FIBA: Монголчууд Азид аваргалсан нь тун онцгой, гэхдээ үүнээс илүүг тэд хийж чадна

FIBA-ийн албан ёсны сайтад Монголын сагсан бөмбөгийг онцолжээ. Ингэхдээ "Монголын хязгаар нь зөвхөн мөнх хөх тэнгэр. Монголын сагсан бөмбөгийн өсөж байгаа нь нууц биш. Төдийлөн анхаарч хардаггүй байсан хэн бүхэнд энэ нь одоо бүр ч тодорхой харагдах боллоо. Сингапурт болсон FIBa 3X3 ASIA Cup 2023 тэмцээнд 3X3 төрлийн эрэгтэй баг ширүүн тулааныг хийж, түүхэндээ хоёр дахь удаагаа аваргалсан нь Монголын сагсан бөмбөгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин дэлхийн анхаарлын төвд авч ирлээ.
Азийн аварга болсон нь Монголын сагсан бөмбөгийн хүсэн хүлээсэн амжилт мөн ч энэ нь зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэдний гаргасан амжилтын нэгээхэн хэсэг нь л юм. Үнэхээр энэ газрын цор ганц хязгаар нь тэдний Мөнх хөх тэнгэр нь л юм байна гэдгийг онцлох нь зүйтэй. FIBA 3X3 Азийн Цомын алдар хүнд эх орноо төлөөлөн тэмцээнд түрүүлнэ гэдэг гайхалтай зүйл. Тиймээс Монгол улс энэ тэмцээнд түрүүлсэн нь тун онцгой. Гэхдээ үүнээс ч илүү зүйл бий гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Тэд 2017 оноос хойш анх удаа тус тэмцээнд түрүүлээд зогсохгүй 2017 оноос хойш мөн анх удаа Австралийн багийг хожсон тохиолдол боллоо. Монгол улсын хувьд энэ ямар ач холбогдолтой зүйл болохыг тодотгохын тулд 2018, 2019 онуудад тэдэнд хожигдож байсныг нь санах хэрэгтэй. Энэ бол олон жилийн дараа хүсэн хүлээсэн "өшөө авалт" байсан юм.
FIBA ASIA CUP 2025 ТЭМЦЭЭНИЙ ДАРААГИЙН ШАТ РУУ...
3X3 төрөлд амжилт гаргасан нь шинэ зүйл мэдээж биш. Өмнө хэлсэнчлэн энэ бол тэдний хоёр дахь аваргын цом. Мөн тэд дөрөв дэх удаагаа шигшээ тоглолтод оролцсон. Өнгөрсөн жил монголын сагсан бөмбөгт шинэлэг үйл явдал тохиолдсон нь уламжлалт бүтэн талбайн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон явдал байлаа. 11-р сард болсон 2025 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөөх тоглолтод шигшээ баг нь оролцсон нь FIBA-ийн Ази тивийн тэмцээнд анх удаа оролцсон тохиолдол болсон юм. Нэмж хэлэхэд тэд зөвхөн оролцоод зогсохгүй урьдчилсан шатанд оролцох эрхээ авч чадсанаар Азийн цомд тэр ч бүү хэл ДАШТ-д оролцож байсан чансаа өөр шигшээ багуудтай хүч үзэх боломжтой болсон билээ.
НАЙРСАГ ТАЛБАЙН ЭЗЭД
Монголын баг урьдчилсан шатанд оролцох эрхээ авахын зэрэгцээ 11 болон хоёрдугаар саруудад Улаанбаатар хотноо өөрсдөө тэмцээнийг хүлээн авсан нь чухал үйл явдал байв. Тэдний хөгжөөн дэмжигчид сагсан бөмбөгөөр ямар их өлссөн байсныг харуулсан тэмцээн болсон бөгөөд багийн тоглогчид нь ч хөгжөөн дэмжигчдийн энэ их эрч хүчээр сэлбэгдэж, тэдэндээ шоу үзүүлж чадсан. Энэ нь Ази тивийн урьдчилсан шатны тоглолтуудыг цаашид гэртээ болон зочлон тоглолтоор тоглох форматаар явуулж болох юм гэсэн төлөвлөгөөнд ч нөлөө үзүүллээ. ОХИД Ч ТОГЛОЖ ЧАДНА Зөвхөн эрэгтэйчүүд олны анхааралд өртсөн зүйл ч биш. Эмэгтэйчүүд ч өсөж хөгжиж байгаа нь 18 хүртэлх насны эмэгтэй шигшээ багийнх нь амжилтаар харагдаж байна.
Бенгалуруд болсон 18 хүртэлх насны Азийн эмэгтэйчүүдийн АШТ-ий B дивизонд Монголын баг Финалд шалгарч чадсан. Малайзын багийн эсрэг тэд Финалд хожигдохоосоо өмнө мартагдашгүй тоглолтуудыг үзүүлсэн. Эцсийн дүнд тэд аварга болж, цом өргөж чадаагүй ч Монгол улс анх удаа тус тэмцээний аваргын төлөө тоглож чадсан нь эдгээр залуу бүсгүйчүүдэд ямар их боломж байгаа харуулсан юм.
ӨВӨРМӨЦ НЭГЭН
Тэдний бас нэгэн гайхамшигт амжилтын түүх бол Шаравжамцын Энхийн-Одын аялал юм. 20 настай Ш.Энхийн-Од Монголын шилдэг тоглогчдын нэг бөгөөд NCAA-ийн 1-р дивизонд тоглосон Монголын анхны тоглогч гэдэг нь үүний тод жишээ юм.
1-р курсээ тэр тун сайн амжилттай өндөрлүүлсэн. Дэйтон Флайерс багийн төлөө нэг тоглолтод 5.6 оноо, 2.6 дамжуулалт дундчилж, 30 тоглолтын 20-д гараанд гарч, Атлантик-10 бүсийнхээ Шинэ тоглогчдын Билэгдлийн багт багтсан юм. Ш.Энхийн-Од Дэйтоноос гарч, ирэх зуны NBA-ийн драфтад нэрээ өгөхөөр болсон гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ NCAA-ийн сайтууд дээр түүнд өөр сонголтууд ч байгаа гэдгийг онцолжээ. Юутай ч энэ бол Монголын сагсан бөмбөгийн ирээдүйд болон Монголчуудын хувьд сэтгэл хөдөлгөм дараагийн аялал байх нь тодорхой. "Монголын нийт ард түмнийхээ надад өгч буй энэ их хайр, итгэлд би маш их талархаж байна. Би та бүхнийг цаашид ч бахархуулж, Монгол улсаа үргэлж өндөр түвшинд төлөөлж байх болно гэж найдаж байгаа" хэмээн бичжээ.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.