Сурвалжилга, Нийтлэл

Есдүгээр сарын 1-нд үүд нь хаалттай "Энэрэл" төв: Хоёр яамны дунд орхигдсон тэмүүлэл

Урьд жилүүдийн энэ өдөр "Энэрэл" төвийнхний хувьд баярын өдөр байлаа. Зунжингаа хүлээсэн төвдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хүргэн ирж, аав ээжүүд амсхийдэг, ажилдаа санаа зовох зүйлгүйгээр төвлөрч чаддаг тийм л өдрүүдийн эхлэл болдог байж.

Харин өнөөдөр хичээлийн шинэ жилийн эхний өдөр эднийх гадаа хаалгандаа томоо цоож зүүчихсэн, энэ бүхнийг эхлүүлсэн, захирал эмэгтэй хоолой зангируулан "Болдогсон бол хүүхдүүдээ авмаар л байна" хэмээн ярьж сууна.  2018 онд үүдээ нээж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нас харгалзахгүй авч, цогц үйлчилгээ үзүүлэн, дэргэдээ зөөлөн, чихмэл тоглоомын үйлдвэрийг байгуулж, нөгөө хүүхдүүдийнхээ ээжүүдийг ажлын байраар хангажээ. Хүүхдээ хөгжүүлэх төвдөө өгчхөөд, өөрсдөө хажууд нь ажлаа хийж суух нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн хувьд олон жил мөрөөдсөн хүсэл мөрөөдлийн оргил байж.

Мөрөөдлөө биелүүлж, хүүхдүүдээ хөгжүүлж бүхнийг сайн сайхнаар төсөөлж явсан ээжүүдийн бодит хүсэл харин энд ирээд зогсжээ. Асуудал нь мэдээж хэрэг санхүүжилт. БШУЯ танайх сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг болохоор манайд хамаагүй, ХНХЯ танайх боловсролын үйлчилгээ үзүүлдэг учраас манайд хамаагүй гэдэг. Тэд өнгөрсөн хугацаанд БШУЯ-нд арваад удаа хандаж, ордны гадаа хонож, үе үеийн дарга сайд нартай бүгдтэй нь уулзсан ч нэг нэг рүүгээ "өшиглөж" эзэнгүйдүүлсээр өдийг хүрчээ. "Энэрэл" төвийн тэргүүн Т.Туяажаргалтай ярилцлаа.

Т.ТУЯАЖАРГАЛ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ДЭЭР НЭГ СТАНДАРТ МӨРДӨХ БОЛОМЖГҮЙ

-Есдүгээр сарын 1-нд хаалгаа нээж чадахгүйд хүрч, үйл ажиллагаагаа зогсоожээ. Та мэдээлэл өгөөч?

-"Энэрэл" хүүхэд хөгжүүлэх төв өөртөө үйлчлэх чадвар дутмаг, нийгэмшихүйн бэрхшээлтэй, бүх үйлдлийг бусдын тусламжтайгаар хийдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг газар. Сэргээн засах, боловсрол, хооллолт гээд бүгд нэг дор цогцлоож байж хүүхдүүд тодорхой үр дүнд хүрдэг учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд нэгдэж 2009 оноос ийм төвтэй болохсон гэж явсан. Ингээд 2018 онд Вива ситигийн энэ байрандаа MCS компани үнэ төлбөргүй байлгах болсноор үйл ажиллагаа эхэлж, хэдэн жил авч явлаа. Өнгөрсөн жилүүдэд багш нарын цалин, хүүхдийн хоол, бусад урсгал зардлаа хүүхдүүдийнхээ төлбөр болон өөрсдийнхөө хийдэг зөөлөн чихмэл тоглоомынхоо ашгаар болгоод л байсан.

Харин энэ жилээс бүх юмны үнэ өсөөд хэвийн ажиллах боломжгүй болсон учраас есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээн авч чадахгүй боллоо гэдгээ ээж, аавууддаа, төр засагтаа мэдэгдээд явж байна.

-Төр засагтаа ямар ямар хүсэлтийг хэзээнээс эхэлж өгөв?

