М.Лхагвагэрэл ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
“Белград 2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 74, 92 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ, 70, 79, 86, 125 кг-ын жингийн торгуулийн болон медалийн төлөө барилдаанууд өчигдөр болж, 125 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ. Манай бөх энэ жингийн толгой бөх Гено Петриашвилийг хагас шигшээд хожсон ч аваргын төлөө Туркийн бөх, олимп дэлхийн аварга Таха Акгульд 2:6 оноогоор ялагдав
МАНАЙ БӨХЧҮҮД ХЭРХЭН БАРИЛДАВ
57 кг: ОУХМ Занданбудын Занабазар тэгшитгэлд Канадын бөх Дарт Капелланыг 5-1, Туркийн Мухаммет Каравусыг цэвэр /манай бөх 8:4-өөр хожиж явсан/ нарыг ялаад АНУ-ын бөх, ноднингийн дэлхийн аварга Томас Гилманд 1-5 оноогоор хожигдов. Томас дараа нь БНХАУ-ын Ванхао Жоуг ялж финалдсан тул манай бөх өнөөдөр дагаж, Австралийн Георгий Окороковтой барилдахаар болоод байна. Ялбал Хятадтай хүрлийн төлөө. Томас Гилман австрали бөхийг 11-0, нанхиад бөхийг 8-2 оноогоор ялсан гэхээр манай бөхөд медаль хүртэх сайхан боломж гарч ирж байна.
74 кг: ОУХМ Олонбаярын Сүлдхүү эхлээд Мавритиусын Жан Давид Сте Мариг 10:0 оноогоор цэвэр ялаад 2018, 2019, 2021 оны дэлхийн аварга, “Токио 2020” олимпийн хүрэл медальт Кайл Дэйкэд 2:12 оноогоор хожигдсон. Кайл аварга цаашаа Энэтхэг, Ираныг ялж финалдсан тул манай бөх дээрх хоёр бөхтай дагах барилдаан хийнэ.
92 кг: ОУХМ Ганбаатарын Ганхуяг тэгшитгэлд Канадын Ричард Дечалеттэй барилдаж, 11:0-ээр ялаад Болгарын Ахмед Батаевтай шөвгийн наймд үлдэхийн төлөө дэвжээнд гарч 4:5 оноогоор харамсалтай ялагдсан. Болгар бөх дараагийн даваанд Ираны бөхөд 2:7-гоор хожигдсон тул манай бөх тэмцээнээ дуусгалаа.
ДАГАХ БОЛОН ТОРГУУЛИЙН ТОЙРГИЙН БАРИЛДААНУУД
79 кг: Алтанзулын Дөлгөөн Румыний Якуб Шихжамаловтой торгуулийн тойрогт барилдаж, 7:9 оноогоор хожигдлоо.
125 кг: ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Туркийн бөх, олимп, дэлхийн аварга Таха Ахгультэй алтан медалийн төлөө барилдаж 2:6 оноогоор хожигдож, өнгөрсөн жилийн хүрлээ энэ жилийн мөнгө болгож чанаржууллаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэё