НИЙГЭМ

Цэвэр цусны монгол морь түрүүлж болдоггүй наадам

“Энэ жилийн наадмаар цэвэр монгол цустай адуу хамгийн дээд тал нь наймаар давхилаа” гэсэн яриа чих дэлсэхээр нь зорин байж хурдан морины цол дуудах ёслолыг үзлээ. Айрагдсан морьд нь бүгд бараан, тэр тусмаа хээр, хүрэн, зээрд зүстэй, ихэнх нь сартай байх аж. Алдсан байж болох ч би л хувьдаа нэг цэвэр цусны монгол морь олж харсангүй. Ганц нэг байсан байж болох ч энэ нийтлэлийг бичихгүй байх шалтгаан болж чадахгүй юм.  

Энэ жил улсын наадамд уралдах морьдод шинж төрхийг нь тооцохгүй, сэрвээний өндөр гэсэн ганцхан шалгуур тавьсан. Холбогдох албаныхан Морины комиссын гишүүд авлига авч эрлийз морь оруулдаг, түүнчлэн ашиг сонирхлын зөрчлөөр дургүй уяачийнхаа  морьдыг эрлийз байна гэж хасдаг гэх гомдол санал их ирсэн учир дээрх аргаар шийдсэн гэж холбогдох албаныхан мэдээлсэн. Ингээд нас, насны сэрвээний өндрийн дээд хязгаарыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу ХХААХҮЯ мэргэжлийн холбоодтой хамтран тогтоосон юм. Сэрвээний өндөр тогтоодог нь угтаа эрлийз морьд улсын наадамд уралдахаас сэргийлэх зорилготой.

Гэвч бодит байдал дээр эрлийз адууны наадам болчихлоо.

ХХААХҮЯ нас, насны морьдын сэрвээний өндрийг мэргэжлийн холбоодтой хамтран гаргахдаа Стандарт хэмжилзүйн газраас баталсан “Монгол адууны стандарт”-аас өндрөөр тогтоосон нь үүнд нөлөөлсөн гэж харж байна.    

Д.Самданжамц /Монгол Улсын гавьяат малзүйч, адуу судлаач/:

Манайд стандарт байдаг ч хэрэгжүүлдэггүй, журмаа ч мэдэхгүй хүмүүс комисст ажилладаг. Их насны морины сэрвээний өндөр л гэхэд 141 см гэж тогтоогоод үүнээс дээш бол эрлийз, доош бол монгол адуу гэнэ гэж байгаа юм. ГЭТЭЛ ИЙМ ӨНДӨРТЭЙ АДУУ 1000-Д ГАНЦ Л ГАРНА. Энэ бол эрлийз адуугаа монгол адуутай хольж уралдуулах гэсэн арга.

Наадмын стандарт буюу ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран баталсан журам   Стандартчилал, хэмжилзүйн газрын баталсан монгол адууны стандарт
Их нас 141 см  
Азарга, 140 см   135-139 см
Соёолон 140 см 132-137 см
Хязаалан 137 см   128-130 см
Шүдлэн 132 см   125-128 см
Даага 127 см   122-125 см

 Гаднын хурдан удмын адуугаар цус сэлбэсэн эрлийз морьд сүүлийн жилүүдэд наадам өнгөлдөг болсон ч цэвэр цусны монгол адуу нэг ч айраг аваагүй өнөө жилийнх шиг нь байгаагүй. Монгол төрийн наадамд цэвэр цусны монгол морь түрүүлж айрагдах боломж огт үгүй болсныг энэ наадам харуулав.

Ц.Дуламсүрэн /Монгол Улсын Тод манлай уяач/

2011 оны улсын наадмаар  эрлийз, монгол морьдыг тусад нь уралдуулсан юм. Тэгэхэд монгол морьдын зургаан насны 30 айрагнаас ганцыг нь л эрлийз морь авч байв. 10 жилийн дараа 2020 оны наадмаар зургаан насанд айрагдсан 30 морины 29 нь эрлийз, ганц нь л монгол морь байсан.   

Албаныхны хэлсэнчлэн, гадаад байдлаар шинжихээс татгалзсан нь Морины комиссын хэдэн нөхдийг авлига авахаас сэргийлсэн (Морины комиссын гишүүн авлига аваад баригдлаа гэж ер дуулдаагүй) байж болох ч сэрвээний өндрөөр хэмжих нь оновчтой юу гэдэг асуудлыг цаашдаа ярих л хэрэгтэй болж байна.

