавхланд барилгын салбарыг алдагдалгүй байлгаж өгөөч гэж удаа дараа хүсэлт гаргасан. Гэвч бидний үгийг сонсохгүй, ойшоохгүй байгаагаас болж ийм байдалд хүрч байна. Нийгэмд биднийг тендер авдаг хүмүүс л гэж бодох юм. Барилгын материалын тээвэр, түүнээс үүдэх үнийн өсөлтийг тухай тухай үед нь шийдэж болох байсан. Гэвч ийм эрсдэлтэй зүйлийг "Түр зуурын үнийн өсөлт" гэдэг үгээр ам таглаж ирсэн. Энэ үнийн өсөлтийг шийдвэрлүүлж чадахгүй бол бид алдагдал хүлээгээд ажлаа хийгээд байж чадахгүй.
Үнийн индекс батлагдаж, барилгын материалын үнэ тогтворжих чухал байна. Монгол Улсад хөдөлж, хөдөлмөрлөж байгаа хүн болгон алдагдал хүлээж байгааг талбай дээр жагсаж байгаа тээвэрчин, наймаачдын жагсаалаас харж болно" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.