-2009 онд анх байгуулаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав ээжүүд ажил хийх шаардлагатай, ажлаа хийнгээ хажуудаа хүүхдээ хөгжүүлдэг болмоор байна, байр байвал өгөөч гээд л гүйж эхэлсэн. Маш олон удаа төрийн бүх шатны байгууллагад хандсан. УИХ-ын гишүүд, сайд нар, нийслэлийн удирдлага бүгд мэдэж байгаа. Ингэж явсаар 2018 онд төр засаг маань биш MCS компани биднийг ойлгож энэ байрыг үнэ төлбөргүй ашиглаж бай гээд хана нь цементээрээ том заал өгсөн, Мицубиши компани тохижилтын бүх зардлыг гаргаж, тууштай дэмжсэн. Харин төр засаг маань л таг чиг.

-Бие бие рүүгээ чихээд, танай асуудлаас зайлсхийдэг гэж аав, ээжүүд хэлсэн?

-Бид нар ийм төв байгуулчихлаа дэмжлэг үзүүлээч гээд явсан. Тэгэхээр бид нарт дөрвөн хувилбар санал болгодог. Хүүхдүүддээ үзүүлж байгаагаа үйлчилгээ өөрчил л гэсэн үг. Нэгдүгээрт, тусгай боловсролын цэцэрлэг болгож болно, ингэхээр бид зургаан наснаас доош хүүхдийг авах боломжгүй болно, сургууль болж болно гэдэг, тэгвэл зургаагаас дээш насны хүүхдүүдийг бид авна. Сэргээн засах төв болчхооч гэдэг ч энэ нь бас манай үйлчилгээнээс өөр шүү дээ. Стандарт нь хэвтэн эмчлүүлэх ортой байх ёстой, бид энэ байранд яаж хэвтэн эмчлүүлэхэв. Нэг бол хүүхэд харах үйлчилгээ бол гэдэг. Гэтэл энэ чинь хүүхэд харах үйлчилгээ биш байхгүй юу. Энэ бол хөгжүүлэх, нөхөн сэргээх, сэргээн засах үйлчилгээг нас харгалзахгүй авч, нэг дороос үзүүлдэг цогц үйлчилгээ. 

-Үйл ажиллагааны чиглэлээ бидний стандартад нийцүүлчих, тэгвэл дэмжье гэжээ. Тийм үү?

-Угаас энэ үйлчилгээнүүд дэмжлэгтэй. Сэргээн засах нь эрүүл мэндийн даатгалаас, сургууль, цэцэрлэг боловсролын яамнаас, хүүхэд харах үйлчилгээ хөдөлмөрийн яамнаас гээд стандарт, дүрэм, журмын дагуу санхүүжилт нь хаанаас байхав гэдэг нь тодорхой болчихсон. Тэгэхээр бид нарыг стандарттай болгож өгөхийн оронд урдаас ийм юм хэлж, бие бие рүүгээ бөмбөг шиг өшиглөсөөр өдий хүрлээ. Бидний хүсэл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжих төвийг стандарттай болгож өгөөч гэдэг. Дүүрэг болгонд ийм төв байгуулахын тулд стандарт дүрэм журам хэрэгтэй байна шүү дээ.

Ингээд аль нэг яам нь бид нарыг хамааралдаа аваач гэж арваад жил явлаа. Боловсролын яаман дээр очихоор танай үйлчилгээ манайх биш, яагаад гэвэл сэргээн засах, хөдөлгөөн засах, хөдөлмөр заслын үйлчилгээ үзүүлээд байна. ХНХЯ дээр яваад очихоор танайх боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа болохоор манайх биш гэдэг. Энэ хүүхдүүдэд бид шаардлагатай цогц үйлчилгээг үзүүлснээрээ яамдын алийнх нь ч хэлбэр биш болчихсон. Тэгээд хариуцах эзэн байхгүй, тэр ч бүү хэл энэ төвд ямар нэгэн зөвшөөрөл ч байхгүй, зүгээр л аргаа бараад байгуулчихсан. Манай төв дээр УИХ-ын дарга, үе үеийн сайд нар, бүх дарга нар ирсэн, бүгдээрээ мэддэг ч одоо болтол ямар нэгэн байдлаар санхүүжүүлье гэсэн оролдлого хаанаас нь ч гараагүй.  