Сэрвээний өндрийг монгол морьдынхоос өндрөөр тогтоочихоор эрлийз морьдод хаалт болж чадахгүй нь батлагдчихлаа шүү дээ.

Гараанд гарч байгаа морьд биш юм гэхэд өнгөний морьдын ихэнх нь 50, 25 хувийн цустай буюу нэг, хоёрдугаар үеийн эрлийз байна. Наадмын эхний өдөр болсон уралдаануудад цэвэр цусны монгол морьдоос хамгийн урдуур ирсэн нь наймаар орж ирсэн талаар эхэнд дурдсан. Монгол хүний хувьд таатай санагдсангүй. Хурдан морь уях арга барил бол бол бидний өв соёл, ялгарал мөн. Гэтэл энэ ялгарал, үндэстний дархлаа маань сулрах вий. Монгол уяачид монгол морио уламжлалт арга барилаараа уяа сойлгыг нь тааруулж, эрлийз морьдтой өрсөлдүүлэх бодол нь энэ наадмаас эхлээд яаж ийгээд эрлийз морьтой болох хүслээр эргэлт буцалтгүй солигдох вий гэсэн айдас байна.    

Нөгөө талаар, импортын морьдыг тэр бүр жирийн малчид оруулж ирж чадахгүй. Тэгэхээр ардын наадамд ардын хүү морио түрүүлгэх, айрагдуулах боломж хомс. Монгол төрийн, монголчуудын наадам малчдад баян хоосны ялгааг мэдрүүлдэг үйл явдал болчихсон нь дахиад харагдлаа.     

Уяачидтай ярилцаж үзэхэд эрлзийз адууны сайн тал нь ганцхан буюу хөлийн хурд сайтай. Харин саар тал нь тэсвэр муутай, өвчинд өртөмтгий, мах нь идэхэд төдий тохиромжгүй гээд чамгүй олон аж. Нэгэн уяачийн хэлснээр, монгол адуу хэт их эрлийзжвэл Монгол Улс нэг хатуу өвөл хамаг адуугаа тавиад тууж мэдэх гэнэ. Адуу бол таван хошуу малын нэг. Таван хошуу малын аюулгүй байдал монгол хүний, цаашлаад төр улсын хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой. . Тиймээс аюулгүй байдлаа ч бодсон, адууны дийлэнх нь цэврээрээ байх нь чухал гэх санааг илэрхийлэх малчид олон байв. Тэдний зөв гэж бодно.

Малтай айл болгон шахуу адуутай, адуутай монгол эр хүн бүр уяач байдаг. Санасандаа ч яаж ийгээд хүрдэг. Импортын, эрлийз морьдтой болъё гэж бодох л юм бол монголын адуун сүрэг маш хурдтай эрлийзжинэ. Улмаар дээр хэлсэн муу таамаглал бодит болох нөхцөл бүрдэх нь тодорхой. Төр засаг наадмын хурдан морины уралдааны журмаа эргэж нэг харах ёстой гэдэг нь сая харагдлаа шүү дээ.

Үр дүн өөрөө ярьдаг, хүүрнэн өгүүлдэг. Энэ жилийн наадмын хурдан морины уралдааны үр дүн “Одоогийн журам чинь эрлийз морьдод хаалт болж чадахгүй байна шүү. Тийм учраас өөрчил өө. Өөрчлөхгүй бол цаашдаа монгол морьд улсын наадамд дээгүүр ураалдахгүй, өв соёл чинь устана шүү” гэж хэлж байна.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

хүүхдүүд зовоон байж тэмцээн уралдаан явуулж байж өв соёлоо гээлгүй шиг морь уяалдаа, хүүхдийн эрх ярихаар өв соёл ярьдаг байж эрлийз мориор монгол морио устгаж яахнав дээ

