
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, эцэслэн баталлаа.
Хуулийн төсөлд ажилласан ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
“Баялаг бүтээгчдийн нуруунаас маш том дарамтыг авч хаясан хууль боллоо. 2022 онд 200 орчим тусгай зөвшөөрлийг төрөөс олгодог байсан. 2019 онд 1400, яг өнөөдөр 1600-д хүрсэн байна. Улмаар тусгай зөвшөөрөл өгөхийн тулд авлигал авдаг байдал цэцэглэсэн.
Тэгвэл Зөвшөөрлийн тухай хуулийг анх санаачилснаас дөрөв дэх жилдээ ийнхүү баталлаа. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш ААН үйл ажиллагаа явуулахад шаардагдах зөвшөөрлийн тоо 1600-гаас 360 болж тав дахин буурч байна. Өөрөөр хэлбэл төрийн дарамт шахалт, хүнд суртал тав дахин буурна. Ард иргэд, ААН-үүд маань ч хуулийн хэрэгжилтийг шахаж шаардаарай” гэлээ.
-21 ХОНОГТ ЗӨВШӨӨРӨЛ ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ БОЛ ӨГСӨНД ТООЦНО-
Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Хуулиар зөвшөөрлийн тоог бууруулснаас гадна дахин нэмэх боломжгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж л зөвшөөрлийн тоог нэмнэ. Мөн гурван жил тутам зөвшөөрлүүдэд аудитын шинжилгээ хийж, шаардлагагүй байвал хасаад явна” гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Хууль батлагдсанаар зөвшөөрөл олгох процесс илүү энгийн болж буй. Зөвшөөрлийг дотор нь энгийн ба тусгай гэж ангилсан. Энгийн зөвшөөрлийг 21 хоногийн дотор өгөх ёстой. Энэ хугацаанд өгөөгүй бол өгсөнд тооцно. Тусгай зөвшөөрлийг 30 хоногт өгөх ёстой.
Мөн иргэн, ААН нь өөрийн хүссэн тусгай зөвшөөрөл хаана ямар процесстоо явж байгаа, ямар бичиг баримт нэмж бүрдүүлэх шаардлагатай байгааг цахимаар хянаж болно Цаашид тусгай зөвшөөрлийн заримыг нь заавал төр биш мэргэжлийн, төрийн бус байгууллагууд ч олгодог болъё гэсэн үзэл баримтлалтай ажиллаж байна” гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.