-Сайд, дарга нар ирэхээрээ юу гэж хэлдэг вэ?

-Үнэхээр хэрэгтэй юм байна, дэмжмээр юм байна л гэдэг.

-Хэдэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэв?

-Оюуны болон биеийн хөгжлийн бэрхшээлийн ангитай. Нэг ангидаа 15 хүүхэд авчихдаг. Байгуулагдсан цагаас хойш 80 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Тэд нар маань энэ жил гэртээ байхаар болчихлоо. Өмнөх хүүхдүүд маань сургуулиуд руу шилжих, бүр эндээсээ хөгжөөд ажилд ч орсон. Энэ төв өөрөө маш ач холбогдолтой. Өнөөдөр оюуны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд тусгай сургууль төгсөөд л очих газаргүй, гэртээ хаягддаг. Эргээд ээж, аавын асаргаанд ордог. Энэ төв байснаараа бид нар том хүүхдүүддээ өөрсдийн "Ханни" зөөлөн тоглоомын үйлдвэртээ туслах ажилчнаар авч бэлддэг. Энэ үнэхээр хэцүү ажил. 3-5 жил магадгүй 10 жил ч шаардагдаж мэднэ.

Гэвч бид шантраагүй. Энэ хүүхдүүдийг ирээдүйд хамт олонтой болгох, нийгэмшүүлэх, гэрт нь байлгахгүйн тулд яг ийм төв л хэрэгтэй байхгүй юу. Эндээсээ сайжраад энгийн сургууль, дараагийн боловсролын шатны үйлчилгээ рүү шилжиж болно. Эндээс хөгжөөд дамжин өнгөрнө, дараагийн шатны үйлчилгээ авах боломжгүй бол энэ төвдөө ажлын байранд хүртэл бэлтгэх зорилготой. Гэхдээ энэ ажлын байранд бэлдэнэ, боловсролыг олгоно гэдэг нь нэгдүгээр ангийн хүүхдийн стандарт 35 үсэг сураад төгсөхтэй ижил биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд стандарт гэж байхгүй.

Хүүхэд болгон өөр өөр чадвартай, өөр өөр бэрхшээлийн хэлбэртэй учраас яг өөрт нь тохирсон тохируулгатай үйлчилгээг бий болгох шаардлагатай. Төр засаг ерөөсөө тоодоггүй. За гэж хэлчхээд алга болчихдог. Хавар бид нар талбай дээр хонож, ерөнхий сайдыг хүлээсний эцэст засгийн газраас 11 зүйл хийе гэсэн амлалтыг тэврүүлээд буцаасан. 6 сарын 15-наас хойш хэнээс нь ч сураг чимээ алга. Энэ үйлчилгээгээ бид нар бүрэн үзүүлье гэвэл ээж, аавуудаасаа сарын төлбөр сая 200 мянган төгрөг авч байж хэвийн явна. Гэтэл бид нарт хэн ийм мөнгө төлөөд үйлчилгээ авах вэ. Ард түмний амьдрал ямар байгаа билээ дээ. Ингээд бодохоор яаж ч бодсон бид нар түрдээ зогсоохоос өөр арга алга даа.

-Түрдээ гэдэг нь төр засагтаа найдаж буй горьдлого уу?

-Итгэл хэзээ ч дуусдаггүй юм байна. Засгийн газрын тэмдэглэл гарчихсан, Ерөнхий сайд өөрөө бидэнд амалсан шүү дээ. Тэгээд ч зөвхөн өнөөдөр ярьж байгаа асуудал биш. Маш олон жил хөлөө хүрэх газар бүрээр явсан учраас гольдролд орох байх гэсэндээ түр гээд сууж байна.

-Өнгөрсөн жил хэдэн хүүхэд авч байв?

