Financial Times: Монголын анхны "ингэж зорьсон" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амжилтад хүрэх үү

“Financial Times” агентлаг Монгол улсын эдийн засаг, бодлогын талаар нийтлэл бичсэн байна. Тус нийтлэлийг уншигч та бүхэндээ орчуулж хүргэе.
Өргөн уудам говь цөлд 1300 метрийн дор орших уурхайн гүн рүү ачааны лифтээр аялсны дараа халуун, тоос шороо, клаустрофоби (давчуу орон зайнаас айх) мэдрэмж хүчтэй төрнө.
Гэсэн хэдий ч уул уурхайн инженер Ганбатын Түвшинбат инээмсэглэв. Тэрбээр “Энэ бол Монголын хамгийн дулаан газар. Энд жилийн турш зуны халууныг мэдрэх боломжтой."” гэж дундаж температур нь тэгээс доош байдаг улсынхаа талаар ярив.
Оюу Толгойн уурхай 2030 он гэхэд жил бүр хагас сая тонн зэс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ нь 6 сая цахилгаан машин үйлдвэрлэх хэмжээний металл юм. Гүний уурхай бүрэн ашиглалтад орвол дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно. Тус уурхайн 34 хувийг эзэмшиж буй Монголын Засгийн газарт энэ нь ашигтай билээ.
Оюу Толгой нь хэдийгээр саад бэрхшээлтэй тулгарч, удаашралтай байсан ч Монгол Улсын түүхэн дэх хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлсэн. Монголын засгийн эрхийг барьж буй Монгол Ардын Нам хөгжил цэцэглэлд хүргэх замуудын нэг нь Оюу Толгой гэж бодож байгаа юм.
1990-ээд онд нэг намын социалист удирдлагаас гарч ирсэн 3.4 сая хүн амтай тус улсад эрсдэл их байна. Хэрвээ Монголын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ амжилтад хүрвэл хөгжиж буй тус улс ирээдүйд олон жилийн турш хурдацтай өсөж хөгжинө. Монголын Засгийн газар өнгөрсөн жил 15 тэрбум ам.доллар байсан дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлж, 50 тэрбум гаруй ам.долларт хүргэж, ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулж, 15 хувьд хүргэх зорилго тавьсан.
Эднээс гадна өөр зорилго бас бий. Баруунаас ирэх хөрөнгө оруулалт ихээр татаж чадвал Улаанбаатарын хүсэмжилж буй Бээжин, Москвагийн нөлөөллөөс хамгаалах буффер үүснэ. Далайд гарцгүй энэ улс хоёр хөршөөсөө ихээхэн хамааралтай байдаг. Тухайлбал БНХАУ Монголын зэс, нүүрс зэрэг экспортын 84 хувийг авдаг, харин тус улсын импортын 30 орчим хувийг ОХУ хангадаг.
Л.Оюун-Эрдэнэ “Financial Times” агентлагт ярилцлага өгөхдөө “Монгол Улс газарзүй болон геополитикийн хувьд маш хүнд нөхцөл байдалд байгаа учир ардчиллаа хамгаалахыг хичээсээр ирсэн” гэв. Тэрбээр нэмж хэлэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдыг улсад нь тулгамдсан асуудлуудыг ойлгохыг хүссэн юм. Л.Оюун-Эрдэнэ ховорхон олдох боломж Монголын гарт орж ирсэн гэдгийг ойлгож байгаа.
Тодруулбал уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн орнууд хүлэмжийн хийн ялрагуулалтаа зогсооно гэсэн амлалтууд өгсөн байгаа. Энэ нь ногоон технологид шилжих түүхэн хувьсгалыг өдөөж, дэлхийн компаниуд болон засгийн газруудын дунд ногоон технологид хэрэгтэй ашигт малтмалуудын төлөөх тэмцлийг эрчимтэй өрнүүлж байна. Олон жилийн турш хэт алслагдмал эсвэл хэт эрсдэлтэй гэж тооцогддог байсан улс орнууд одоо анхаарлын төвд орж эхэллээ.
