ЭДИЙН ЗАСАГ

Хойд хөрш эдийн засгийн коридор байгуулахад шаардагдах төсвийг удахгүй батална

Манай улсын олон жилийн өмнөөс зорьж зүтгэсэн ОХУ-БНХАУ-ыг холбосон тээврийн гүүр болох хүсэл биелэхэд ойртлоо. Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор ОХУ ирэх жилүүдэд хилийн чанадад 30.8 тэрбум ам.долларыг төмөр зам, боомттой холбоотой төслүүдэд оруулахаар болсон тухайгаа олон нийтэд зарласан байна. Энэхүү төслүүдээс хамгийн чухал нь ОХУ-МОНГОЛ-БНХАУ олон улсын тээврийн гарц /Коридор/ байгуулах явдал хэмээн “Ведомости” сонинд мэдээлжээ.    

ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДДЭЭ МОНГОЛЫНХЫГ Ч БАГТААЖЭЭ

Төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн улсаас гадна гурван улсад хөрөнгө оруулахаар болсны нэгэнд Монгол Улс ч багтжээ. Тодруулбал, Казахстан, Монгол, БНХАУ-д төмөр зам, боомтын хөгжүүлэлт чиглэлээр хөрөнгө оруулах бөгөөд гол зорилго нь БНХАУ-тай аль болох олон сувгаар холбогдох явдал гэсэн байв.  

ОХУ өөрийн нутаг дэвсгэрт хилийн хоёр шинэ боомт нээж, 369 км зам шинээр барих бол Казахстан, Монгол, ОХУ-ын нутагт нийтдээ 3 000 км зам барих долоон төсөлд хөрөнгө оруулах асуудал яригдаж байгаа ажээ. “Ведомости”-д мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлснээр, мэдээллийн эхэнд дурдсанчлан, хөрөнгө оруулахаар төлөвлөсөн төслүүдийн хамгийн том нь ОХУ-МОНГОЛ-БНХАУ олон улсын тээврийн гарц /Коридор/ аж.

Энэ зорилтын хүрээнд Монгол Улсаас Зүүнбаянгаас БНХАУ-ын хил хүртэл 226 км төмөр зам барих төслийг багтаасан байна. Эх сурвалж маршрутын төгсгөлийг дурьдаагүй ч урт нь  өнгөрсөн хавар бүтээн байгуулалт нь эхэлсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замынхтай таарч байгаа юм. Энэ төмөр замын тухайд, Зүүнбаян-Ханги чиглэлд 226 км шинэ төмөр замыг концессоор бариулах шийдвэрийг Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд албан ёсоор эхлүүлсэн юм.

“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” нэртэй энэ төслийг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК концессор хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хэрэгжүүлэх компаниуд нь эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийж, үлдсэнийг нь төмөр замын төслөөс босгоно гэж байсан билээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллароор бууруулна. Улмаар манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх боломжтой юм.

Ведомости сонинд гарсан мэдээлэлд дээрхээс гадна Эрээнцав-Соловьёвка боомтыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах агуулга мөн багтсан байсан юм. Эрээнцав боомт нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутгаар ОХУ-тай хил залгаа Олон улсын зорчигч, ачаа тээврийн болон 2 талын шинжтэй төмөр замын зориулалт бүхий байнгын ажиллагаатай боомт юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button