-25 хүүхэдтэй байсан. Манай нэг анги 63 дугаар сургуулийн харьяа гэж явдаг, эндээсээ шууд тэнд суралцдаг гэсэн үг. Сургуулиас манай нэг багшийн цалинг олгодог. Өнгөрсөн жилүүдэд хаана ямар боломж байна гээд л яваагүй газар үлдээгүй. Манай хүүхдүүдийн хамгийн бага нь гурван настай, том нь 17 настай.

-Та өөрөө сэтгүүлч хүн. Ямар учраас энэ салбар руу орчхов?

-Би гурван хүүхэдтэй. Гэтэл дундах хүү минь хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тэр цагаас эхлээд миний амьдрал яалт ч үгүй хүүхдийнхээ төлөө зориулагдсан. Сонголтууд байсан ч би хүүгийнхээ төлөө сонголт хийсэн. 2009 онд энэ ТББ-ыг байгуулахад монгол улсад миний хүүд зориулсан ямар ч үйлчилгээ байгаагүй. Тэгээд хамгийн анх тэгш хамрагдалтын цэцэрлэгийн ангийг 2010 онд байгуулсан. Их л юм үзэж тууллаа. Манай төв тоглоомын үйлдвэр бол бидний мөрөөдөл. Бүхэл бүтэн найман жил ийм л газартай болохыг мөрөөдөж явсан. Хүүхдээ хөгжүүлээд хажууд нь өөрсдөө ажлын байртай. "Энэрэл"-ийн хүүхдүүд одоо үйлдвэртээ туслах ажилтан хийгээд сууж байна. Энэ бол бид нарын ажлын үр дүн. Харин одоо бол үнэхээр дийлэхгүй нь. Арайхийж цалингаа тавиад материалаа аваад явж байгаа энэ үйлдвэрээс  хүүхдийн үйлчилгээгээ авч явна гэдэг үнэхээр хүнд байна. Магадгүй дараа жилээс тогтвортой болоод ирэхээр бид Энэрэлээ яаж ийгээд аваад явна. Гэхдээ "Энэрэл" шиг цогц үйлчилгээг ганцхан энд биш олон газар бий болоосой гэж бодож байвал төр засаг дэмжихээс өөр арга байхгүй. "Энэрэл" шиг хөгжүүлэх төвийг байгуулна гэдэг яг үйлчилгээ үзүүлж буй хүмүүст маш хүнд ажил Дээрээс нь ямар ч санхүүжилтгүй байж явна гэдэг хүү минь байгаа тулдаа л өдий хүрлээ дээ. 

-Үнэхээр их хөдөлмөр, хүч, сэтгэл зарцуулсан нь  харагдаж байнаа. Хөгжүүлэх эд хэрэгсэл, үйлчилгээгээр төрөлжсөн өрөө тасалгаанууд, нээрээ л ийм газар хүүхдээ авч ирээд өгчихсөн байхад олон ээж сэтгэл санаа тайван явна даа?

-Ийм сайхан төрөлжиж тохижуулаад, хэчнээн жил өөрөө орох оронгүй болтлоо зүтгэчхээд өнөөдөр хаалгаа барьж байгаадаа би бухимдалтай байна /уйлав/. Хүүхэд болгон өөр учраас нэг стандарт үйлчилдэггүй, ганцаарчилсан, тухайн хүүхдийн байдлаас шалтгаалсан үйлчилгээнүүдийг манайх үзүүлдэг. Хөдөлгөөн засал заавал байх шаардлагатай. Хөдөлгөөн засал байж гэмээнэ дараагийн боловсролын үйлчилгээг авах чадвар буюу үзэг, балаа барих боломжтой болно. Тийм учраас хөдөлгөөн засал дээр суурилдаг. Би одоо анагаахын хөдөлмөр заслын ангид сурч байгаа. Хөдөлмөр засалчид ажиллаж  байж тэр хүүхдийн өдөр тутмын үйл ажиллагаа явагдана. Бид нар хүүхэд бүр дээр үнэлгээ тогтоож, хөдөлмөр үйлдэхэд энэ хүүхдэд юу хэрэгтэй байна гэдгийг нь оношилж тэр дагуу төлөвлөгөө гаргаж ганцаарчилж ажилладаг. Хөдөлгөөн засал, хөдөлмөр засал гээд хоёр том сэргээн засах баг манайд байдаг.  Оюуны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Тэр хүүхдүүд өнөөдөр дүрс, өнгө ялгах хэрэгцээ шаардлага бий учраас хөгжүүлэх үйл ажиллагааг үзүүлэхээр боловсролын үйл ажиллагаа болоод явчхаж байгаа юм. Дээрээс нь бариа, усан эмчилгээтэй. Мөн маш чанартай, баялаг орц найрлагатай хоолыг өдөрт таван удаа өгдөг.