Гэхдээ хөрөнгө оруулагчдыг татахын тулд Л.Оюун-Эрдэнэ мушгиралдсан авцалдаагүй бодлого болон улсад нь гүн гүнзгий шигдсэн авлигын асуудал дууссан гэж үнэмшүүлэх хэрэгтэй. Мөн тэрбээр уул уурхай нь тус улсын нүүдэлчдийн уламжлалтай зөрчилдөж байна гэх айдас, байгаль орчны мэргэжилтнүүдийн шүүмжлэлтэй тэмцэх хэрэгтэй. Эцэст нь улсынх нь геологийн мэдээллийн сан хомс байгааг өөрчлөх ёстой.
Барууны уул уурхайн компаниудад улс нь аюулгүй найдвартай хөрөнгө оруулалт гэдгийг харуулахын тулд Л.Оюун-Эрдэнэ төрөө цэвэрлэх ажлаа хурдан эхлүүлэв. Ингэхдээ үндсэн хууль, шүүхийн шинэчлэл хийн, авлигатай тэмцэж, ашигт малтмалын салбарын бодлого, зохицуулалтыг шинэчлэх зорилготой байгаа юм. “Одоогийн байдлаар бидний гол зорилго бол ил тод байдлыг сайжруулах явдал юм. Үүний дараа бид гадаадаас хөрөнгө оруулалт татах, аль улстай хамтран ажиллах талаар ярилцаж болно” гэж тэр хэлэв.
Ийм зорилго тавьсан Монголын анхны Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биш, гол асуулт нь тэр зорилгоо хэрэгжүүлж чадах уу?
Төрөө цэвэрлэх
2022 оны арван хоёрдугаар сард нүүрсний салбараас УИХ-ын гишүүд олон тэрбум ам.доллар хулгайлсан явдалд дургүйцсэн иргэд Улаанбаатар хотын төв талбайд олноороо цугларч жагссан.
Иргэдийн уур хилэн нь авлигад гүн идэгдсэн байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах явдал маш их болсонд олон нийт түгшүүрлэж буйг харуулснаас гадна, өмнөх уул уурхайн төслүүдийн бүтэлгүйтсэн амлалтуудын гашуун үнэнийг сануулсан юм.
Жагсаалаас нэг сарын дараа Улаанбаатарт шинээр ирсэн АНУ-ын Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын хэтийн төлөвийг хатуухан хэлсэн юм. Буанган “Хууль тогтоомжийн ил тод бус, урьдчилан таамаглахын аргагүй, авлигад идэгдсэн байдал нь Монгол Улсыг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахааргүй болгон. Импортлогч болон экспортлогч компаниудад хүнд нөхцөл байдал үүсгээд байна” гэсэн билээ.
Л.Оюун-Эрдэнэ олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл авахаас зайлсхийж, мөн гадаад дотоодоос ирж буй шүүмжлэлийн хариуд Монгол Улсыг хөрөнгө оруулалт хийхэд таатай орон болгохыг мөрийн хөтөлбөрийнхөө гол цөм болгосон.Тэрбээр өөрийн баруун гарын хүн болох Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг авлигатай тэмцэх үйл ажиллагааг удирдахаар томилсон. Авлигатай тэмцэх ажиллагааны хүрээд Монгол Улс гадаад руу зугтсан 17 хүнийг буцаан авчран, интерполоор 92 хүнийг эрэн сурвалжилж байгаа юм.
Мөн сонгуулийн системийг өөрчилсөн. Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 76 байсныг 126 болгож, холимог гишүүнтэй пропорциональ тогтолцоог бий болгосон байна.
Энэ тогтолцоо нь Засгийн газрын УИХ-д тавих хяналтыг нэмэгдүүлж, иргэний төлөөллийг нэмэгдүүлэх зорилготой, Герман, Шинэ Зеландынхтай төстэй систем юм. Мөн түүнчлэн шүүгчдийг томилох, ажлаас нь чөлөөлөх хуулийг өөрчилж, олон нийтэд мэдээлэл өгөх, шүгэл үлээгчдийг хамгаалах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлага, улс төрийн намуудын санхүүжилтэд тавих хяналтыг өөрчлөх шинэ журам тогтоохоор ажиллаж буй.