Иргэн
Иргэн

ЦӨВҮҮН ЦАГТ ЦЭВЭР МОНГОЛ ЮМ БАЙХГҮЙ БОЛОХ НИГУУРТАЙ ГЭЖ АЙРХТАР ХЭЛЖЭЭ

Зочин
Зочин

эрлийз морь тэсвэр муутай мах нь идэхэд тохиромжгүй гэнэ. идэх гэж биш уралдуулах гэж авч ирж байгаа биз дээ. Бас импортоор оруулж ирж байгаа нь баян хүмүүс ,жирийн малчин ардууд оруулж ирж чадахгүй тэхээр ардын наадам биш болно ч гэх шиг...тэр адууг нь нөгөө баян өөрөө маллаж өөрөө уяж чадах уу? нэг адуучин бүр хэсэг малчид багаараа ажиллаж байж амжилтанд хүрч байгаа биз дээ. Тэгээд эрлийз морьд олон болвол нэг шуурганаар монгол адуугүй болох болтой. уралддаггүй билчээртээ идээшлэж байдаг уналага эдэлгээний адуу маань эрлийз морьд үхээд эхлэхээр дагаад л мажийгаад нэг нь ч үлдэхгүй болох хэрэг үү?!
Арай л туйлшрах юм аа... тэгээд ч аливаа юмны үүлдэр угсааг сайжруулаад нутагшуулаад авахад МОНГОЛ ДАРХЛАА сулраад байх нь юу л бол . Харин ч дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд тэдний жишгээр оролцож амжилт гарган МОНГОЛЫНХОО нэрийг дархлахыг бодох юм биш үү! Наадмаар салхи исгэрүүлэн дүүлэж яваа хурдан хүлэг,унасан хүүхдийг нь хараад л наадамчин олон омогшин цэнгэлддэг болохоос хэний ямар морь нь дараагийн асуудал байдаг шүү дээ. үнэн дээ...Тэгээд ч МОНГОЛ ДАРХЛАА БОЛ ЭВ НЭГДЭЛ биз дээ.Адгууснаас болж эвдрэлцэж наадам болгоноор хэрэлдэж байхаар ийм тийм гэлгүй бүх морьдоон уралдуулж ард олноороо сэтгэл сэвгүй цэнгэлдэж байвал яасан юм бэ ? Бид ч дээлээ хятад ,япон ,энэтхэг , орос торгоор нь ялгалгүй гангарч нааддаг биш үү???!! ЦЭВЭР МОНГОЛ гэвэл .. тэр зөвхөн бидний сэтгэл зүрхэнд л мөнх байх байх даа. Морьд эргэхэд yes гэж уулга алдаж , морьд нь хурдлахад wow гэж шагширч байгаа уяач, үзэгчидтэй Land аар түрүү морьдоо байлдаг байж адууны цусыг цэвэр бохироор нь дуудаад яах юм бэ.! Зүгээр л хүн малаараа ялгарч байя тийм үү

Зочин
Зочин

Эрлийз морьдоо тойргийн журмаар л уралдуулчихаач дээ. Бооцоотой
. Тэгээд л шийдэх юм шүү дээ. Энэ комисс гэж хэдэн юм юу бодож сэтгэж байдаг бна аа.

Зочин МОРЬ ШИНЖЭЭЧ БИ
Зочин МОРЬ ШИНЖЭЭЧ БИ

МОНГОЛ МОРЬ БОЛ ГАДААД ГАЛБИР ТАЛААСАА Л АНДАШГҮЙ ТАНИГДДАГ. ТЭР НЬ:
1, ХҮЗҮҮ БОГИНО АГААД ӨРГӨН МАХЛАГ, ТОЛГОЙ БАНДГАР АГААД ХОШУУ НЬ ШӨВГӨР БУС,
2, ТАХИЙН УДАМТАЙ ТУЛ ЯГ ТАХЬ ЛУГАА АДИЛ ГАЛБИРТАЙ, БАГДГАРДУУ БИЕТЭЙ, ЧИХ ХЭТ СООТОН БУС БАЙДАГ.
3, АЛЦАА НЬ УУЖИМ АГААД ХОНДЛОЙ НЬ БӨГТӨРДҮҮ, ЗҮЙРЛЭВЭЛ НУМАН ХЭЛБЭРТЭЙДҮҮ,
4, ХӨЛ ТИЙМ Ч УРТ НАРИЙН БУС, САГАГ ТОМТОЙ, ТУУРАЙ ЦОМБОНДУУ ГЭХ МЭТ.
ГЭТЭЛ ОДОО 3 ҮЕ ДАМЖУУЛЖ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ БОЛСОН МОРЬД Л УРАЛДАЖ БАЙНА. ТЭДГЭЭРИЙН ШИНЖ НЬ:
1.ХҮЗҮҮ НИМГЭН НАРИЙН УРТ, ХЭТ УРТ НАРИЙХАН ДЭЛБЭГЭР ЧИХТЭЙ,
2, ТОЛГОЙ НЬ ОЛИЛЗСОН БАЙДАЛТАЙ, НАРИЙН ШӨМБӨГӨР ТОЛГОЙТОЙ
3. ХӨЛ НЬ ДЭРС ШИГ НАРИЙН АГААД ХЭТ УРТ ӨНДӨР, ЦЭЭЖ ДЭЭШЭЭ ОЛИЛЗУУР ГЭХ МЭТ. ОДОО БОЛ ИЙМ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ АДУУ Л УРАЛДААНД ТҮРҮҮЛЖ БАЙНАДАА. СЭРВЭЭНИЙ ӨНДӨР БОЛ ГОЛ ХЭМЖҮҮР БИШ ТЭНЭГ МАЛУУДАА

