Залуучуудын өвлийн олимпын тамирчид "Ханбогд" кашмер болон "KELME" брендээр гангарна

БНСУ-ын Канвон хотноо Залуучуудын IV Өвлийн олимпын наадам хөшгөө нээхэд дөрөв хоног үлдлээ. Олимпын наадамд оролцож буй баг тамирчдын нээлтийн ёслолд өмсөх хувцасны загвар дизайн, өнгө утга агуулгыг спорт сонирхогч бүхэн сонирхон хүлээдэг. Энэ удаагийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг МҮОХ-ны Алтан түнш “Ханбогд” кашмер компани урласан бол хаалтын ёслол, өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан Испани улсын "KELME" брэндийн спортын хувцсыг “Грийн Амиго” ХХК ханган ажиллаж, баг тамирчдын хувцсыг гардуулжээ.
Өнөөдрийн байдлаар “Канвон-2024” Залуучуудын өвлийн олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох гүйлтийн цана болон уулын цанын тамирчид БНСУ-д бэлтгэлээ базааж байгаа бол биатлоны баг тамирчид ХБНГУ-д бэлтгэлээ ханган, өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр Канвон хотод очсон байна.
Иймд баг тамирчдын бэлтгэлийн хуваарийг тасалдуулалгүй, өндөр түвшний бэлтгэлийг алдагдуулалгүй Олимпын наадамд оролцуулах үүднээс Туг гардуулах ёслолыг Канвон хотноо хийхээр шийдвэрлэжээ.
Монголын багийн тугч уулын цанын тамирчин Мянгайбаатарын Манлайжав болон биатлонч Дэмүүлийн Нямсүрэн нар Монгол үндэсний дээлээр гангарах бол багийн бусад гишүүд үндэсний хэв маягийг шингээсэн кашмер бүтээгдэхүүнээр ижилсэнэ. Залуучуудын өвлийн олимпын наадам нь Ази тивд анх удаа зохиогдож байгаагаараа онцлогтой юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.