Чухал ашигт малтмал
Түүний хийсэн шинэчлэлүүдийг дүгнэхэд эрт байгаа ч Оюун-Эрдэнийн хөрөнгө оруулагчдыг татах арга үйлчилж байгааг илэрхийлэх шинж тэмдэг ажиглагдаж байна. Олон зуун хөрөнгө оруулагчид, уурхайчид, дипломатууд, улстөрчид долоодугаар сарын 10-нд Улаанбаатар хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн Шангри-Ла зочид буудалд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаанд оролцсон. Тус ёслолд оролцож байгаа явдал нь Монголын баялгийг хөрөнгө оруулагчид сонирхож эхэлсний шинж гэж хүмүүс үзэж байгаа юм.
Тэрхүү арга хэмжээнд оролцсон нөлөө бүхий хүмүүсийн анхаарлын төвд байгаа зүйл бол цэвэр эрчим хүчний системд шилжихэд шаардагдах нөөц. Тэр дундаа цахилгаан тээврийн хэрэгсэл, салхи, нарны эрчим хүчийг цуглуулахад шаардлагатай дэд бүтцийн хомсдол юм. Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлснээр сүүлийн таван жилд ногоон энергид шилжихэд хэрэгтэй ашигт малтмалын зах зээлийн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 320 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Мөн лити, кобальт зэрэг ховор металлуудад тооцогддог чухал ашигт малтмалын эрэлт ирэх арван жилд 600 хувиар өсөх төлөвтэй байгаа юм. Тооцооллоор бол зэсийн эрэлт 2035 он гэхэд жилд 50 орчим сая тонн болж хоёр дахин өснө. Дэлхийн улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа тэглэх зорилго тавьсан. Үүнийг биелүүлнэ гэвэл ирэх таван жилд цөмийн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалт гурав дахин нэмэгдэж, ойролцоогоор 125 тэрбум ам.доллар болно гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн.
Австралийн сансар судлалын агентлагийн зөвлөлийн дарга, ашигт малтмалын шинжээч Меган Кларк Монгол Улс ашигт малтмалын нөөцийн хувьд маш сайн гэж хэлсэн юи. Кларк зэс, уран, газрын ховор элементийн их нөөц, баялагтай учир Монголд өндөр технологид шаардлагатай материал боловсруулахад шинэ салбарууд бий болох боломжтойг онцолжээ.
Мөн цөмийн эрчим хүчийг дэмжигчид тус улсын цөмийн эрчим хүчний салбарт урт хугацааны нийлүүлэгч болох боломжтой гэж үзэж байгаа аж. Монголын анхны ураны уурхайг хөгжүүлж буй “Orano” группийн төлөөлөгч Оливье Тумир "Энэ бол Монголын эдийн засгаа төрөлжүүлэх томоохон эх үүсвэр гэж би үзэж байна. Дэлхийн дулаарал цөмийн эрчим хүчний шинэ эхлэлийг тавьсан нь илт байгаа билээ" хэмээсэн юм.
Хэдийгээр Монголыг ногоон технологи хөгжихөд тохиромжтой ховор боломж гэж зах зээлд сурталчилдаг ч гэсэн геологийн хайгуулын хувьд дутмаг байгаа нь томоохон асуудал хэвээр байна. Уг асуудлыг шийдэхийн тулд Европын сэргээн босголт хөгжлийн банк Австралийн дэмжлэгтэйгээр Монголд геошинжлэх ухааны үндэсний мэдээллийн санг бий болгоход тусалсан.
Гэхдээ тус мэдээллийн санг шинэ геологийн хайгуулын мэдээллээр дүүргэх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдад учрах эрсдэлийг бууруулж, тэдний сонирхлыг татахын тулд орон нутгийн уурхайн удирдлагууд орчин үеийн аргаар хайгуул явуулах зорилгоор Оюун-Эрдэнийн засгийн газрыг 200 орчим сая доллар зарцуулахыг чимээгүйхэн лоббидож байна.