-Аав, ээжүүд маань сэтгэл гонсгор л байгаа даа?

-Олон жил яаж явж ирснийг маань мэддэг болохоор ойлгоод, хүндлээд юм хэлэхгүй байгаа болохоос биш өнөөдөр айл бүрд асуудал үүсэж байгаа.  Бид нарт ч гэсэн хэцүү л байна. Есдүгээр сарын 1 хурдан болоосой, хүүхдээ бушуухан өгөөд ажлаа жигдрүүлэхсэн гэж яарч байсан надад ч гэсэн хэцүү л байна.

-Сардаа хэдэн төгрөгний зардал гарахав? 

-Хамгийн багадаа 12-15 сая төгрөг байхад үйл ажиллагаа явчихна. Манай төвийн үйл ажиллагаагаа анхнаасаа хэвийн явагдсан. Цаашдаа хүнд хэлбэрийн хүүхдүүд байгаа учраас хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгалаа төлдөг, ээж ааваасаа хараат бус болгохыг хичээж байгаа. Энэ бол үнэхээр хэцүү, хүн чадах уу гэж бодохоор. Гэхдээ чаддаг юм байна гэдгийг би өөрийнхөө хүү дээр харуулаад явж байна. Анх манай хүү тогтвортой гурван минут сууж чаддаггүй, харилцаа муу хүүхэд байсан. Одоо бол зүгээр сууж, хүний яриаг заримдаа ойлгож байна, үйлдвэртээ ажиллаж байна.

-Өмнөх онуудын энэ өдөр та нарын хувьд баярын өдөр байсан. Харин өнөөдөр? 

-Ямар нэгэн байдлаар дэмжлэг авчихвал хэзээ ч нээхэд бэлэн байна. Ээж, аавууд маань намайг юу туулж өдий хүрснийг мэдэж байгаа болохоор л чимээгүй байна. Үнэндээ бол хэцүү шүү дээ. Өмнө нь яалт ч үгүй хүнд байдалд ороод ажилчид маань бие биенээсээ автобусны мөнгө зээлээд ирэхээр байраа зарсан. Ажилчдынхаа хоёр сарын цалинг өгөөд үлдсэн мөнгөөрөө тоглоомын материал аваад өнөөдөр хүртэл зарж борлуулаагүй гурван хүүхдээ орох оронгүй болгочхоод байж байна. Амьдралаа яаж золиосолж өдий хүрсэндээ харамсдаг ч, өөртэйгөө ижил зовлонтой олон ээжид тус болж, хүүтэйгээ адилхан олон хүүхдэд тус болсноо мэднэ. Одоо надад дахиад зарах байр байхгүй. Ядаж энэ чихмэл тоглоомыг маань сургуулидад хэлээд өгөөч гээд сайдаас гуйсан. Яагаад ч тоодоггүй ш тээ. Миний хувьд үнэндээ үүнээс цааш тэвчиж чадахгүй байх. Дахиад тоглоомынхоо ашгаар цаашаа явна гэдэг харанхуй. Заримдаа хүүгийнхээ халамжийн мөнгийг хүртэл цалиндаа оруулдаг. Бүх зүйлээ зориулсан. Нэгэнт л энэ хүүхдүүдийн төлөө ажиллаж байгаа юм чинь ажилласан шиг ажиллая л гэж боддог. Хоёрын хооронд хүүхэд харах үйлчилгээ болгоод яахав.

-Байраа буцааж авч чадах болов уу?

