ЗГ-ын түвшинд анх удаа метрог хэлэлцэж, бид мөрөөдөлдөө 5 жилээр ойртов

Засгийн газар өчигдөр /2023.11.22/ хуралдаж, гаргасан зарим шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын түгжрэл хариуцсан Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өгсөн.
Тэрбээр, "Нийслэл хот олон төрөлт, нийтийн тээврийг хөгжүүлэх, иргэдийн ая тухтай байдлыг хангах, аюулгүй хурдан тээвэрлэх их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метроны асуудлыг өнгөрсөн 11-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар үүрэг өглөө. Тодруулбал, ТЭЗҮ боловсруулах, зураг төслийг ойрын хугацаанд яаралтай хийх үүрэг даалгаврыг өглөө.
ТЭЗҮ болон зураг төслийн мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн. Олон улсын тендер зарлаж, шалгаруулна. Үүний дараа барих, ашиглах ажлууд хэрэгжинэ. Одоогийн урьдчилсан төлөвлөгөөгөөр ирэх оны тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Харин 2028 онд ашиглалтад орох тооцоотой байна" гэсэн юм.
Үүнээс харбал, Монгол Улс анх удаа метротой болох нь гэж ойлгож болно. Учир нь урд урдны метротой болгох санал, санаачлагууд зөвхөн нийслэл дээр л яригдахаас өөрөөр дээшилж, ахидаггүй байв. Харин энэ удаа Засгийн газрын түвшинд яригдаж салхи эргэв. Тодруулбал, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар анх удаа хэлэлцэн дэмжиж, үүрэг өгснөөр асуудал одоо л итгэж болохуйц иш үндэстэй болж байна. Онцолбол, аль ч засгийн газраар энэхүү асуудлыг хэлэлцэж байгаагүй юм.

Эргэн сануулбал, анх 1976 онд Юмжаагийн Цэдэнбал ЗХУ-аас метротой болоох туслалцаа хүсч байсан гэдэг. Харин түүний дараа 2011 онд Г.Мөнхбаатар хотын даргаар ажиллаж байх үедээ метротой болох төсөл ярьж, ТЭЗҮ боловсруулах, гүйцэтгэгчээр БНСУ-ын компаниуд яригдаж байсан юм.
Харин дараа нь одоогоос 10 жилийн өмнө Хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэлд метро барих тухай анх санаачилж байв. Тодруулбал, 2013 онд Э.Бат-Үүл Хотын мээр байхдаа түгжрэлийг шийдэхийн тулд ЖАЙКА-гаар метротой болох судалгааны ажлыг хийлгэсэн байдаг. Тухайн үед нийт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэх тооцоо гарсан. Ингэхдээ Японы засгийн газраас 600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг метрод зориулж олгоно гэж мэдэгдэж байв. Улмаар бид 2020 он гэхэд метрогоо өлгийдөн авч, тууз хайчлах байлаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахаилгааны асуудал хамгийн эхэнд шийдэгдэх ёстой. Чойжилсүрэн юу ч хийгээгүй.