Их гүрнүүдийн хооронд хавчигдсан
Монгол Улс эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхээр Барууны орнууд руу тэмүүлж байгаа ч геополитикийн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийх ёстой. Зургаадугаар сарын 27-нд Л.Оюун-Эрдэнэ Бээжин дэх Ардын их хурлын танхимд орж ирэн Ши Жиньпинтэй гар барихдаа геополитикийн хувьд болгоомжтой алхам хийж буйгаа харуулсан юм. Түүний айлчлалын үр дүнд БНХАУ, Монголын хилээр бараа гаргах хүчин чадлыг гурав дахин нэмэх тохиролцоонд хүрж, Тяньжин дахь боомтыг хэрэглэх асуудлаар хэлэлцээ хийсэн.
Мөн тус хэлэлцээ болсон өдөр АНУ-ын Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргын орлогч Жозе Фернандес Монгол Улстай чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын нийлүүлэх сүлжээг бий болгох чиглэлээр хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Дипломатчид АНУ, БНХАУ хоёртой зэрэг гэрээ байгуулсан явдал нь Монголын удирдагчдын прагматик хандлагыг харууллаа гэж үзсэн юм. Мөн үүнтэй ижил стратегиар Монгол Украины асуудлаарх НҮБ-ын хуралд түдгэлзсэн санал өгсөн билээ.
Сөүлийн Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн олон улс судлалын профессор Лейф-Эрик Эйсли Москва, Бээжингийн нөлөөллийн эсрэг Монголын тавьж болох хамгийн сайн бооцоо бол гаднын хөрөнгө оруулалт татах явдал хэмээсэн юм. “Улаанбаатарын гол хүчин зүйл нь дотоодын өөрчлөлт үнэн явагдаж байна гэдгийг дипломат түншүүд болон олон улсын байгууллагуудад харуулдаг ардчилсан манлайлал юм” гэж тэр хэлжээ.
Улаанбаатарт өөрчлөлтийг яаралтай хийх хэрэгтэй гэсэн уур амьсгал үүссэн нь илт байгаа юм. Цар тахлын үеэр БНХАУ гурван жилийн турш хилийн хориг тавьсан нь аль хэдийн хэврэг байсан Монголын эдийн засгийг сүйрүүлсэн. Үүний дараа ОХУ Украин руу довтолсон нь эдийн засгаа хүчтэй сэргээх найдварыг үгүй хийж, инфляц өнгөрсөн онд дунджаар 15 хувьд хүрсэн.
Саяхан Дэлхийн банкнаас Монгол Улсыг төсвөө сахилга баттай хөтлөх нь чухал хэвээр байгааг сануулсан. Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт хэр тогтвортой байх мөн гаднын хүчин зүйлээс болж үүсэх асуудалд хэр тэсвэртэй байх нь засгийн газраас хийж буй өөрчлөлтөөс хамаарна. Гадаадын нэгэн дипломатч Монголын нөхцөл байдлыг "Тэдэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Барууны орноос хөрөнгө оруулалт татах нь илүү дээр" гэж дүгнэсэн юм.
Эх сурвалж: Financial Times
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бурхан минь газар шороогоо ухсаар байгаад хар шороогоор гь эргүүлээд хүн амьтан,мал хуй аль нь амьдрах боломжгүй болохвийдээ.МОНГОЛЫГ МОНГОЛЧУУД Л АВРАНА ТҮҮНЭЭЭС ӨӨР ГАДНЫ ХЭНБУГАЙ Ч ХАЙРЛАХГҮЙ ХӨРСӨӨР НЬ ЭРГҮҮЛЭНЭДЭЭ ТҮҮНИЙГ Л УХААРЧ ХАЙРЛА МОНГОЛЧУУД МИНЬ
Ха ха харин ч нэг яаж хошгируулахаа мэдэлгүй дээ. Удахгүй тар нь танигдаж булай гэж
Оюук гартаа юу барьчихсан байнаа ? Арай нөгөө 8-р Богдоос Дилова хутагтад өгсөн ЦОГТ ЭРДЭНЭ гэдэг биш биз ээ !
Харин ээ, хө, тэр эрдэнийг чинь сэтгүүлч Баатархуяг л сайн мэднэ дээ !