-Байрныхаа үлдэгдэл мөнгөөр авсан тоглоомууд энэ хураалттай байна. Боловсролын яам дэмжээд өгвөл хүүхдүүд өөрсдөө оёод л чихмэл тоглоомтой болчих загвар юм. Технологийн хичээл дээр үздэг зургаан төрлийн оёдлыг ашиглаж энэ бэлэн загварыг оёход хүүхэд өөртөө чихмэл тоглоом хийнэ гэсэн үг. Би байрынхаа тал мөнгөөр үүнийг авсан.

-А.Ариунзаяа сайд юу гэж хэлсэн бэ?

-Шийдэл, гаргалгаа хайгаад ажлын хэсгүүд байгуулсан. Сая ажлын хэсгийн үр дүн гараагүй байна л гэсэн. Сонгууль болохоор бүгд л Туяажаргалаа, чи хүрээд ир ингээд яриа өг, танай асуудлыг шийдэж өгнө л гэдэг. Шийдвэр гаргах хэмжээнд очихоороо мартчихдаг.

-Танд баярлалаа.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдүүд нь ямар өрөвдөлтэй вэ

Зочин
Зочин

Харамсалтай мэдээ байна аа Иргэнд чиглэсэн үйлчилгээ ихэнхдээ зогсонги байх юм даа...

Naraa
Naraa

Yamar yalgavarlan gaduurkhal ve iim l yumiig demjikhgvi bol uur yuu khiikhhin be

Зочин
Зочин

Төр засгаас яагаад анхаардагүй юм бол нөгөө 76-г энэ газраар явуулж үзүүлэх юмсан даа. Толгой нь ажиллах гишүүн гарч ирж магадгүй юм Энх-Амгалан Сарангэрэл 2 сайд сэтгэл гаргаад очиж арга хэмжээ аваач дээ яасан ч хатуу бодол сэтэхүйтэй байдар юм дээ

Зочин
Зочин

Яагаад ийм сэтгэл эмтэрэм дүр зургийг энэ бяцхан амьтануудад мэдрүүлнэ вэ, яагаад ийм зүйл дээр анхаардаггүй юм бэ яагаад

Зочин
Зочин

haramsaltai yu be haah yuma olj haaj chadahgvi hotoor dvvren baar sav bolson boloogvi huviin emneleg chadvargvi emchtei goo saihnii emneleg pokor togloom ene huili bus yumnuudaa haagaach

Зочин
Зочин

Iim tob bdgiig medeegvi ym bna.Gehdee mash .Iim heregtei vilchilgeeg demjeed oghod yahab dee.

Зочин
Зочин

Хамгийн түрүүнд дэмжих ёстой шүү ирээдүйн эздийг сурч боловсроход нь юу ч битгий харамла төрийн нэрээр овоглослн хараагүй гишүүддээ

Нямдорж
Нямдорж

Яг үнэндээ дарга нарт ашиггүй бол тусална гэж байхгүй шүүдээ

Д Баярсайхан
Д Баярсайхан

Төр-Засаг-УИХ-ын гишүүд ийм чухал үйл аждыг мэдсээр байж дэмждэггүй бол ёстой хүн чанаргүй мунхгууд байна "Энэрэл"- төв сонссон. Сайхан үйлс эхлүүлсэн байна Энийг дэмжээд туслаад өгөөчээ! Би ажиллая. (Цалингүй) Хийх ажлаа л заалгая ! Мунхаг-Төр-Засаг- УИХын гишүүд ичээчээ .Мөнгө идсэн луйварчид Бид сонсож, хүлээж байна Ажлаа зөв, үнэнч, сайн,санаачлагатай хийцгээ Хэлэх үг олдохгүй юм.

Зочин
Зочин

Ulsiin ih hurald bga shunaltai garuud ydaj iim vil ajillagaa yvuuldag gazruudaa demjeed hurungu mungu uu ch huviasaa gargasan yaahav de ideed ideed barahgvi uchinuun idej uusan mungu uu ydaj iim zvild hurungu oruulj baga ch gsn buyn hiimeer yum da

Холбоотой мэдээ

Back to top button