Бат
Бат

Өнөө цагт сэрвээний өндрөөр хэмжэж уралдуулхаас өөр арга байхгүй л болов уу даа ямар хараад л энэ эрлийз галбиртай энэ монгол гээд ялгалтай биш харин хэмжихдээ бодит хэмжээс ашиглах ёстой байх харин хилээр дахин эрлийз адуу оруулхыг хориглох нь хамгийн оновчтой шийдвэр болох байх даа

Зочин
Зочин

Эрлийз адуу харахад л андашгүй шүү дээ....дооньгор сүүл шингэн.хүзүү урт.хөл урт гээд манай малчид андахгүй ээ.
Эрлийз адуу нэг их бяртай хурдандаа биш. Урт хөл харайлт хол болохоор нэг харайлт нь монгол адуунаас нэг туруу илүү 20 см орчим хол харайж байдаг нь газрын холд ямх ямхаар холдчихоод байдагт л хамаг учир байгаа юм.
Сэрвээний өндөрөөр ялгадаг нь учир дутагдалтай.
Эрлийз адуу ч уг нь зүгээр л дээ. Тааварлаг талдаа бол унацтай унаж эдлэхэд жаахан тийм явдал хатуу монгол эмээл тохоход зохимжгүй тэргэнд хөдлөхөд зүтгэх даац сайтай шүү.

Зочин
Зочин

Монгол хүн адуугаа эрлийз үү, биш үү гэдгийг хараад л танина. энэ жилийн наадмаар уралдаж буй адууг харахад эрлийз адуу олонх харагдсан. монгол азарганы сэлдээ тайрч шинэ үүлдэр гаргадаг нээлтээ нобелийн шагналд тодорхойлоорой, мал зүйч дээ, алдарт, манлай уаяч даа, хууль зүйн сайд аа., шадар сайд аа, морины комиссынхоон, үнэхээр хэлэх үг алга, мал төрийн хамгаалалтад гэдэг нь энэ үү эрхэм дээдсүүдд ээ ??????????

Уяач
Уяач

Энэ хэдэн арчаагаа алдсан, эх оронч царайлсан юмнууд одоо больцгоодоо ! Самданжамц гуай та насаараа адуу эрлийзжүүлэх ажил хиййж цалин авч амьдарчаад, Дубайгаас хэд хэдэн цэвэр араб азарга онгоцоор авчираад үхүүлсэн чинь үнэн биздээ ! Таны чадаагүйг уяачид чадаад хурдан адуу гаргаж ирээд уралдаж бна ш дээ, та ингэж зөнөөд хэрэггүй л дээ !

Уяач
Уяач

Дулуамсүрэн чи Батсамбуугийн эрлийз зээрд халзан морийг уяж улсад түрүүлүүлж, их хурдад айрагдуулж байсанаа мартаагүй биздээ ! Одоо аль амаараа "монгол млрь" гэж унгас алдаад бнаа !

Зочин
Зочин

Монгол морь биш эрлийз адууны уралдаан үзэх ч хжрэг алга. Новшийн цаг үе...

Zochin
Zochin

Монгол адуу шиг тэсвэртэй, ухаантай адуу үгүй.Импортоор адуу оруулж ирэхээ больчих.Хүүхдүүд ирлииз адуунаас болж их эндэж байна.Энэ бол хангалттай шалтгаан

Уншигч
Уншигч

Хайбрид машин унаад л хайбрид морьдоо уралдуулаад л болж л байна шд ээ алив зүйлд хөгжил дэвшил хэрэгтэй шүү.

Зочин
Зочин

Мэдээж шт жилийн жилд олширно. шинэ цагийн МОНГОЛ адуу гээд байгаа биз дээ.Цэвэр цусны гадны адуу биш бол болоош дээ.Хойшдоо бүгд уралдуулах сонирхолтой болно.

Холбоотой мэдээ

Back to top button